< Өмнөх хуудас руу буцах

NAIDOC долоо хоногийг угтаж Австралийн тэтгэлэгт оюутнууд Австралийн уугуул иргэдийн соёлоос суралцав

Нийтэлсэн: 2025-07-4

Experience, Scholar,

2025 оны NAIDOC буюу Австралийн уугуул иргэд, Торрес Стрэйт арлынханы соёл, уламжлалыг тэмдэглэн өнгөрүүлдэг долоо хоногийг угтан Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн оюутнууд Австрали улс даяар болон цахим хэлбэрээр зохион байгуулагдсан аброгенчууд буюу нутгийн уугуул иргэдийн соёлыг сурталчлах цуврал үйл ажиллагаануудад оролцлоо. Монгол оюутнууд Бангладеш, Бутан, Малдив, Балбын Вант Улс, Пакистан, Шри Ланка зэрэг улсын оюутнуудын хамт оролцож, Австралийн уугуул иргэдийн соёл, түүх, ололт амжилтуудаас суралцах боломж олдсон.

Өмнөх жил зохион байгуулагдсан үйл ажиллагааны адилаар, Өмнөд Ази, Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн баг хамт олон дөрвөн өдөр гурван шөнийн турш үргэлжилсэн уугуул иргэдийн соёлтой танилцах эрчимжүүлсэн судалгааны аялалыг Өмнөд Австралийн Икара-Флиндерс Рэйнэс тусгай хамгаалалттай газарт амжилттай зохион байгууллаа. Өмнөд Азийн орнуудын уугуул иргэд болон гадуурхагдсан бүлгүүдийн сонгогдсон төлөөлөл бүхий Өмнөд Ази, Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцаж буй арван оюутан Австралийн олон мужуудаас ирж оролцсон юм. Тэдгээр оюутнууд нь уугуул иргэдийн төлөөлөл болох Адняматанха хүмүүс хэмээх Икара, Флиндерс мужуудын үндэсний өв тээгчдийн байгаль орчноо хайрлан дээдлэх соёлын талаар үйл ажиллагаануудад идэвхтэй оролцлоо. Оюутнууд мөн уугуул иргэдийн түүх, тэдгээрийн мэдлэгийн цар хүрээ болон байгальд хандах хандлагын талаар Икара дахь түүхэн өгүүлэмж болон сонирхолтой асуулт хариултын арга хэмжээний үер суралцсан бөгөөд энэ нь цаашлаад энэ жилийн NAIDOC арга хэмжээний гол агуулга болох “Дараагийн үе: Хүч, Алсын Хараа ба Залгамжлал” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв.

Оюутан Сарантуяа Иззи хэмээх Адняматанха хөтөчтэй хамт Икара-Флиндерс Рэйнэс тусгай хамгаалалттай газарт уламжлалт арга барилаар гал асаахтай танилцаж буй дүр зураг.

Энэхүү судалгааны аялалд оролцсоныхоо дараагаар оюутан Сарантуяа “Энэ нь уугуул иргэдтэй танилцах болон тэдний байгальтайгаа гүн бат холбогдож чаддаг сүнслэг бөгөөд ер бусын соёл уламжлалыг ойлгоход тусалсан маш сайхан боломж байлаа” хэмээжээ.

Мелбурн хотод оюутнууд Кулин үндэстний хувьд ихээхэн соёлын ач холбогдолтой Виктория Хааны Ботаникийн Цэцэрлэгт хүрээлэнд болсон Аборигенуудын Өв Соёлыг танилцуулах арга хэмжээнд оролцсон. Энэхүү үйл ажиллагаа нь орон нутгийн хөтөч нарын удирдсан уламжлалт “Манай улсад тавтай морил” хэмээх мэндчилгээний үйл ажиллагаагаар эхэлсэн бөгөөд тэд тус цэцэрлэгт хүрээлэнтэй танилцах үйл ажиллагааг ахалсан билээ. Замдаа тэд өөрсдийн газар нутаг болон ард түмнийхээ тухай түүхийг хуваалцаж, хоол хүнс, эм болон багаж хэрэгсэл хийхэд ашиглагддаг нутгийн ургамлуудыг танилцуулсан бөгөөд тус бүр нь өөр өөрсдийн гэсэн соёлын утга учрыг агуулсан онцлогтой байв. Энэхүү үйл ажиллагааны явцад оюутнууд нутгийн уугуул иргэдийн баялаг түүх болон цэцэглэн хөгжиж буй соёлын талаар ойлголт авсан билээ.

