Нотолгоонд суурилсан шийдвэр, манлайлал, хүртээмжийг хослуулан Монголын эрүүл мэндийн салбарт өөрчлөлт авчирч буй төгсөгч
Нийтэлсэн: 2026-10-28
Энэ жил Ази, Номхон далайн бүс нутгийн оюутнуудад зориулсан Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн 75 жилийн ой тохиож байна. Анхны тэтгэлэг хүртэгчид 1951 онд Коломбогийн төлөвлөгөөний хүрээнд Австралийг зорьж байсан түүхтэй. Энэхүү чухал ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Өмнөд Ази ба Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөс төгсөгчдийнхөө эх орныхоо хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг онцлон алдаршуулах зорилгоор “Төгсөгчдийн нөлөөллийн түүх өгүүлэх уралдаан”-ыг зохион байгууллаа.
Тус уралдаан нь төгсөгчдөд өөрсдийн бий болгосон өөрчлөлт, үр нөлөөг танилцуулж, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн туршлага нь хувь хүн болон мэргэжлийн хөгжлийнх нь замналыг хэрхэн төлөвшүүлснийг эргэцүүлэн өгүүлэх боломжийг олгосон юм.
Монгол төгсөгч доктор Дагвадоржийн Энхтуяа бичгээр өгүүлэх төрөлд “Онцлох бүтээл” ангилалд шалгарсан юм. Шүүгчид түүний Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн туршлага болон Монголын эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийн хоорондын уялдаа холбоог өндрөөр үнэлжээ. Үүнд эрүүл мэндийн ажилтнуудын мэргэжлийн хөгжлийн тогтолцоог бэхжүүлэх, нотолгоонд суурилсан эмнэлзүйн шийдвэр гаргалтыг хөгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боломж, тэдний оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн ажлууд багтсан байна.
Доктор Д.Энхтуяа 2011 онд Куинсландын их сургуульд Олон улсын нийтийн эрүүл мэндийн магистрын зэрэг хамгаалсан. Түүний түүх нь Австралид эзэмшсэн мэдлэг, манлайллын ур чадвар нь хэрхэн Монгол улсад урт хугацааны хөгжлийн үр нөлөөг бий болгосныг тодорхой харуулж байна.
Монголын баруун бүсийн нэгэн сумын эмнэлэгт ажиллаж байх үед нэгэн залуу эмч надад ийн хэлж билээ.
“Өмнө нь бид голдуу туршлагадаа тулгуурлан шийдвэр гаргадаг байсан. Харин одоо нотолгоонд суурилж шийдвэр гаргадаг болсон нь өвчтөндөө үзүүлэх тусламж, үйлчилгээг эрс өөрчилсөн.”
Энэ үгс миний Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцсан бодит үр нөлөөг хамгийн товч бөгөөд тодорхой илэрхийлсэн мөч байсан юм.
Би Куинсландын их сургуульд Олон улсын нийтийн эрүүл мэндийн магистрын сургалтаа эхлүүлэхдээ Монголын эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах чин хүсэлтэй байсан. Гэвч тогтолцооны түвшинд өөрчлөлт хэрхэн хийх талаар тодорхой ойлголт хараахан бүрдээгүй байв.
Австралид суралцсан хугацаа минь миний мэдлэгийг төдийгүй сэтгэлгээний цар хүрээг үндсээр нь өөрчилсөн. Үр дүнтэй шийдвэр нь заавал нотолгоонд тулгуурлах ёстой, манлайлал гэдэг нь бусдыг чадавхжуулах үйл явц бөгөөд тогтвортой тогтолцоо нь бүтэцтэй үйл явц, тасралтгүй суралцах соёл дээр тогтдог гэдгийг би ойлгосон. Мөн харилцаа холбоо нь зан төлөвт нөлөөлж, өөрчлөлтийг хөтлөн чиглүүлэх хүчирхэг хэрэгсэл болохыг ухаарсан юм. Эдгээр нь миний мэргэжлийн замналын суурь болсон билээ.

Доктор Д.Энхтуяа 2011 онд болсон Австралийн Брисбен хот дахь Квинсландын их сургуулийн төгсөлтийн ёслолын үеэр.
Монголд эргэн ирснийхээ дараа би олон улсын стандартыг хангасан бөгөөд магадлан итгэмжлэгдсэн анхны эмнэлгийг байгуулах зорилготой шинэлэг санаачилгад нэгдсэн. Анхны үе шатнаас эхлэн байгууллагын хэмжээнд ажилтнуудын сургалт, хөгжлийг удирдан зохион байгууллаа.
Удалгүй ганц удаагийн сургалт нь тогтвортой өөрчлөлт авчрахад хангалтгүй болохыг ойлгосон. Австралид суралцсан туршлагадаа тулгуурлан би тогтвортой мэргэжлийн хөгжлийн тогтолцоог нэвтрүүлж, эрүүл мэндийн ажилтнууд ур чадвараа байнга ахиулж, шинээр эзэмшсэн мэдлэгээ ажлын байран дээр хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн. Энэхүү арга барил нь байгууллагын хэмжээнд суралцах соёлыг төлөвшүүлж, цаашдын өргөн хүрээний үр нөлөөний үндэс суурийг тавьсан юм.

