34. Академик Сургалтын Хөтөлбөр (АСХ) хэр чухал вэ?
Энэ бол маш чухал хөтөлбөр. Үүнд зайлшгүй хамрагдах шаардлагатай.
35. Би суралцаж байх хугацаандаа өөрийн ажиллаж байсан байгууллагатай харилцаатай байх ёстой юу?
Тийм. Монголд ажиллаж байсан байгууллага, хамт олонтойгоо байнгын харилцаатай байхыг дэмжих төдийгүй үүнийг Буцаан байршуулах төлөвлөгөөний нэг хэсэг болох Харилцааны гэрээгээр зохицуулж, дэмждэг.
36. Сургалтаа үргэлжлүүлэхийн тулд би эхний жилд тодорхой дүн үзүүлэх хэрэгтэй юу?
Тийм. Та амжилттай суралцсанаа нотлон харуулах хэрэгтэй. Амжилттай дүн үзүүлээгүй тохиолдолд сургалтын тэтгэлэг зогсох эрсдэлтэй.
37. Австралид очоод суралцах чиглэлээ өөрчилж болох уу?
Болохгүй. Таны гаргасан өргөдөл, сонгосон чиглэл, курсэд тулгуурлан сонгон шалгаруулалт хийгдсэн тул өөрчлөх боломжгүй.
38. Австрали явахын өмнө би ямар нэг мөнгө авах уу?
Үгүй. Таныг Австралид очиж, сургуульд бүртгүүлсний дараа суурьших нэг удаагийн тэтгэмж, амьжиргааны зардалд хувь нэмэр болох мөнгийг хоёр долоо хоног тутамд олгож эхлэнэ. Их сургуулийн Оюутан Хариуцсан Ажилтан тэтгэмж олгох талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Австралид зохион байгуулагдах Академик Сургалтын Хөтөлбөрийн үеэр болон Монголоос явахаас хэдэн долоо хоногийн өмнө тэтгэлэг хүртэгчдэд танилцуулга мэдээллийг өгнө.
39. Австралид очиход надаас нэмэлт мөнгө шаардагдах уу?
Тийм. Туршлагаас харахад, Австрали явахдаа 500 орчим австрали доллартай байвал зохино. Энэ мөнгө танд банкны данс нээх хүртэл хоол хүнс, унааны зардал зэрэгт хэрэгтэй. Австралид очоод олон улсын нисэх онгоцны буудалд, эсвэл явахын өмнө мөнгөө солиорой. Бэлэн мөнгө авч явбал хэмжээний хувьд Монгол Улсын хууль, журмын холбогдох заалтуудад нийцсэн эсэхийг шалгана уу.
40. Австралид амьдралын өртөг хэд орчим байх вэ?
Амьдралын өртөг нь ганцаар эсвэл гэр бүлтэйгээ хамт амьдрах уу гэдгээс хамаарна. Гэр бүлийнхэн нь Монголд үлдсэн тохиолдолд суралцах хугацааны туршид тэдэнд туслах шаардлага гарч болно. Тэд тантай хамт Австралид амьдрах бол тэднийг дэмжиж тэтгэх санхүүгийн хангалттай баталгаатай болохоо Австралийн Засгийн газарт нотлох шаардлагатай. Дэлгэрэнгүй мэдээллийг Австралийн Гадаад Хэрэг Худалдааны Яамны цахим хуудсаас үзнэ үү.
41. Урт хугацаанд амьдрах байрыг хэн надад олж өгөх вэ? Сургуулийн кампус дотор тэтгэлэгт оюутан амьдрах боломжтой юу?
Оюутан Хариуцсан Ажилтан туслах ч, урт хугацаанд амьдрах байраа та өөрөө олох хэрэгтэй. Сургуулийн кампус дотор байр байдаг боловч, Австралийн тэтгэлэг хүртэгч тэнд байрлах давуу эрх эдлэхгүй тул боломжит хувилбаруудыг Оюутан Хариуцсан Ажилтантай зөвлөлдөж болно.
42. Австралид эхнэр/ нөхөр, гэр бүлийн гишүүдээ авчрахад ямар дэмжлэг үзүүлдэг вэ?
Тэтгэлэгт оюутны гэр бүлийн гишүүдэд (эхнэр/ нөхөр болон 18 хүртэлх насны хүүхэд) Австралийн Засгийн газраас санхүүгийн нэмэлт дэмжлэг үзүүлэхгүй. Тэтгэлэгт оюутнууд гэр бүлийн гишүүдийнхээ Эрүүл Мэндийн Даатгалын зардлыг хариуцна.
43. Австралийн тэтгэлэгт оюутны гэр бүлийн гишүүдэд ямар хүнийг багтаах вэ?
Австралид, гэр бүлийн гүшүүнд эхнэр/ нөхөр, 18-аас доош насны хүүхэд хамаарна. Австралийн визний шаардлагын дагуу, тэтгэлэгт оюутны эцэг эх, хадмууд болон ах, эгч дүүсийг гэр бүлийн гишүүдэд тооцдоггүй бөгөөд тэднийг оюутантай хамт очиж амьдрахыг дэмждэггүй.
