< Өмнөх хуудас руу буцах

Тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч Г. Нямбат нь Монгол улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж байна

Нийтэлсэн: 2024-06-3

Ганболдын Нямбат нь хүүхэд ахуй цагаас эхлэн иргэний нисэхийн салбарт ажиллахыг эрмэлздэг байжээ. Олон хүүхэд ижил мөрөөдөлтэй байсан ч тэрээр үүнийг бодит болгохоор сэтгэл шулуудаж, сургуулиа төгсөөд төрж өссөн Улаанбаатар хотоос Украины Үндэсний Нисэхийн Их Сургуульд суралцахаар явсан. Украин улсад хоёр жил суралцсаны дараа тэрээр Тайланд улсын Бангкок хот дахь Иргэний нисэхийн сургалтын төвд суралцаж, Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллагаас зөвшөөрөгдсөн нислэгийн хөдөлгөөний удирдагчийн мэргэжил эзэмших тусгай зөвшөөрлийн болзол хангасны дараа зорилгодоо хүрч, 2010 онд Монгол улсын Иргэний Нисэхийн Ерөнхий газарт (ИНЕГ) нислэгийн хөдөлгөөний удирдагчаар анхны ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлжээ. Тэр цагаас хойш тэрээр хүүхэд насны мөрөөдлөөрөө амьдарч байна.

Нямбат Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, 2022 онд Гриффитийн Их Сургуульд Нисэхийн удирдлагын магистрын хөтөлбөрт суралцсан юм. Тэрээр тэтгэлэгтэй суралцах нь “амьдралд нэг л олдох ховорхон боломж” гэж онцолж байна.

Тэрээр мэргэжлийн ур чадвар, салбарын харилцаа холбоогоо бэхжүүлэхийн тулд Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн олон үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон байна. Жишээ дурдахад: 2023 оны 4-р сард Канберра хотод Өмнөд Ази, Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн оюутнуудын чуулга уулзалтад оролцож, Австралийн засгийн газрын албан тушаалтнууд, хөгжлийн салбарын төлөөлөгчид болон дипломат корпусын төлөөлөгчидтэй уулзаж, санал солилцох гайхалтай боломж олдсон.

Нямбат 2023 онд болсон Оюутнуудын чуулга уулзалтанд оролцсон Монгол оюутнуудын хамт

Мөн 2023 оны 3-р сард Аделайд хотноо зохион байгуулагдсан Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн сансар судлалтай холбоотой үйл ажиллагаанд Австралийн Сансар судлалын агентлагийн дарга Энрико Палермо, SmartSat хамтарсан судалгааны төвийн гүйцэтгэх захирал, профессор Энди Корониос нарын яриа хэлэлцүүлэгт оролцсон. Тус үйл ажиллагаа нь Нямбатад сансрын судалгааны үр нөлөөллийн талаар ойлголт мэдлэгээ тэлж, салбарын бусад оролцогчидтой уулзаж танилын хүрээгээ нэмсэн байна.

Нямбат Австралид суралцах хугацаандаа мэдлэг ур чадвар, харилцаа холбоогоо ахиулахаас гадна Австралийн соёл, түүхийн талаар цогц ойлголттой болсон. Үүнд 2023 онд (NAIDOC week) Австралийн уугуул иргэдийн соёл, түүхийг таниулах долоо хоногийн өдөрлөгөөс өмнө Стредбрук арлын Гуумпи аялалын хөтөлбөрийн зам дагуух уугуул иргэдийн соёлын үйл ажиллагаанд оролцсон. Австралийн зүүн өмнөд эрэг дагуух уугуул иргэд буюу Quandamooka-ийн төлөөлөл Мэттью Бернсийн удирдлаган дор тэрээр Австралийн бусад 13 тэтгэлэгт оюутны хамт соёлын сонирхолтой хөтөлбөрт хамрагдаж, уугуул иргэдийн биет болон биет бус соёлтой танилцсан.

