Монголд инженерчлэлийн төслүүдийг хөгжүүлэхийн тулд олон улсад үнэлэгдэх ур чадвар эзэмших нь
Нийтэлсэн: 2026-02-24
2025 оны сүүлээр Цолмон Пүрэвдорж нь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Викториа мужийн Мельбурн Их Сургуульд үйлдвэрлэлийн инженерчлэлийн магистрын зэрэг хамгаалсан юм.
Түүнийг Австралид байх хугацаанд бичигдсэн дараах ярилцлагад Цолмон Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн талаар өөрийн туршлагаа хуваалцсан байна.
Тэрээр “Монгол улс хурдацтай хөгжлийн гараан дээр ирээд байна” хэмээсэн бөгөөд түүний ойлголтоор энэ нь улс орны хувьд ирээдүйд хэрэгжих томоохон төслүүд дээр ажиллах чадвартай, олон улсад мэргэшсэн боловсон хүчин шаардлагатай гэсэн үг болохыг онцлов. “Австралийн тэтгэлэгт хөтөлбөр надад олон улсын хэмжээнд үнэлэгдэх төслүүд дээр ажиллах чадвартай инженер, мэргэжилтэн болох боломжийг олгосон” хэмээн тэрээр бахархалтайгаар өгүүлэв.
Гэхдээ Монголын залуу мэргэжилтнүүдийн хувьд мэргэжлийн ур чадварын өндөр гүйцэтгэл нэн шаардлагатайгаас гадна зөөлөн ур чадварууд ч эрэлттэй байх болно гэж Цолмон үздэг. “Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөр сурахдаа тэрээр зөөлөн ур чадваруудаа хөгжүүлэх тал дээр нэлээн анхаарсан тухайгаа хэллээ. Харилцаа холбоо тогтоох арга хэмжээнүүд болон манлайллын хөтөлбөрүүд нь “түүний харилцааны болон манлайллын ур чадварыг хөгжүүлэхэд” туслахаас гадна “салбарын мэргэжилтнүүдтэй уулзаж, харилцаа холбоо тогтоох” боломж олгосныг дурдав.
“Австралид суралцах нь зөвхөн академик боловсрол эзэмших тухай биш гэж би бодож байна. Энэ бол миний хувьд амьдралын хичээл юм”.

Зураг дээр Цолмон (голд) Мельбурн хотод Монголоос ирсэн Австралийн тэтгэлэг хүртсэн Даваажаргал Лхагвадорж (зүүн талд), Оюунзул Оюунбаатар нартай хамт байна.
Цолмон Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөс санал болгодог мэргэжлийн хөгжлийн хөтөлбөрүүдэд хамрагдах боломжуудыг мөн онцлов. Жишээлбэл, 2025 оны 11-р сард тэрээр Мельбурн хотод болсон Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөс Өмнөд Ази ба Монголын бүс нутгийн оюутнуудад зориулан зохион байгуулсан Оюутнуудын Симпозиумд оролцож, Австралид сурсан мэдлэг, туршлагаа дүгнэн түүнийгээ ашиглан нийгэмд хэрхэн эерэг нөлөө үзүүлж болох талаар бусад орны оюутнуудтай санал бодлоо солилцсон байна.
Тэрээр Австралид анх ирэхдээ өөр хэл, өөр соёлтой шинэ орчинд бүхнийг цоо шинээр сурч эхлэх шаардлагатай болсон гэдгийг ойлгоод хурдан хугацаанд суралцаж эхэлсэн тухайгаа дурслаа. Тэрээр хэлэхдээ “Суралцах үйл явц надад сорилт байсан ч би хором мөч бүртээ сэтгэл хангалуун байсан. Учир нь би энэ хугацаанд өөртөө үнэлэлт дүгнэлт хийж, өөрийгөө нээж хөгжүүлэх боломжийг олж харсан” гэв. Заримдаа хичээлийн ачааллыг бусад орчны сорилтуудтайгаа уялдуулж зохицуулах нь хэцүү байсан ч төлөвлөлт, цагийн зөв зохион байгуулалтыг ашигласнаар амжилттай давсан гэж тэр нэмж хэлэв.
Цолмонд дасан зохицох шаардлагатай байсан зүйл нь зөвхөн нийгэм соёлын ялгаа биш байсан бөгөөд боловсролын орчны хувьд ч түүний хувьд тэс өөр байсан. “Австралийн сургалтын арга барил өвөрмөц гэж би боддог” гэж тэр хэллээ. Түүний онцолсон нэг зүйл бол нээлттэй хэлэлцүүлгийг чухалчилдаг явдал. “Хичээл дээр оюутнууд багш нартайгаа маш чөлөөтэй ярилцдаг, мөн бид нэг сэдвийн талаар олон янзын өнцгөөс ярилцдаг” гэж тэр хэлэв. “Энэ нь бусад оюутнуудад ч өөр өөр өнцгөөс суралцах боломж олгож, шүүмжлэлт сэтгэлгээний чадвараа хөгжүүлэхэд нь тусалдаг.