44. Аюулгүй, тав тухтай орон сууцыг хэрхэн олж болох вэ?
Аюулгүй, тав тухтай байрны сонголт өргөн. Ийм орон сууцыг та өөрөө эсвэл сургуулиараа дамжуулж олно. Энэ талаар сургуулийнхаа Оюутан Хариуцсан Ажилтантай холбогдож зөвлөгөө авах хэрэгтэй.
45. Австралид шашинтай холбоотой хориглосон зүйл, хязгаарлалт бий юу?
Австрали нь олон үндэстний орон учраас шашин шүтлэг, түүнтэй холбоотой ёслол үйлдэхэд ямар нэгэн хориг байхгүй. Хүмүүс хүссэн хувцсаа өмсч, мөргөл үйлдэж, хэрэгцээтэй үедээ сүм, хийдэд очиж болно. Австралид хувь хүний эрх, бие даасан байдлыг хамгаалах тогтолцоо өндөр хөгжсөн.
46. Миний хүүхдүүд сургуульд сурч болох уу?
Болно. Муж тус бүр маш сайн боловсролын тогтолцоотой бөгөөд сургуулийн насны хүүхдийг сургуульд зайлшгүй хамруулах шаардлагатай. Сургуульд соёл, ёс заншил, шашны хүчин зүйлсийг тооцож, хүүхдийг урамшуулсан, эрүүл ахуйн шаардлага хангасан орчин бүрдүүлсэн байдаг. Мэргэшсэн, туршлагатай, сайтар бэлтгэгдсэн багш нар олон орноос ирсэн хүүхдүүдийг өөрийн боловсролын тогтолцоонд дасан зохицоход тусалдаг.
47. Манай хүүхдүүд англиар ярьдаггүй ч цэцэрлэг, яслид хамрагдаж болох уу?
Болно. Таныг хүүхэд асрах үйлчилгээ хайж явтал, сул орон тоо гарвал, та хүүхдээ хамруулж болно. Хүүхэд асрах үйлчилгээнд таны хүүхдийг мэргэшсэн ажилтан харж хандах, хоол унд, ариун цэврийн үйлчилгээ үзүүлэх, тоглох болон унтаж амрах өрөө, яаралтай тусламж зэрэг үйлчилгээ багтана. Хүүхэд асрах төвийн бүртгэлийн маягтад шашны тухай асуулт байдаг. Түүнчлэн англи хэлээр ярьж чаддаггүй хүүхдүүдэд зориулж англи хэлний дэмжлэг үзүүлэх богино хугацааны сургалт явуулж болно.
48. Австралид байх хугацаанд надад ямар дэмжлэг тусламж үзүүлэх вэ?
Бүх их сургуулиудад тэтгэлэгт оюутанд туслах, яаралтай тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор оюутанд үйлчлэх төвүүд ажилладаг. Тус төвүүдээс байр орон сууц олох, гэр бүлдээ дэмжлэг туслалцаа авах, боломжтой бол зарим онцгой хэрэгцээг хангахад тусламж авч болно. Мөн Австралийн их сургуулиудад эрүүл мэндийн болон зөвлөх үйлчилгээг үнэ төлбөргүй (эсвэл оюутнуудад хямд үнэтэй) үзүүлэх төвүүд ажиллахын зэрэгцээ биеийн тамир спорт, дэлгүүр болон бусад үйлчилгээний газрууд оюутны хотхонд байдаг.
49. Би өөрийн үндэсний, шашны болон уламжлалт баяр ёслолыг тэмдэглэж болох уу?
Болно. Австралийн ихэнх мужийн нийслэл хотуудад хүмүүс өөрсдийн шашин, уламжлалт соёл/ үндэсний баяр ёслолыг хамтдаа тэмдэглэдэг.
50. Би Австралид сурч байх хугацаандаа хагас цагаар ажиллаж болох уу?
Болно. Оюутнууд хичээлийн үеэр хоёр долоо хоногт 48 цаг хүртэл, амралтын хугацаанд бүтэн цагаар ажиллах боломжтой. Та ажилд орохын өмнө Оюутан Хариуцсан Ажилтанд энэ талаар мэдэгдэх ёстой. Австралийн Оюутны (ангилал 500) виз нь Австралид байх хугацаанд хөдөлмөр эрхлэхтэй холбоотой хязгаарлалтуудыг тавьдаг бөгөөд тус нөхцөлийг хангаагүй тохиолдолд визний зөрчилд тооцогдох тул Оюутан Хариуцсан Ажилтантай энэ талаар зөвлөлдөнө үү.
51. Намайг сурч байх үед манай гэр бүлийн хүн ажил хийж болох уу?
Боломжтой. Таныг сурч байх үед танай гэр бүлийн хүн бүтэн цагаар ажиллаж болно.