< Өмнөх хуудас руу буцах

Бүүвэй Өртөө төсөл

Нийтэлсэн: 2025-05-26

Alumni, Impact,

Австралид боловсрол эзэмшсэн туршлагадаа тулгуурлан, Монгол залуус “Бүүвэй Өртөө” хэмээх санаачилгыг эхлүүлж, Монгол улсын нийтийн эзэмшлийн талбайд ээж, хүүхдэд зориулсан хүртээмжтэй, стандарт хөхүүл өрөөнүүдийг байгуулах ажлыг эхлүүлсэн юм. Хоёр байршилд туршилтын журмаар амжилттай хэрэгжүүлсэн нь үндэсний хэмжээнд нөлөөлөх бодлогын өөрчлөлтийн эхлэл болсон байна.

Тус санаачилга нь Австралийн Засгийн газар, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилтээр Зориг сан хэрэгжүүлдэг Эмэгтэйчүүдийн Манлайллын Хөтөлбөрийн хүрээнд эхэлсэн бөгөөд уг хөтөлбөр нь Австралид магистрын зэрэг хамгаалсан залуу мэргэжилтнүүдийн манлайлах ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой.

Тус хөтөлбөрийн 2023 оны элсэлтийн үеэр таван оролцогч ижил туршлага, зорилго тэмүүлэлтэй гэдгээ олж мэдэн, нэгдэж баг бүрдүүлжээ. “Бүүвэй Өртөө” төслийн баг дараах оролцогчдоос бүрдэнэ:

Энхжин Нэргүй – Австралийн Үндэсний Их Сургууль, Олон нийтийн бодлогын магистр (2022)

Эрдэнэчимэг Өлзийбаяр – Мельбурны Их Сургууль, Хөгжил судлалын магистр (2020)

Эрхбилэг Лхагвасүрэн – Маккуари Их Сургууль, Олон улсын харилцааны магистр (2021)

Ганхуяг Ганболд – Куртины Их Сургууль, Эрдэс баялаг, эдийн засгийн магистр (2021)

Мөнх-Оргил Алтанням – Күйнслэндийн Их Сургууль, Эдийн засаг ба нийтийн бодлогын магистр (2020).

Энэхүү хөтөлбөр нь оролцогчдын манлайлах ур чадварыг хөгжүүлээд зогсохгүй, нийгмийн ач холбогдолтой төслүүд санаачлан, хэрэгжүүлэхэд уриалдаг. Багийнхан эмэгтэйчүүдийг дэмжих төсөл эхлүүлэхийг хүссэн ч анхлан яг юунаас эхлэхээ мэдэхгүй байв.

Судалгааны явцад тэд “Ийм БолГоё” ТББ-тай хамтран ажиллах болсноор, ээжүүдэд зориулсан хөхүүл өрөөний хүртээмж, стандартын дутагдал зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх төслийг хэрэгжүүлэхээр зорьсон байна.

Багийн зорилго зөвхөн ганц өрөө байгуулаад зогсохгүй, нийтийн эзэмшлийн болон алслагдсан эрүүл мэндийн байгууллагуудад хүртээмжтэй, стандарт хөхүүл өрөөнүүдийг байгуулахад чиглэж байв. Судалгаа, байршлын үзлэгийн дараа тэд дараах хоёр байршлыг сонгосон. Үүнд: Өдөрт 30,000 хүн зорчдог Богд хан уулын амралтын бүс, Улаанбаатар хотын хамгийн их агаарын бохирдолтой бүс болох Дарь-Эх нэгдсэн эмнэлэг, тус тус багтана. (Тайлбар: Гэр хороолол гэдэг нь уламжлалт Монгол гэрт суурилсан, ихэнх нь цэвэр, бохир усны төвийн шугамд холбогдоогүй, түүхий нүүрс түлдэг бүс нутгийг хэлнэ.)