Зураг дээр Цолмон Мельбурн хотод болсон 2025 оны Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт Өмнөд Ази болон Монголоос шалгарсан оюутнуудын симпозиумд оролцож байна.
Нэмж хэлэхэд, Цолмон өөрийн сургалтын хөтөлбөрт багтсан багаар хэрэгжүүлэх төслүүдийг өндрөөр үнэлдэг. Эдгээр нь “өөр өөр суурьтай, өөр өөр хүмүүс”-ийг хамтран ажиллахыг шаарддаг ба энэ нь заримдаа хэцүү байдаг ч бидэнд “санаануудаа нэгтгэх, хамтдаа судалгаа хийх” арга барилыг эзэмшихэд маш их тусалсан гэж онцоллоо. Ингэснээр хамгийн оновчтой шийдлүүдийг гарган авах боломж бүрддэг байна.
Суралцах нь мэдээж Цолмонгийн оюутны амьдралын гол зорилго бөгөөд түүний хамгийн өндөр ач холбогдол өгдөг зүйл байсан ч Австралийн талаар судлах нь бусад олон боломжуудыг нээж өгсөн. “Би шинэ газруудаар аялах, шинэ хүмүүстэй танилцах, шинэ хоол турших дуртай байсан” гэж тэр хэлэв. “Мельбурнд хамгийн сайхан зүйлсийн нэг нь ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн ихтэй байсан явдал.” Эдгээр газруудад тэрээр гэр бүлийнхэнтэйгээ цагийг зугаатай өнгөрөөдөг байсан бөгөөд энэ нь түүний охинд маш их таалагддаг байжээ.
“Өөр нэг зүйл гэвэл, Мельбурн нь маш өргөн цар хүрээтэй хоолны соёлтой гэдгээрээ алдартай. Тиймээс амралтын өдрүүдээр гэр бүлтэйгээ хамт гадуур гарч, янз бүрийн хоол, амттан туршиж үзэхийг хичээдэг байсан” гэж Цолмон нэмж хэлэв.
Австралид байх хугацаандаа Цолмон Австралийн уугуул иргэдийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлэх боломжуудтай ч таарч байсан. Тийм боломжуудын нэг нь 2024 онд тохиосон бөгөөд тэр үед Монгол болон Өмнөд Азийн бусад тэтгэлэгт оюутнуудын хамт Морнигтон хойг дахь Хэйстингст байрлах Willum Warrain абориген ургамлын үрслэгээний газарт зочилжээ. Тэднийг утаа ариусгах зан үйл болон “Welcome to Country” ёслолоор хүндэтгэлтэйгээр угтан авсан байна. Зочлох үеэр тэд уламжлалт хоол хүнс, соёл, мөн нутгийн ургамлын талаарх уугуул иргэдийн мэдлэгээс суралцсан юм.

