< Өмнөх хуудас руу буцах

2025 оны тэтгэлэг хүртэгчдэд зориулсан Үдэлтийн Семинар

Нийтэлсэн: 2025-04-28

Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газар 2025 онд Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнуудад зориулсан үдэлтийн семинарыг 4-р сарын 25,26-ны өдрүүдэд Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газарт зохион байгууллаа. Тэтгэлэг хүртэгч есөн оюутан, тэдний гэр бүл тус семинарт оролцов. Семинарт Австрали Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон ноён Лео Зэнг, Төрийн Албаны Зөвлөлийн гишүүн Д. Баатарсайхан, Австралид төгсөгчид, Монголд ажиллаж буй Австралийн сайн дурын ажилтнууд, Австралид төгсөгчдийн Моззис холбоо болон Монгол дахь Австралийн Худалдааны танхимын төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.

Тус семинарыг Австрали Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон ноён Лео Зэнг, Төрийн Албаны Зөвлөлийн гишүүн Д. Баатарсайхан нар нээж үг хэллээ. Тэд 2025 оны шалгаруулалтанд тэнцсэн тэтгэлэг хүртэгчид өөрсдийн хичээл зүтгэл, гэр бүлийн дэмжлэгтэйгээр суралцахаар явах болсонд онцгойлон баяр хүргэв. Тэд тэтгэлэг хүртэгчдийг Австрали улсад суралцсан мэдлэг ур чадвар, Австрали улсад бий болгосон харилцаа холбоогоо ашиглан Монгол Улсаа хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг онцоллоо. Мөн тэднийг амжилттай суралцахаас гадна Австрали улсын баялаг түүх, соёл, байгалийн сайхантай танилцахыг хүссэн.

Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн захирал Л.Энхтүвшин өөрийн багийн нэрийн өмнөөс тэтгэлэг хүртэгчдэд баяр хүргээд, тэднийг өөрсдийгөө болон гэр бүлийн гишүүдээ, мөн өөрсдийн хаана ажилладаг, сонгон суралцах чиглэлээ танилцуулахыг хүслээ. Мөн үндсэн мэдээлэл эхлэхээс өмнө тус хоёр өдрийн хөтөлбөрийг танилцуулсан.

Уг семинарын эхний өдөр Австралийн Гадаад Хэрэг, Худалдааны Яамнаас гаргасан Австралид сурч, амьдрах талаар зайлшгүй олгох ёстой мэдээллийг тухайлбал Австралид хэрхэн сурч, амьдрах талаар зөвлөгөө өгч ярилцав. Уг семинарт тэтгэлгээр суралцаад ирсэн төгсөгчид оролцож, туршлагаасаа хуваалцлаа. Орон байр олох, гэр бүлээ аваачих, гэр бүлээр болон ганцаараа очиж суурьших, Австралид сурч, ажиллах талаар туршлагаасаа хуваалцсан. Түүнчлэн тэтгэлэг хүртэгчид бэлгийн мөлжлөг, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл авсан.

Семинарын хоёр дахь өдөр Австралийн соёлын талаар мэдээлэл авч бусад төгсөгчдийн туршлагаас суралцлаа. Тэтгэлэг хүртэгчид Аделайд, Брисбени, Мелбурн, Сидней зэрэг очиж сурах хотуудаар баг болж тухайн хотод сурч, амьдарсан төгсөгчид, Монголд ажиллаж буй Австралийн сайн дурын ажилтнуудын туршлагаас судаллаа.

Австралийн Элчин сайдын яамны Дэд тэргүүн Эндрю Бэрримэн тэтгэлэг хүртэгчид суралцахаар явах болсонд баяр хүргээд, Австрали, Монголын соёлын ялгааны талаар зөвлөгөө хуваалцсанаар семинарын хоёр дахь өдөр эхэлсэн. Тэрээр Австрали улсад байх хугацаандаа олон шинэ хүмүүстэй танилцаж Монгол, Австрали улсын харилцааг улам сайжруулах талаар хувь нэмрээ оруулахыг хүсээд, сурлагын амжилт хүсэн ерөөв.

Австралид төгсөгчдийн Моззис холбоо болон Монгол дахь Австралийн Худалдааны танхимын төлөөлөл, Эмэгтэйчүүдийн Манлайлал хөтөлбөрийн төгсөгч хүрэлцэн ирж, нийт төгсөгчид төгсөгчдийн холбоо, худалдааны танхимд нэгдэж, тэднээс зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхитэй оролцох нь чухал гэдгийг дурдлаа. Эцэст нь тэд Австралийн тэтгэлэг хүртэгчдэд амжилт хүсэв.