Дүүрэнжаргал “Эдгээр газруудын оюун санааны баялгийг үгээр илэрхийлээд ч баршгүй арвин юм. Өвөрмөц ургамал болон абориген хүмүүсийн соёлыг энэхүү хөтөлбөрт оролцож буй хүмүүстэйгээ хамт судлах нь үнэхээр үнэ цэнэтэй, мартагдашгүй туршлага байлаа” гэжээ.

(Зүүн талаас) А. Айсулу, Ч. Дүүрэнжаргал, Б. Сарантуяа нар аброгенуудын өв соёлыг танилцуулах үйл ажиллагаанд оролцох үедээ амьтны арьстай танилцаж буй нь.

Сидней хотод оюутнууд Дарвал хүмүүсийн уламжлалт нутаг дэвсгэрт байрлах Бундеена Хааны Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд зочилсон юм. Юин үндэстний төлөөлөл Ричард Кэмпбелл тус аяллыг утаат болон уламжлалт нутгийн угтах ёслолыг охор ашиглан бүтээсэн нүүр будалтын хамтаар эхлүүлжээ. Ричард галын мод, бумеранг, ухах хэрэгсэл, бамбай, амьтны арьс зэрэг уламжлалт эд зүйлсээр дамжуулан өв соёлын түүхийг хуваалцсан юм. Оюутнууд мөн уламжлалт бумеранг шидэх, гал асаах техникүүдтэй танилцаж, гар бие оролцох боломж олдсонд үнэхээр талархууштай байлаа.

Солонго энэ туршлагаар дамжуулан уугуул иргэдийн соёл уламжлалтай танилцах боломж олгосонд талархлаа илэрхийлээд “Австралид оюутан байхдаа Абориген хүмүүсийн түүхийг судлах нь маш их утга учиртай байлаа. Тэдний байгальд суурилсан амьдралын хэв маяг, уламжлалт мэдлэг, өдөр тутмын амьдрал болон эмчилгээний зориулалтаар ургамлуудыг хэрхэн ашиглах талаар суралцах нь үнэхээр нүд нээсэн туршлага боллоо. Энэ туршлага нь уугуул иргэдийн баялаг соёлын өв, мэргэн ухааныг үнэлэх үнэлэмжийг минь гүнзгийрүүлсэн” гэжээ.

Солонго Бундеена уугуул иргэдийн цэцэрлэгт хүрээлэнд болсон үйл ажиллагааны үеэр Юин үндэстний төлөөлөл, хөтөч Ричард Кэмпбеллийн хамтаар бамбай барин зогсож буй нь

Цахим хэлбэрээр зохион байгуулагдсан Абориген сүлжмэлийн тухай семинарыг уугуул иргэдийн эмэгтэй төлөөлөл болох Питта Питта Вангкамадла, Ронни Жордан болон эрэгтэй төлөөлөл болох Питта Питта Вангкамадла Мурувари Нгемба, Коэн нар удирдан явууллаа. Ронни семинарыг түүхээр эхлүүлж, сүлжмэл эд зүйлс нь нэхмэлчид болон тэдний өвөг дээдэс мөн газар нутаг хоорондын бодит холбоос болж, мөн оюун санааны тайвшрал, эргэцүүлэлд зориулсан арга хэрэгсэл болдог талаар тайлбарлав. Оюутнууд урьдчилан олгосон сүлжмэлийн материалуудыг ашиглан алхам алхмаар зааврыг дагаж, ороомог сүлжих болон олс хийхийг сурсан билээ. Энэхүү хамтын үйл ажиллагаа нь Австрали даяар оролцогчдын дунд хамтын нийгэмлэгийн үнэ цэнийг бий болгож, уугуул иргэдийн соёлын тууштай оршин тогтнох болон бүтээлч байдлыг бататгасан юм.

Нямсүрэн “Австралийн уугуул иргэдийн адил Монголчууд байгальд гүн хүндэтгэлтэй ханддаг бөгөөд байгаль орчныг хамгаалах үүрэг хариуцлагаа өндөрт тавьдаг. Австралид суралцах хугацаандаа миний хувийн зорилтуудын нэг нь Абориген соёлтой илүү дотно танилцах явдал байсан тул энэ семинар надад онцгой утга учиртай, урам зориг өгсөн туршлага байлаа” гэжээ.

Эдгээр үнэ цэнэтэй туршлагууд нь Өмнөд Ази, Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудын дунд соёл хоорондын ойлголт, үнэлэмжийг гүнзгийрүүлсээр байгаагаас гадна шинэ үеийн Австраличуудад уугуул иргэдийн соёл, өв уламжлалын ач холбогдлыг таниулан сурталчилах үйл явцыг дахин бататгаж байна.