Монгол дахь Австралийн Тэтгэлэгт Хөтөлбөр

Австрали Улс Монгол Улсад сүүлийн 20 гаруй жилийн турш хөгжлийн дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн. Энэхүү туслалцааны тулгын чулуу нь Монголчуудыг Австралид сургах боломж олгодог урт хугацааны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр юм. Австралийн тэтгэлэгт хөтөлбөр бол Монгол Улсын хүний нөөцийн эрэлт хэрэгцээнд анхаарал хандуулж, ард түмэн хоорондын харилцаа холбоог хөгжүүлэх арга зам билээ.

Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн шинэ үе шат 2018 оны 10 дугаар сарын 1-нээс зорилтот салбаруудын хүний нөөцийг чадавхижуулж, Австралийг Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хандивлагч хэмээн таниулах зорилготойгоор эхэлсэн.

Хөтөлбөрийг Австрали, Монгол Улсын Засгийн газрууд хооронд байгуулсан Харилцан ойлголцох Санамж бичгийн хүрээнд Австралийн Гадаад хэрэг худалдааны яам (ГХХЯ) удирддаг. Жил бүр Хөтөлбөрийн Зохицуулах Хороо (ХЗХ)-ноос өнгөрсөн жилийн үйл ажиллагаа, ололт амжилтыг авч хэлэлцэхийн зэрэгцээ, дараа жилд баримтлах бодлогын чиглэлийг тодорхойлдог. ХЗХ-ны бүрэлдэхүүнд Монгол Улсын Засгийн газар, Австрали Улсын Засгийн газар болон бусад хамтран ажилладаг байгууллагын төлөөлөл багтдаг.

Австрали Улсын Засгийн газар бүх хүний хувь нэмрийг үнэ цэнэтэйд үздэг бөгөөд нийгмийн бүх бүлэг, тухайлбал, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, орон нутгийн иргэдийн тэгш эрх, өргөн оролцоог хангахын төлөө ажилладаг. Хүн бүрийг өргөдөл гаргахыг дэмждэг. Австрали улсын Засгийн газар хүн бүрийн оролцоог чухалчилдаг.

Хяналт,шинжилгээ, үнэлгээ ба суралцахуйн удирдамж заавар нь хөтөлбөрийн зорилго, зорилтыг ханган биелүүлэхэд гарч буй ололт амжилт, ахиц дэвшлийг үнэлэхэд ашигладаг. Түүнчлэн тус удирдамж заавар нь хөтөлбөрийн хэрэгжилтийн үр ашиг, үр нөлөөний талаарх мэдээллээр хангадаг.