Сургалтын өмнөх чиглүүлэх уулзалт – 2027 оны I улирлын элсэлт
Нийтэлсэн: 2026-11-23
Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн 2027 оны тэтгэлэгт шалгарсан, хичээлийн жилийн нэгдүгээр улиралд суралцах оюутнуудад зориулсан сургалтын өмнөх чиглүүлэх уулзалт буюу Pre-Departure Briefing 11 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд хөтөлбөрийн газрын оффист зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд есөн тэтгэлэгт шалгарсан оролцогч болон тэдний гэр бүлийн гишүүд, хөтөлбөрийн төгсөгчид, Австралийн сайн дурын ажилтнууд, Монгол-Австралийн Нийгэмлэг (Mozzies), Монгол дахь Австралийн Худалдааны Танхим (AustCham), мөн Эмэгтэйчүүдийн Манлайллын Хөтөлбөр (WLP)-ийн төлөөлөгчид оролцов.
Монгол Улс дахь Австралийн Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч хатагтай Лалита Капур арга хэмжээг нээж үг хэллээ. Тэрээр шалгарсан оролцогчдод баяр хүргэж, энэ бүх хугацаанд гэр бүлийн дэмжлэг ямар чухал болохыг онцлон тэмдэглэв. Тэрээр Австрали, Монгол Улсын урт хугацааны түншлэлийн талаар онцлон дурдаж, тэтгэлэгт шалгарсан оролцогчдыг Австралид суралцах хугацаандаа Монгол Улсын элч төлөөлөгчийн үүргийг нэр төртэйгээр гүйцэтгэж, хуримтлуулсан мэдлэг, туршлагаа эх орныхоо тогтвортой хөгжилд зориулахыг уриаллаа.

Монгол Улс дахь Австралийн Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч хатагтай Лалита Капур нээлтийн үг хэлж байна.
Монгол Улсын Гадаад харилцааны яамны Америк, Ойрхи Дорнодын газрын дарга Г. Баттулга нээлтийн үеэр хэлсэн үгэндээ оролцогчдод өрсөлдөөн өндөртэй Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсанд баяр хүргэв. Тэрээр энэхүү амжилт нь оролцогчдын тууштай хөдөлмөр, хичээл зүтгэл, гэр бүлийн дэмжлэгийн үр дүн болохыг онцолж, Австралид эзэмшсэн мэдлэг, олон улсын туршлага, мэргэжлийн сүлжээгээ эх орондоо авч ирснээр Монгол Улсын хөгжилд чухал хувь нэмэр оруулахыг тэмдэглэлээ.

Монгол Улсын Гадаад харилцааны яамны Америк, Ойрхи Дорнодын газрын дарга Г. Баттулга нээлтийн үг хэлж байна.
Австрали Тэтгэлэгт Хөтөлбөрийн Өмнөд Ази ба Монгол дахь хөтөлбөрийг (AASAM) хариуцсан захирал Никки Бэйрд хоёр өдрийн сургалтад оролцож, тэтгэлэг хүртсэн оролцогчид болон тэдний гэр бүлийнхэнтэй мэндчилэн баяр хүргэв. Тэрээр энэхүү нэр хүндтэй тэтгэлэг нь оролцогчдын ирээдүйн боловсрол, карьерын хөгжилд шинэ боломж нээхээс гадна Австрали, Монгол Улсын хоёр талын харилцааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдгийг онцоллоо. Мөн AASAM хөтөлбөрийн талаар танилцуулж, Австралид суралцах хугацаандаа болон сургуулиа амжилттай төгссөний дараа зохион байгуулагдах бүхий л үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалав.
Монгол дахь Австрали тэтгэлэгт хөтөлбөрийн газрын дарга Л. Энхтүвшин сургалтыг удирдан явуулж, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ. Тэрээр хоёр өдрийн хөтөлбөрийг танилцуулж, оролцогчид болон тэдний гэр бүлийнхний танилцах үйл ажиллагааг зохион байгуулан, урилгаар оролцсон байгууллагуудыг дэмжиж, сургалтыг мэдээлэл сайтай, зохион байгуулалттай, харилцан идэвхтэй байдлаар хэрэгжүүлэхэд анхаарч ажиллав.

Австрали Тэтгэлэгт Хөтөлбөрийн Өмнөд Ази ба Монгол дахь хөтөлбөрийг (AASAM) хариуцсан захирал Никки Бэйрд тэтгэлэгт шалгарагсад болон тэдний гэр бүлд баяр хүргэж байна.
Сургалтын эхний өдөр Австралид амьдрах, суралцахтай холбоотой Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны (DFAT) мэдээллийн багцад төвлөрөв. Хөтөлбөрийн төгсөгчид байр хайх, гэр бүлийн хамт нүүх, шинэ орчинд дасах, Австралид суралцах болон ажиллах, жендэрийн тэгш байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих зэрэг сэдвээр өөрсдийн туршлагаасаа хуваалцлаа. Мөн хөтөлбөрийн баг Бэлгийн мөлжлөг, хүчирхийлэл, дарамтаас хэрхэн урьдчилан сэргийлэх (PSEAH) талаарх мэдээлэл өгч, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэн урьдчилан сэргийлэх ач холбогдлыг тайлбарлав. Түүнчлэн хөтөлбөрийн төгсөгч, AASAM-ийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Зөвлөх бүлгийн (ADAG) гишүүн Э. Бямбасүрэн хөгжлийн бэрхшээлтэй оролцогчдын хувьд хөтөлбөрийн хүртээмжийг үнэлэх товч судалгааг явууллаа.
Хоёр дахь өдөр нь соёлын чиг баримжаа олгох болон өдөр тутмын амьдралын туршлага хуваалцахад зориулагдсан байв. Тэтгэлэгт шалгарсан оролцогчдыг суралцах хотуудаар нь буюу Сидней, Мельбурн, Канберра, Брисбэн гэсэн бүлгүүдэд хувааж, тухайн хот бүрийн онцлог, амьдралын зөвлөмжийг хөтөлбөрийн төгсөгчид болон сайн дурын ажилтнуудаас сонслоо.
Монгол-Австралийн Нийгэмлэгийн (Mozzies) Гүйцэтгэх захирал Д. Эрдэнэцэцэг болон ТУЗ-ийн гишүүн Г. Нямбат нар байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, гол үйл ажиллагааны чиглэлүүдийн талаар танилцууллаа. Тэд мөн суралцаж төгсөөд Монголдоо эргэн ирсний дараа хөтөлбөрийн төгсөгчдийн сүлжээтэй идэвхтэй холбоотой байх нь ямар ач холбогдолтойг тайлбарлав. Үүний зэрэгцээ Монгол дахь Австралийн Худалдааны Танхимын (AustCham) Ерөнхий менежер Ж. Оюунцэцэг байгууллагын үйл ажиллагаа, чиг үүрэг, олон талт хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгсөн бол Э. Нарангарав Эмэгтэйчүүдийн Манлайллын Хөтөлбөрийн (WLP) талаар танилцуулга хийлээ.

