Австрали Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга
Нийтэлсэн: 2020-01-8
Шаравжамцын Цэнд-Аюуш нь Австрали Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн даргын албан тушаалд 2019 оны 8-р сарын 1-ний өдрөөс томилогдон ажиллаж байна.
Ш. Цэнд-Аюуш нь Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийг 1999 онд Компьютерийн Шинжлэх ухааны чиглэлээр бакалаврын зэрэгтэй дүүргэсэн. Гадаад харилцааны яаманд 5 жил ажилласныхаа дараа Австрали Улсад Мэдээллийн системийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр шийдэж Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан. Тэрээр 2011 онд мэдээллийн системийн чиглэлээр Мельбурны Их Сургуульд магистрийн зэрэг хамгаалжээ.
Ш. Цэнд-Аюуш одоо олон улсын харилцааны чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд мэдээллийн системийн менежментийн мэдлэг, чадвараа олон улсын харилцаа, олон улсын аюулгүй байдлын салбартай холбох асуудлыг судлаж байна. Ш. Цэнд-Аюуш нь өөрийн эрдмийн ажлын удирдагч байсан бизнесийн мэдээллийн системийн мэдлэгийн менежмент болон судалгааны арга зүйн багш Мельбурны Их Сургуулийн профессор Валли Смиттэй байнгын харилцаа холбоотой ажилладаг. Ш. Цэнд-Аюуш өөрийн хийсэн судалгаа, шинжилгээний үр дүнд үндэслэн “Цахим-дипломат” төслийг хөгжүүлэхээр төлөвлөж байна.
Гадаад харилцааны яаманд мэдээлэл технологийн мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа Англи хэл болон удирдахуйн чадварууд миний ажилд чухал ач холбогдолтой болохыг ойлгосон. Тийм ч учраас албан ёсны хэл нь Англи мөн гэр бүлээрээ хамт амьдрах, суралцах таатай нөхцөлийг санал болгодог Австрали орныг сонгосон.
Тэрээр Мельбурны Их Сургуулийг төгссөний дараа Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт ахлах мэргэжилтнээр эргэн орж улмаар 2012 онд Польш Улсын Варшав хот дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн даргаар томилогдсон. Тэрээр хоёр орны дипломат харилцааг хөгжүүлэх үндсэн үүргээс гадна Польш Улсад оршин суугаа Монгол иргэдийн нийгмийн хамгааллын асуудал болон хоёр улс хоорондын гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахад түлхүү анхааран ажилласан.
Гадаадын улс оронд ажиллаж, суралцаж буй Монгол Улсын иргэдийг анхаарч хандах, шаардлагатай туслалцаа дэмжлэг үзүүлэх нь маш чухал. 2000 оны үед эдгээр иргэдэд туслахад хүндрэлтэй байсан бол одоо энэ асуудлыг зохицуулах бодлого, дүрэм журам сайжирсан. Намайг Варшав хотод ажиллаж байх үед тэнд ажилладаг Монгол эмч нар нийгмийн даатгалын шимтгэлээ Польш Улсын Засгийн газарт төлдөг байсан. Харамсалтай нь тэд Монголд буцаж ирсний дараа хөдөлмөр эрхлэлтийн ямар нэгэн бүртгэл мэдээлэл байхгүй байдгаас тэтгэврийн сангаас тэтгэвэр, тэтгэмж авах боломжгүй болдог байв. Бид энэ асуудлыг судалж үзээд Монгол Улсын Засгийн газарт хүргүүлэхэд бидний судалгаа, баримт бичигт үндэслэн эдгээр иргэдэд тэтгэврийн сангаас тэтгэвэр олгох шийдвэрийг гаргуулсан.
Мөн Ш. Цэнд-Аюуш Польш Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөс татгалзах хүсэлтэй оюутнуудын талаар судалж, тэтгэлгээс татгалзах болсон шалтгааныг олж тогтоосноор асуудлыг шийдэж, тэдэнд үргэлжлэн суралцах боломжийг олгосон. Польш Улсын Засгийн газрын тэтгэлэг нь оюутнуудыг сургалтын тэтгэлгээс бүрэн чөлөөлж, Монгол Улсын Засгийн газар сар бүр амьжиргааны тэтгэмж олгодог. Харин Монгол Улсын Засгийн газрын олгож буй тэтгэмж нь оюутнуудын амьдрах зардалд хүрэлцэхгүй байсан. Ш. Цэнд-Аюуш оюутны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх саналаа холбогдох байгууллагуудад хүргүүлсэн нь нааштай шийдэгдэж, тэтгэмжийн хэмжээ хоёр дахин нэмэгдсэнээр оюутнууд Польш Улсад үргэлжлүүлэн суралцах боломжтой болсон байна.
Ш. Цэнд-Аюушийн Австрали Улсад суралцах хугацаанд олж авсан мэдлэг, чадвар нь ажил үүргээ бодит мэдээлэл, судалгаан дээр үндэслэн хийхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэрээр онцлон тэмдэглэсэн.
Ш. Цэнд-Аюуш Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, Австрали Улсад амьдарснаар түүний өөртөө итгэх итгэл нэмэгдэж, илүү өргөн хүрээтэй сэтгэдэг болсон. Тиймээс ажил дээрх асуудлыг олон талаас нь харж, ул суурьтай хандах болсноор хүмүүсийн хоорондоо ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, энэ ялгаатай байдал нь ганц ажлын байр бус нийгэмд хэрхэн нөлөөлдөгийг таньж мэдсэн. Мөн Мельбурны их сургуулиас олж авсан мэдлэг, чадвар нь түүнийг илүү оновчтой бодлогын зөвлөмж боловсруулах боломжийг олгосон.
Тэрээр Канберра хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн даргын хувьд Австрали улсад сурч, амьдарч буй монгол иргэдийг дэмжих хэд хэдэн ажлыг төлөвлөөд байна. Үүнд бичиг баримт баталгаажуулах үйлчилгээг Австрали Улсын бүх мужуудад хөнгөвчлөх, илүү хүртээмжтэй болгох, Австраличуудад Монгол Улсыг аялал жуулчлалын талаас таниулах, Австралийн олон улсын харилцааны мэргэжилтнүүдтэй хувийн болон мэргэжлийн харилцаа холбоо тогтоох зэрэг орно. Ш. Цэнд-Аюуш монгол иргэдэд урт хугацааны мэргэжлийн чиг баримжаагаа тогтооход нь дэмжих, Австрали Улсад байх хугацаагаа үр дүнтэй болгоход нь зөвлөгөө туслалцаа үзүүлэн ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.