2024 оны тэтгэлэг хүртэгчдэд зориулсан Үдэлтийн Семинар
Нийтэлсэн: 2023-11-20
Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газар 2024 онд Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнуудад зориулсан үдэлтийн семинарыг 2023 оны 11-р сарын 17-18-ны өдрүүдэд Хүүхдийн төв номын сангийн дэргэдэх Австралийн танхимд зохион байгууллаа. Тэтгэлэг хүртэгч найман оюутан, тэдний гэр бүл, асран хамгаалагчид тус семинарт оролцов. Семинарт Австралийн Элчин Сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Дэйвид Прэстон, Төрийн Албаны Зөвлөлийн гишүүн Д. Баатарсайхан, Австралид төгсөгчид, Монголд ажиллаж буй Австралийн сайн дурын ажилтнууд, Австралид төгсөгчдийн Моззис холбооны төлөөлөл хүрэлцэн ирсэн юм. Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн захирал Л.Энхтүвшин өөрийн багийн нэрийн өмнөөс тэтгэлэг хүртэгчдэд баяр хүргээд, тэднийг өөрсдийгөө болон гэр бүлийн гишүүдээ, мөн өөрсдийн хаана ажилладаг, сонгон суралцах чиглэлээ танилцуулахыг хүслээ.
Тус семинарыг Австралийн Элчин Сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Дэйвид Прэстон, Төрийн Албаны Зөвлөлийн гишүүн Д. Баатарсайхан нар нээж үг хэллээ. Тэд 2024 оны шалгаруулалтанд тэнцсэн тэтгэлэг хүртэгчид суралцахаар явах болсонд онцгойлон баяр хүргэв. Тэд соёлын ялгааны талаар зөвлөгөө хуваалцаж, тэтгэлэгт хүртэгчидтэй уулзаж, Австрали улсад байх хугацаандаа олон шинэ хүмүүстэй танилцаж Монгол, Австрали улсын харилцааг улам сайжруулах талаар хувь нэмрээ оруулахыг хүсэв. Эцэст нь тэтгэлэг хүртэгчдэд сурлагын амжилт хүсэн ерөөж, буцаж ирээд Монгол Улсаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг санууллаа.
Уг семинарын эхний өдөр Австралийн Гадаад Хэрэг, Худалдааны Яамнаас гаргасан Австралид сурч, амьдрах талаар зайлшгүй олгох ёстой мэдээллийг тухайлбал Австралид хэрхэн сурч, амьдрах талаар зөвлөгөө өгч ярилцав. Уг семинарт тэтгэлгээр суралцаад ирсэн төгсөгчид оролцож, туршлагаасаа хуваалцлаа. Орон байр олох, гэр бүлээ аваачих, гэр бүлээр болон ганцаараа очиж суурьших, Австралид сурч, ажиллах талаар туршлагаасаа хуваалцсан. Түүнчлэн тэтгэлэг хүртэгчид бэлгийн мөлжлөг, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл авсан.
Семинарын хоёр дахь өдөр Австралийн соёлын талаар мэдээлэл авч бусад төгсөгчдийн туршлагаас суралцлаа. Тэтгэлэг хүртэгчид Аделайд, Канберра, Мелбурн, Сидней зэрэг очиж сурах хотуудаар баг болж тухайн хотод сурч, амьдарсан төгсөгчид, Монголд ажиллаж буй Австралийн сайн дурын ажилтнуудын туршлагаас судаллаа.
Австралид төгсөгчдийн Моззис холбооны төлөөлөл, Эмэгтэйчүүдийн Манлайлал хөтөлбөрийн төгсөгчид хүрэлцэн ирж, нийт төгсөгчид Австралид төгсөгчдийн Моззис холбоонд нэгдэж, холбооноос зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхитэй оролцох нь чухал гэдгийг дурдлаа. Эцэст нь тэд Австралийн тэтгэлэг хүртэгчдэд амжилт хүсэв.