Тэрээр магистрын сургалтын зорилгоо чухалчлан хичээсний үр дүнд өөрийн карьерын өсөлтийг хийж чадсан. Магистрын зэргээ амжилттай төгсөж, эх орондоо ирээд Иргэний Нисэхийн Үндэсний Төвд албан тушаал дэвшиж, Нислэгийн хөдөлгөөний удирдлагын менежмент, технологи үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн болсон. Энэхүү ажлын чиг үүрэг нь Монгол Улсын нислэгийн хөдөлгөөний удирдлагын хүрээнд бодлого, шийдвэр гаргах, аюулгүй байдлын зохицуулалтыг хийхэд голлон оролцдог.

              Нямбат Гриффитийн Их Сургуулийн номын санд

Австралийн тэтгэлэгт хөтөлбөр түүний ажил мэргэжилд ямар хувь нэмэр оруулсан талаар асуухад тэрээр Гриффитийн Их Сургуулиас магистраа амжилттай дүүргэсэн минь албан тушаал ахиулахад голлох үүрэг гүйцэтгэсэн хэмээн итгэл дүүрэн хариуллаа.

Австралийн боловсрол хувь хүний хөгжил төдийгүй мөн Монгол улсын хэтийн хөгжилд үр ашгийг хүртээж байна. Салбарын хөгжил талаас харахад Монгол улс нь далайд гарцгүй тул агаарын тээвэр нь стратегийн нэн чухал ач холбогдол бүхий салбар тул хөгжлийн асуудлыг зайлшгүй анхаарах шаардлагатай. Мөн манай улс газар зүйн байршлын давуу тал болох Европ, Азийг холбосон хамгийн үр дүнтэй агаарын замыг санал болгодог. ИНЕГ-аас агаарын нислэг үйлчилгээний гэрчилгээтэй дотоодын зургаан авиа компани байгаа бөгөөд эдгээрийн дөрөв нь хуваарьт нислэг, нэг нь захиалгат нислэг, нэг нь карго нислэг тус тус үйлддэг. Монгол Улс газарзүйн байршлынхаа давуу талыг ашиглахын тулд нисэхийн салбарт тэргүүлэгч орнуудад боловсрол эзэмшсэн, чадварлаг боловсон хүчний нөөц нэн хэрэгтэй хэмээн тэрээр тайлбарлаж байна.

Австрали улсад суралцаж олж авсан мэдлэг, туршлага, ур чадвараа дайчлан салбартаа өөрийн хувь нэмрээ оруулахыг хичээж ажиллаж байна гэв.

         Нямбат Сидней хотын Дуурийн театрын гадна

Нямбат Австралийн тэтгэлэгт хамрагдаж, мөн Австралийн боловсролын бүхий л давуу талыг олж мэдсэн туршлагаа байнга түгээж, олон залуусыг тус тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргаж өөрийгөө сорихыг хүсдэг. “Тус тэтгэлэгт хамрагдахын тулд хичнээн их хүсэл зорилго, хичээл зүтгэлээ зориулсан оюутны хувьд та салбартаа манлайлан улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг үнэхээр хүсч байвал түүндээ хүрэх нь гарцаагүй” гэж бахархалтай өгүүлж байна. Тэтгэлгээс үзүүлэх нэмэлт тусламж, дэмжлэгийн талаар тайлбарлахдаа “Хэрэв та Австралийн тэтгэлэгт хамрагдаж чадвал гэр бүлийн хамт явах боломжтой бөгөөд тэд Австралийн санал болгож буй олон нийгмийн халамж, дэмжлэгт үйлчилгээг хүртэх боломжтойг онцлов. Тиймээс би хүмүүсийг эх орондоо болон өөртөө эерэг өөрчлөлт хийхийн тулд Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг уриалж байна.”

Тэрээр өргөдөл гаргагчдад хандаж, “Өөртөө итгэж, энэ сайхан боломжийг алдахгүйг хичээх”-ийг хичээнгүйлэн зөвлөв. “Би Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч гэдгээр үргэлж бахархах болно.”хэмээв.