Монгол Улс, Улаанбаатар хотод Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн хүрээнд доктор Д.Энхтуяа (зүүн талд, зогсож буй) дүүргийн эмнэлгийн ажилтнуудад зөвлөгөө өгч байна.
2019-2025 оны хооронд би Азийн Хөгжлийн Банк болон Монгол улсын Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэй хэрэгжсэн төслүүдэд олон улсын экспертүүдтэй хамтран үндэсний зөвлөхөөр ажилласан. Эдгээр төсөл нь Увс, Ховд аймаг болон Улаанбаатар хотын томоохон дүүргүүдийг хамруулан эмнэлгийн удирдлага, чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байв.
Энэхүү ажлын хүрээнд би олон улсын шилдэг мэдлэг, туршлагыг Монголын нөхцөл байдалд нийцсэн бодит хэрэгсэл, аргачлал болгон нутагшуулсан. Миний хувь нэмэр дараах чиглэлүүдэд төвлөрч байлаа. Үүнд:
- Эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан тогтвортой сургалт, хөгжлийн тогтолцоог бий болгох;
- Салбарын хэмжээнд стандартчилагдсан ажлын байрны тодорхойлолт боловсруулах;
- Хот, хөдөөгийн эмнэлгүүдийн манлайлал, удирдлагын чадавхыг бэхжүүлэх.
Миний хамгийн чухал ололтуудын нэг нь Wolters Kluwer-ийн UpToDate платформыг байгууллагын үндэсний хэмжээний эрхээр нэвтрүүлэх ажлыг удирдсан явдал байлаа. Ингэснээр Монголын эрүүл мэндийн салбар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эмнэлзүйн шийдвэрийг дэмжих системийг өргөн хүрээнд ашигласан анхны тохиолдол болсон юм.
Үүний үр дүнд эмч, мэргэжилтнүүд нотолгоонд суурилсан, хамгийн сүүлийн үеийн анагаах ухааны мэдээлэлд шууд хандах боломжтой болж, эмнэлзүйн шийдвэрээ илүү үндэслэлтэй гаргах болсон. Энэ нь өвчтөнд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанарыг бодитоор сайжруулахад хувь нэмэр оруулсан юм.

Монгол Улс, Улаанбаатар хотод болсон “Шилдэг ажлын байр” шалгаруулах ёслолын үеэр доктор Д.Энхтуяа (баруун талаас хоёр дахь) болон түүний хамт олон “Дадлагажих хөтөлбөрийн шилдэг ажил олгогч” шагналыг хүлээн авч байна.
Байгууллагын түвшний үр нөлөөнөөс гадна Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгчийн хувьд хуримтлуулсан туршлага маань хүртээмжтэй хөгжлийн талаарх миний үнэт зүйл, итгэл үнэмшлийг мөн төлөвшүүлсэн. Австралид төгсөгч эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээний хүрээнд би хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих санаачилга хэрэгжүүлсэн. Энэхүү санаачилга нь жил бүрийн урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулах, чадавх бэхжүүлэх сургалт, хөгжлийн боломж олгох, хөдөлмөр эрхлэх боломжийг дэмжих зэрэг үйл ажиллагааг багтаасан.
Үүний үр дүнд гурван оролцогч тогтвортой ажлын байртай болж, эдийн засгийн хараат бус байдал төдийгүй өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж чадсан юм. Би өнөөдөр ч орон нутгийн төрийн бус байгууллагуудтай хамтран эдгээр залуустай үргэлжлүүлэн ажиллаж, санаачилгын үр нөлөөг урт хугацаанд хадгалан бэхжүүлэхэд анхааран ажиллаж байна. Энэ туршлага надад хөгжлийн үйл явц нь заавал хүртээмжтэй байх ёстой, харин жинхэнэ манлайлал гэдэг нь ихэвчлэн орхигдож үлддэг хүмүүсийн өмнө шинэ боломжийн үүд хаалгыг нээж өгөх явдал гэдгийг улам бататган ойлгуулсан билээ.