< Өмнөх хуудас руу буцах

2025 оны тэтгэлэг хүртэгчдэд зориулсан Үдэлтийн Семинар

Нийтэлсэн: 2024-11-18

Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газар 2025 онд Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнуудад зориулсан үдэлтийн семинарыг 2024 оны 11-р сарын 15,16-ны өдрүүдэд Хүүхдийн төв номын сангийн дэргэдэх Австралийн танхимд зохион байгууллаа. Тэтгэлэг хүртэгч найман оюутан, тэдний гэр бүл тус семинарт оролцов. Семинарт Австралийн Элчин сайдын яамны Дэд тэргүүн Эндрю Бэрримэн, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга У. Бямбасүрэн, Австралид төгсөгчид, Монголд ажиллаж буй Австралийн сайн дурын ажилтнууд, Австралид төгсөгчдийн Моззис холбоо болон Монгол дахь Австралийн Худалдааны танхимын төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.

Тус семинарыг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга У. Бямбасүрэн нээж үг хэллээ. 2025 оны шалгаруулалтанд тэнцсэн тэтгэлэг хүртэгчид суралцахаар явах болсонд онцгойлон баяр хүргэв. Тэрээр тэтгэлэгт хүртэгчидтэй уулзаж, Австрали улсад байх хугацаандаа олон шинэ хүмүүстэй танилцаж Монгол, Австрали улсын харилцааг улам сайжруулах талаар хувь нэмрээ оруулахыг хүсэв. Эцэст нь тэтгэлэг хүртэгчдэд сурлагын амжилт хүсэн ерөөж, буцаж ирээд Монгол Улсаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг санууллаа.

Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн захирал Л.Энхтүвшин өөрийн багийн нэрийн өмнөөс тэтгэлэг хүртэгчдэд баяр хүргээд, тэднийг өөрсдийгөө болон гэр бүлийн гишүүдээ, мөн өөрсдийн хаана ажилладаг, сонгон суралцах чиглэлээ танилцуулахыг хүслээ.

Уг семинарын эхний өдөр Австралийн Гадаад Хэрэг, Худалдааны Яамнаас гаргасан Австралид сурч, амьдрах талаар зайлшгүй олгох ёстой мэдээллийг тухайлбал Австралид хэрхэн сурч, амьдрах талаар зөвлөгөө өгч ярилцав. Уг семинарт тэтгэлгээр суралцаад ирсэн төгсөгчид оролцож, туршлагаасаа хуваалцлаа. Орон байр олох, гэр бүлээ аваачих, гэр бүлээр болон ганцаараа очиж суурьших, Австралид сурч, ажиллах талаар туршлагаасаа хуваалцсан. Түүнчлэн тэтгэлэг хүртэгчид бэлгийн мөлжлөг, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл авсан.

Семинарын хоёр дахь өдөр Австралийн соёлын талаар мэдээлэл авч бусад төгсөгчдийн туршлагаас суралцлаа. Тэтгэлэг хүртэгчид Брисбени, Мелбурн, Сидней зэрэг очиж сурах хотуудаар баг болж тухайн хотод сурч, амьдарсан төгсөгчид, Монголд ажиллаж буй Австралийн сайн дурын ажилтнуудын туршлагаас судаллаа.

Австралийн Элчин сайдын яамны Дэд тэргүүн Эндрю Бэрримэн тэтгэлэг хүртэгчид суралцахаар явах болсонд баяр хүргээд, Австрали, Монголын соёлын ялгааны талаар зөвлөгөө хуваалцсан. Тэрээр Австрали улсад байх хугацаандаа олон шинэ хүмүүстэй танилцаж Монгол, Австрали улсын харилцааг улам сайжруулах талаар хувь нэмрээ оруулахыг хүсээд, сурлагын амжилт хүсэн ерөөв.

Австралид төгсөгчдийн Моззис холбоо болон Монгол дахь Австралийн Худалдааны танхимын төлөөлөл, Эмэгтэйчүүдийн Манлайлал хөтөлбөрийн төгсөгч хүрэлцэн ирж, нийт төгсөгчид төгсөгчдийн холбоо, худалдааны танхимд нэгдэж, тэднээс зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхитэй оролцох нь чухал гэдгийг дурдлаа. Эцэст нь тэд Австралийн тэтгэлэг хүртэгчдэд амжилт хүсэв.