Төгсөгчдийг угтан авах үйл ажиллагаа
Нийтэлсэн: 2024-06-5
2024 оны 5-р сарын 24-ний өдөр Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газар Кристина Ноблийн Хүүхдийн Сантай хамтран Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөр Австралид магистрын сургалтаа амжилттай дүүргэн, эх орондоо эргэн ирж буй төгсөгчидөө угтан авах үйл ажиллагааг зохион байгууллаа. Дэлхийн байгаль хамгаалах өдрийг тохиолдуулан тус сангийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах төвд мод тарив.
Австралийн Элчин сайдын яам, Монгол-Австралийн Нийгэмлэг /Mozzies/-ийн удирдах зөвлөлийн гишүүн болон ШИМТ салбарын эмэгтэйчүүдийг чадавхжуулах богино хугацааны сургалтанд оролцогчдын хамт хөгжлийн бодлого, санхүү зэрэг тэргүүлэх салбарт магистрын зэрэг хамгаалсан төгсөгчдийг халуун дотноор угтан авлаа.
Төгсөгч П. Мөнхбаяр “Австрали улсад сургуулиа амжилттай дүүргэн эх орондоо ирээд мод тарих үйл ажиллагаанд оролцсондоо баяртай байна. Энэхүү үйл ажиллагаа нь миний сурч мэдсэн зүйлээ өөрийн эргэн тойрондоо болон хүрээлэн буй орчиндоо оруулах хүсэл эрмэлзлэлийг минь бүрэн илэрхийлж байна” гэв. Тэрээр Австралийн Үндэсний их сургуульд Олон улсын хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэг хамгаалсан юм.
Кристина Ноблийн Хүүхдийн Сан дахь мод тарих үйл ажиллагаа нь Монгол дахь Австралийн элчин сайдын яам болон Австралийн тэтгэлгийн хүрээлэн буй орчны тогтвортой байдал, нийгэм хамт олны үнэт зүйлстэй нийцэхийн сацуу тус сангийн байгаль орчинд чиглэсэн санаачлагыг дэмжиж байна.