Олон сорилтуудтай тулгарсан ч тогтвортой хөгжилд амжилттай манлайлсаар байна
Нийтэлсэн: 2026-03-12
Уламбаярын Түвшинжаргал нь нөөцөд суурилсан эдийн засаг, тэр дундаа хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих санхүүгийн чадамж болон эдийн засгийн бодлогын талаарх ойлголтоо нэмэгдүүлэх, мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргасан юм. Тэрээр Австралийн нэр хүндтэй дээд боловсролын байгууллагын нэг болох Аделаидын их сургуульд Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр суралцан, амжилттай төгссөн билээ. Суралцах хугацаандаа жирэмслэлт зэрэг амьдралд тохиох томоохон өөрчлөлт, сорилтуудтай нүүр тулгарсан ч тэрээр зорилгоосоо ухралгүй, тууштай хичээн зүтгэсээр сургуульдаа амжилттай шамдан суралцсан юм.
Түвшинжаргал эдийн засгийн бодлогын нөлөө нь бодит амьдрал дээр хэрхэн бууж байгааг харахыг хүссэнээс гадна онол гэхээсээ илүүтэйгээр бодит хэрэгжилтийн талаарх ойлголтоо нэмэгдүүлэхээр Аделаидын их сургуульд эдийн засаг ба нөөцийн бодлогын магистрын зэрэг хамгаалахаар Австралид ирсэн билээ. Практик дээр суурилан заах арга барил дээр тулгуурлан хөдөө аж ахуйн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй бизнесийн байгууллагуудтай шууд холбоо тогтоох, туршлага судлах боломжоор хангаж өгч байсан нь тухайн хөтөлбөрийн хамгийн гайхалтай давуу тал байлаа. Бодлого, эдийн засаг болон бизнесийн шийдвэрүүд хэрхэн хоорондоо уялдаж бодит байдал дээр хэрэгжиж байгааг харах нь түүний хувьд үнэхээр нүд нээсэн туршлага байлаа.
Хөтөлбөр эхнээсээ л Түвшинжаргалыг бодит байдал дээрх асуудлуудын талаар олон талаас нь харж, шүүмжлэлт сэтгэлгээгээр хандахыг шаардсан байна. Сургалтын хөтөлбөрүүд нь практикт суурилсан, бодлогыг чухалчилсан байсан бөгөөд засгийн газар, санхүүгийн байгууллагууд болон тухайн салбарын зах зээл нь хөдөө аж ахуйн нөөцийг хэрхэн удирдаж буй талаар нарийвчлан судлахад түүнд дэмжлэг үзүүлсэн байна. Сургалтын танхимд явагддаг байсан олон олон хэлэлцүүлгүүд улс орнуудын нөхцөл байдал тэр дундаа хөдөө аж ахуйн бодлогын давуу болон сул талууд, тулгамдаж буй сорилтуудыг өргөн хүрээнд авч хэлэлцдэг байсан нь эх орынхоо жишээн дээр буулгахад хялбар байлаа. Мөн Монголын хувьд хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллүүд, бодлогын хязгаарлагдмал байдлыг багасгаж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар дүн шинжилгээ хийсэн байна.

Түвшинжаргал Монгол дахь өөрийн ажлын өрөөнд
Академик түвшинд суралцах болон жирэмслэлт хоёрыг тэнцвэртэйгээр авч явна гэдэг хүндхэн даваа ч гэсэн сурагчдынхаа зөвхөн академик чадварт бус тэдний эрүүл мэнд, сэтгэлзүйн болон бусад асуудлууд дээр ч гэсэн анхааран ажилладаг Аделаидын их сургуулийн дэмжлэгтэйгээр тэрээр амжилттай суралцаж чадсан юм. Сургуулийн эмч эмнэлгийн ажилчид болон сэтгэлзүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ байснаар Түвшинжаргал өөрийн эрүүл мэнд болон сургалтын чанарт санаа зоволгүйгээр амжилттай суралцсан байна. Хувь хүний эрүүл мэндийн тогтвортой байдал нь сайн суралцах гэсэн ойлголттой адилхан чухал зүйл юм.
Түвшинжаргал хэлэхдээ, сургууль дээр байгаа тэдгээр үйлчилгээнүүдийн хүртээмж нь үнэхээр гайлахтай байсан бөгөөд олон улсын оюутан ч гэсэн надад үйлчилгээ авахад ямар ч саад бэрхшээл байгаагүй хэмээв. Эрүүл мэндийн хувьд хүндхэн сорилтуудтай нүүр тулсан ч сайн суралцах гэсэн үндсэн зорилгодоо төвлөрч, амжилттай сургуулиа төгсөхөд надад тэдгээр хүртээмжтэй үйлчилгээнүүд тусалсан бөгөөд надад халамжтай, дэмжлэгтэй, хүндлэлтэй бас хүртээмжтэй жинхэнэ үйлчилгээ авсан мэдрэмж төрж байлаа.