Олон талт оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн идэвхийг сайжруулах зорилгоор багийнхан ‘HOW Architecture’ ХХК-тай хамтран ажилласан бөгөөд уг байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд зураг төслийг үнэ төлбөргүй боловсруулсан. Мөн сайн дурынхныг татан оролцуулах зорилгоор цахим мэдээллийн аян өрнүүлж, Унгар болон Монгол улсад суралцаж буй дөрвөн оюутан нэгдэн оролцжээ.

Долоон сарын хугацаанд багийнхан түнш байгууллагуудтайгаа хамтран өрөөний дизайн, байршил, хамтрагчдыг сонгон, цахим платформ болон мэдээллийн аянаа эхлүүлсэн бөгөөд нийт 17 хүн төслийн хэрэгжилтэд шууд оролцсон байна.

2024 оны 5-р сарын 23-нд Дарь-Эхийн нэгдсэн эмнэлэгт анхны “Бүүвэй Өртөө”-г хүлээлгэн өгсөн. Төслийг хувь хүмүүс болон байгууллагууд дэмжсэн бөгөөд үндэсний живхний брэнд Tody өрөөний тавилга, тоног төхөөрөмжийг хандивласан бол Некст Электроникс мөн тоног төхөөрөмж нийлүүлжээ. ‘Sleep Corner’ буюу ээжүүдэд зориулан хүүхдийн зөв нойрсолтын талаарх сургалт зохион байгуулж, ‘GreenGate International’ ХХК, ‘Tody’, ‘Himalaya Mongolia’, ‘Busy Kids’ номын дэлгүүр гэх мэт байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүний дээжээс хандивласан байна.

Дарь-Эхийн нэгдсэн эмнэлэгт байгуулсан анхны ‘Бүүвэй Өртөө’.

Хоёр дахь өрөөг 2024 оны 6-р сарын 29-нд Богд хан уулын нийтийн бие засах газрын хажууд байгуулсан бөгөөд энэ удаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хүртээмжтэй бие засах өрөөг ч давхар шийдэж, “нэг цэгийн үйлчилгээтэй” хүртээмжтэй орчин бүрдүүлсэн байна. Некст Электроникс дахин тавилга, тоног төхөөрөмжөөр хангаж, ‘Tody’ санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.

“Бүүвэй Өртөө” санаачилгын хамгийн том үр дүнгийн нэг нь Монгол Улсад анх удаа “Хөхүүл өрөөний төлөвлөлтийн стандарт заавар”-ыг боловсруулсан явдал байв. Уг зааврыг 2024 оны 3 сараас эхлэн боловсруулж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай 10 сарын турш хамтран ажилласны үр дүнд 2025 оны 1-р сарын 26-нд Улаанбаатар хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулсан бөгөөд одоо улс даяар хэрэгжих боломж бүрдээд байна.

Богд хан уулын нийтийн бие засах газрын дэргэд байгуулсан хоёр дахь өрөө.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд (2021 оны байдлаар) хөхүүл өрөөг байгуулах тухай заалт байсан боловч тодорхой стандарт, загваргүйгээс хэрэгжилт хангалтгүй байв. Харин шинэ стандарт нь олон нийт болон хувийн хэвшлийн байгууллагуудад хөхүүл өрөөг шинэчлэх, шинээр байгуулах тодорхой удирдамж болж өгч байна.

Австралийн тэтгэлэгтэй хөтөлбөртэй холбоотойгоор эхлүүлсэн энэхүү санаачилга олон хувь хүн, байгууллагуудыг нэгтгэн, Монгол Улс болон түүний ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө үр дүнтэй, тогтвортой үйл ажиллагаа болж өргөжлөө. Баг цаашид ч хөхүүл өрөөний хүртээмжийг нэмэгдүүлэх олон өөр байршилд ажлыг үргэлжлүүлэхээр зорьж байна.

Зураг дээр: Бүүвэй Өртөө төслийн багийн гишүүд Австрали улсаас Монгол улсад суугаа элчин сайдын хамт төслийн нээлт дээр. (зүүн талаас) А. Мөнх-Оргил, Н. Энхжин, Элчи сайд Кэйти Смит, Л. Эрхбилэг, Г. Ганхуяг, Ө. Эрдэнэчимэг нар.