Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн 30 жилийн ойн хаалтын үдэшлэг
Нийтэлсэн: 2023-11-28
Монголчуудад Австралид урт болон богино хугацаанд тэтгэлгээр суралцах боломж нээгдсэний 30 жилийн ойг тохиолдуулан Австралийн Монгол дахь Элчин сайдын яам, Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газартай хамтран “30 жилийн ойн хаалтын үдэшлэг”-ийг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Новотел зочид буудалд зохион байгууллаа.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд 740 гаруй монголчуудыг эрх тэгш боломж бүхий, нэр хүндтэй, өөрчлөлтийг бий болгох Австралийн тэтгэлэгт хамруулжээ. Тус үдэшлэгт Монгол Улсын Засгийн газар, Австралийн Элчин сайдын яам, Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газар, Монгол-Австралийн Худалдааны танхим, Австралийн Сайн дурынхны олон улсын байгууллага, Австрали, Монголын Эрдэс Баялгийн Салбар дахь Хамтын Ажиллагааны хөтөлбөр, Монгол Австралийн Нийгэмлэг (Mozzies) болон бусад оролцогч талууд, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгчид болон Австралийг удахгүй зорих шинэхэн оюутнууд оролцлоо.
Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэйти Смит үдэшлэгийг нээж, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийг Монгол Улсад олгож эхэлсний 30 жилийн ойг тохиолдуулан хүрэлцэн ирсэн зочдод мэндчилгээ дэвшүүлэхдээ 2023 онд Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийг Монгол Улсад олгож эхэлсний 30 жилийн ой тохиож буйгаараа онцгой ач холбогдолтойг онцоллоо. Тэрээр Австрали, Монголын харилцаа нь хоёр орны ард түмэн, бизнес болон төрийн байгууллагуудын харилцан хүндэтгэлтэй, найрсаг харилцаатай байсны үр дүн болохыг дурдаж, Австралийн оролцогч талуудтай баяраа ийнхүү хамдтаа тэмдэглэх гэж буй явдалд талархал илэрхийлээд энэ харилцааг цаашид урт хугацаанд үргэлжлүүлэхийг хүсэн ерөөв.
Австралийн Гадаад хэргийн сайд асан, хүндэт профессор Гарет Эванс Австралид төгсөгчид болох Моззисчууд болон бусад зочдод видео бичлэгээр мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр 1993 онд эх орондоо буцах урт удаан нислэгийн явцад Монгол Улсын Гадаад хэргийн сайд асан Цэрэнпилийн Гомбосүрэнтэй харилцан санал солилцож, цаасан сальфеткан дээр зураглаж, хоёр талаас гарын үсэг зурсан санаа нь жилийн дараа биеллээ олж, албан ёсны харилцан ойлголцлын санамж бичигт тусгаснаар энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн түүх эхэлсэн талаарх дурсамжаас товч хуваалцав. Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийг Монгол Улсад олгож эхэлсний 30 жилийн ойн баярын мэнд хүргэхийн ялдамд үе үеийн төгсөгчдөд хандан Австрали, Монголын ард түмэн хоорондын харилцааг бэхжүүлэх үйлсэд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөв.
УИХ-ын гишүүн, Монгол-Австралийн нийгэмлэг (Mozzies)-ийн ерөнхийлөгч Д. Цогтбаатар Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн 30 жилийн ойг тохиолдуулан нийт төгсөгчдөд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж, Монгол Улсад 1993 онд тус хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 740 гаруй төгсөгч эх орныхоо хөгжил дэвшилд идэвхтэй хувь нэмрээ оруулж буй талаар бахархалтай мэдээг дуулгав. Тэрээр мөн Австралийн засгийн газар болон Австралийн байгууллагуудын тус улсын нийгэм-эдийн засгийн салбарт, үүнээс уул уурхайн салбарт үзүүлж буй хөгжлийн тусламжуудыг онцлон тэмдэглэж, Австралийн Засгийн газраас монголчуудад Австралид урт болон богино хугацааны тэтгэлгээр суралцах боломжийг олгож байгаад талархал илэрхийллээ.
Тус үдэшлэг нь урлаг, соёлын тоглолтоор өндөрлөж, үе үеийн төгсөгчдөд холбогдох талуудтай нетворкинг хийх боломжийг олголоо.