Үүнээс гадна, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Түвшинжаргал нь үнэхээр сайн дэмжлэгийг авсан байна. Энэхүү дэмжлэгийн тусламжтайгаар тэрээр эрүүл мэндийн үйлчилгээ болон академик зөвлөгөөнүүдийг цаг алдалгүй авч байсан бөгөөд тэдгээр нь маш хүртээмжтэй байсныг онцолсон юм.

Түвшинжаргал (зүүнээс хоёр дахь) Канберра хотод болсон 2024 оны оюутнуудын чуулган дээр бусад Монгол оюутнуудын хамт зургаа авахуулсан байна.
Аделаидын их сургуулийн оюутан хариуцсан мэргэжилтнүүд түүнд хэрэгтэй үед нь үргэлж дэмжлэг үзүүлж, зөвлөгөө өгч байсан байна. Тухайн үед түүний эрүүл мэндийн байдал болон хөтөлбөрийн шаардлагуудыг сайн мэддэг хүн байна гэдэг нь түүнд маш их сэтгэлийн дэм, итгэл найдвар өгч байлаа. Түүнд сурлага, эрүүл мэнд, эсвэл хувийн ямар нэгэн шалтгааны улмаас санаа зовних ба ямар нэгэн асуудал тулгарахад мэргэжлийн зөвлөхүүд түүний нөхцөл байдлыг ойлгож, чин сэтгэлээсээ хандаж, түүнийг хэрэгцээт мэдээ мэдээллээр хангаж байсан байна. Эдгээр дэмжлэгүүд нь түүний сурах их үйлсдээ хариуцлагатай бөгөөд мэргэжлийн үүднээс хандах, сайн оюутан байхын хажуугаар бас сайн ээж байх нөхцөл боломжоор хангаж байжээ.
Мөн эдгээр дэмжлэгүүдээс гадна, Түвшинжаргал сургуулийнхаа соёлд үнэхээр талархууштай байдаг. Тэнд оюутнуудын харилцаа холбоо тогтоох, сайжруулах болон нийгмийн идэвхтэй байх бүх л боломжоор хангаж өгсөн байдаг. Тэрээр оюутны нийгэмлэгт элсэж, спортоор хичээллэж, бусадтай эрх тэгш хөгжих боломжоор хангагдаж байсан нь тааламжтай санагдаж байсан. Олон улсын оюутнуудын хамгийн идэвхтэй оролцдог CommuniTea хэмээх долоо хоног тутмын үйл ажиллагаа нь түүний хамгийн дуртай нь байсан бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь олон улсын оюутнуудын хувьд танилцах, туршлагаа хуваалцах, тайвшрах болон цай уунгаа бусадтайгаа сонин сайхнаа хууч хөөрдөг хүртээмжтэй бөгөөд хамгийн найрсаг үйл ажиллагаа байлаа.
Түвшинжаргалын хувьд мөн сургуулиас зохион байгуулдаг “Австраличуудтай ярилцах нь” хэмээх хэлний бэлтгэл хийх болон Австрали соёлоос суралцах боломжийг олгодог хөтөлбөрт хамрагддаг байсан. Түүний хувьд энэхүү хөтөлбөрийн хүрээнд өөрийнхөө ментортой энгийн харилцан яриан дээр суурилан дадлага хийдэг байсан нь түүнийг Австралийн соёл, ёс заншил, энгийн амьдрал болон нийгмийн хэв шинж, байгалийн үзэсгэлэнт оршихуй зэргийг таньж мэдэхэд ихээхэн тус болсон байна. Тэрээр мөн өөрийн эх орны соёл болон бусад туршлагыг оюутнуудтай хуваалцсанаар улс орнуудын өөр өөрсдийн ижил болон ялгаатай талуудыг таньж мэдэхэд ихээхэн хэрэгтэй үйл ажиллагаа болсон байна.
“Австраличуудтай ярилцах нь” хөтөлбөрт хамрагдсанаар түүний олон нийттэй нээлттэй харилцах ур чадвар дээшилсэн төдийгүй Австралийн соёлын талаар илүү гүн гүнзгий ойлгоход тус болсон байна. Энэ нь түүний Аделаидын их сургуульд суралцсан туршлагыг илүү утга учиртай болгосон.
Түүнээс гадна, тэрээр Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөс зохион байгуулдаг үйл ажиллагаануудад идэвхтэй оролцож, мэргэжлийн харилцаа холбоо болон ур чадвараа дээшлүүлсэн байна. Тэрээр 2024 онд зохион байгуулагдсан “Хүйсийн тэгш эрхтэй дэлхийг цогцлоох хамтын ажиллагаа” хэмээн оюутнуудын чуулга уулзалтад оролцсон ба энэ нь түүний хувьд бусад орноос ирсэн салбарын мэргэжилтнүүдтэй харилцаа холбоо тогтоох боломжийг олгосон байна.