Зураг дээр Цолмонгийн нүүрийг Куандамука хүн – Виллум Варрейн, уугуул иргэдийн бут үржүүлгийн газрын эзэмшигч – “Виллум Варрейн” уугуул иргэдийн холбооны үүсгэн байгуулагч, гишүүн бөгөөд гүйцэтгэх захирал Питер Алденховен шавраар будаж байна.
Гэхдээ Цолмонгийн хувьд Австралийн хамгийн гайхамшигтай нь олон орны өөр өөр хүмүүсийг таньж мэдэх явдал” гэж тэр хэлэв. Эх орондоо тэр инженерчлэл болон үйлдвэрлэлийн салбарт арван жилээс дээш хугацаанд ажилласан туршлагатай. Харин Австралид ирснийхээ дараа AFL-ийн аваргын тоглолт, Australian Open зэрэг томоохон спортын арга хэмжээнүүдэд ажиллах боломжийг ашиглажээ. Өөр салбарт ажилласнаар тэр өөр өөр үндэс гаралтай шинэ хүмүүстэй уулзаж, харилцаа холбоо тогтоох боломж олдсон байна. “Эдгээр хүмүүсээс суралцана гэдэг надад маш үнэ цэнтэй хичээл байсан” гэж тэр онцоллоо. Тэд хэрхэн өөрөөр сэтгэдэг, юуг илүү эрхэмлэдэг талаар тэднээс суралцах боломж олдсон нь үнэхээр сайхан байсан. Инженерийн хувьд бид төсөл хэрэгжүүлэх, шийдэл гаргахдаа олон өнцгөөс харах нь маш чухал.

Зураг дээр Цолмон (ар талаас зүүнээс хоёр дахь нь) болон бусад монгол оюутнууд Австралийн Холбооны Улсын Парламентын хүндэт гишүүн, Тим Ваттс (голд нь цэнхэр хослолтой)-тай хамт Мельбурн хотод болсон Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн ёслолын арга хэмжээний үеэр.
2025 оны 12-р сард Цолмон Мельбурнд болсон Аж үйлдвэрийн инженерчлэл ба инженерийн менежментийн олон улсын хуралд оролцжээ. Энэхүү арга хэмжээ нь судлаачид болон салбарын мэргэжилтнүүдийг холбож, системийн найдвартай ажиллагаа, аюулгүй байдал, оновчтой шийдвэр гаргалтын талаарх сэдвүүдээр тэргүүлэх илтгэлүүдийг танилцуулсан юм. Цолмон уг хурлыг судалгаагаа танилцуулах, мэргэжлийн дэмжлэг авах, шинэлэг хандлагуудыг суралцахад үнэтэй боломж болсон гэж үзсэн. Энэхүү үйл ажиллагаанаас тэрээр урам зориг авч, карьерын хөгжилд нь чухал нөлөө үзүүлэх олон инженерүүдтэй танилцаж, ач холбогдолтой харилцаа холбоо тогтоож чадсан байна.
Цолмон ур чадвараа дээшлүүлэх буюу карьерынхаа дараагийн шатанд гарахыг хүсэж буй хүмүүст хандан дараах зөвлөгөөг өгөв.
“Хэрэв та өөртөө үнэнч байж, тууштай зүтгэж, зогсолтгүй урагшилж байвал таныг хязгааргүй олон боломж хүлээж байдаг” хэмээн тэр хэлж, Австралийн тэтгэлгийг ийм боломжуудын “хамгийн том жишээ” хэмээн онцлов. “Австралийн тэтгэлэгт хөтөлбөр надад дэлхийн хамгийн өндөр түвшний боловсролын нэгийг олгосноос гадна суралцах хугацаанд бүрэн хэмжээний санхүүгийн болон академик дэмжлэг үзүүлсэн.”

Зураг дээр Цолмон Мельбурн хотод болсон 2025 оны Аж үйлдвэрийн инженерчлэл ба инженерчлэлийн менежментийн олон улсын бага хуралд оролцож байна.
Тэр Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийг карьерынхаа дунд үед яваа мэргэжилтнүүдийн хувьд өөрийнхөө замналыг дараагийн түвшинд гаргах сайхан боломж гэж хардаг. Юуны өмнө, Цолмон тэвчээртэй байхыг зөвлөдөг. “Нэг удаагийн бүтэлгүйтлээс болоод дахин өргөдөл гаргахаас бүү шантраарай. Өнгөрсөн туршлагаасаа суралцаад, энэ бүхнийг өөрийгөө хөгжүүлэх нэг боломж гэж хараарай” гэж тэр захив.
Хэр их хугацаа зарцуулна төдий чинээ үнэтэй тэнцэнэтэй шагнал ирнэ гэдэгт тэр итгэдэг. Австралийн тэтгэлэгт хөтөлбөр таныг манлайлагч, өөрчлөлт авчирдаг хүн болоход тусална.