Австралийн түүх, уугуул иргэдийн соёл уламжлалыг таниулах, түгээн дэлгэрүүлэх, тэдгээрийн амжилт ололтоор бахархах үндэсний баяр “NAIDOC – 7 хоног”-р Түвшинжаргал мөн хөтөлбөрийн газраас зохион байгуулсан соёлын үйл ажиллагаанд оролцсон байна. Тэрээр “Living Kaurna” хэмээх соёлын төв болон “Мoana” гэх байгалийн дархан цаазат газар зочилж “Warriparinga” дахь 800 гаруй жилийн түүхтэй хатсан модны үндсийг үзэж сонирхсон нь түүний хувьд түүхийн дурсгалт газруудыг үзэхээс гадна уугуул иргэдийн соёлын онцлог ялгааг мэдрэх гайхалтай аялал байлаа.

Тувшинжаргал (зүүн талд) NAIDOC-ийн долоо хоногийг тэмдэглэх зорилгоор Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөс зохион байгуулсан Аделаида дахь Living Kaurna соёлын төвтэй танилцах өдөрлөгт оролцож байна.
Аделаидын их сургуулийг сонгосон нэг шалтгаан нь Аделаида хот нь амьдралын чанар сайтайгаас гадна боловсролын таатай орчныг санал болгодогт оршино. Эдгээр хүчин зүйлс нь түүнийг хөл хөдөлгөөн ихтэй эсвэл өртөг өндөртэй амьдралын хэв маягтай бусад хотуудтай харьцуулахад дарамтгүй, тайван орчинд зөвхөн хичээлдээ анхаарах боломжийг олгосон байна. Мөн тэрээр түүний өдөр тутмын амьдралд нөлөөлөх нийтийн тээвэр, худалдан авалтын хүртээмжтэй бөгөөд үнэ боломжийн байдал нь түүний сурлага болоод амьдралын хэмнэлд хэрхэн эергээр нөлөөлж байсныг анзаарсан байна.
Аделаида хот нь мөн соёлын олон талт байдлын маш өндөр мэдрэмжтэй бөгөөд энэ нь олон улсын оюутнуудад маш ээлтэй нөхцөлийг бүрдүүлдэг байна. Хүмүүсийн найрсаг бөгөөд нээлттэй байдал нь түүнийг тухайн хотод маш хурдан дасан зохицоход нөлөөлсөн гэж тэрээр үздэг.
Түүнд хамгийн их таалагдсан зүйлүүдийн нэг нь тус хотын байгальтайгаа хэрхэн ойр байгаа байдал болоод хот төлөвлөлт юм. Тэнд маш олон үзэсгэлэнт далайн эргүүд байдаг бөгөөд тэдгээр нь очиход маш хялбар бөгөөд хотоос ойрхон зайд оршдог. Эдгээр газрууд нь хүн бүрийн очиж цагийг гэр бүл болон хайртай хүмүүстэйгээ зугаатай өнгөрөөх хамгийн таатай орчин болдог. Тэрээр тус газруудад хичээл ихтэй үедээ очиж тархиа амраан эрч хүчээр цэнэглэдэг байсан байна. Мөн тэрээр хот дотор байрлах олон олон цэцэрлэгт хүрээлэн болон ногоон байгууламжуудад очих дуртай байсан. Чимээгүй орчинд байгалийн сайхныг хамгийн ойроос мэдрэх боломжтой газрууд нь тэдгээр ногоон байгууламжууд буюу цэцэрлэгт хүрээлэнгүүд байдаг байсан.

Аделаидын наран шарлагын газруудаар аялж буй Түвшинжаргал.
Аделаидын их сургуульд суралцсан нь түүнд зөвхөн эдийн засгийн болон бодлогын түвшний мэдлэг олж аваад зогсохгүй маш олон цогц асуудлуудыг шийдэх чадварыг суулгасан гэдэгт тэрээр итгэдэг. Цаашид тэрээр өөрийн сурч мэдсэн зүйлсээ эх орныхоо хөгжил дэвшилд, тэр дундаа хөдөө аж ахуйн салбарын хөгжил, тогтвортой санхүүгийн тогтолцоог бий болгох үйлсэд манлайлан оролцож өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Тэрээр эдийн засаг болон нөөцийн бодлого чиглэлээр магистрын зэргээ амжилттай хамгаалснаар одоо эх орондоо Хаан банк дахь Бизнесийн төвийн захирлаар ажиллаж байна. Тэрээр тогтвортой хөгжлийг дэмжих эх үйлсдээ идэвхтэй оролцсоор байгаа бөгөөд түүний хажуугаар сайн ээжийн үүргийг мөн хариуцлагатайгаар гүйцэтгэж байна.