< Өмнөх хуудас руу буцах

Батмандахын Бямбанаран: Монголын санхүүгийн салбарыг хөгжүүлэхийн тулд Австрали улсад суралцаж байна

Нийтэлсэн: 2023-04-28

Батмандахын Бямбанаран Австралийн тэтгэлэг хүртэхээсээ өмнө Монгол улсад компаний санхүүгийн чиглэлээр таван жил гаруй ажиллаж, тогтмол орлоготой үнэт цаасжуулалт, хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлээр мэргэшсэн. Б.Бямбанаран тэтгэлэгт хамрагдсанаараа Монгол Улсын санхүүгийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж, тогтвортой өсөлтийг бий болгохыг хүсч байна.

Бямбанаран нь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн 2024 оны зар сурталчилгааны “нүүр царай” болсон билээ. Бид түүний Австралийн тэтгэлэг хүртсэн туршлагыг бусад тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй хүмүүстэй хуваалцах зорилгоор түүнтэй ярилцлаа.

Та яагаад Австралийн тэтгэлэгт өргөдөл гаргах болсон вэ?

Тэтгэлгийн зорилго нь Монгол Улсад урт хугацаандаа тогтвортой хөгжлийг бий болгох, ялангуяа эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй хүмүүсийг сургахад туслах явдал гэж би боддог. Хөтөлбөрт тавигддаг шаардлага нь миний урт хугацааны зорилго, ирээдүйн төлөвлөгөөтэй нийцэж байгаа гэдэгт би итгэлтэй байгаа. Би санхүүгийн чиглэлээр гадаад оронд магистрын зэрэг хамгаалж, мэдлэг, ур чадвараа хөгжүүлэхийг үргэлж хүсдэг байсан. Австралийн эдийн засаг Монголын нэгэн адил хөдөө аж ахуй, уул уурхайн салбараас хамааралтай учраас би бусад өндөр хөгжилтэй орнуудаас Австрали улсыг илүүд үзсэн. Гэсэн хэдий ч Австрали улс уул уурхай, хөдөө аж ахуйгаас гадна үйлчилгээ, боловсрол, санхүү зэрэг салбаруудад эдийн засгаа төрөлжүүлсэн. Бид Австрали улсын тогтвортой өсөлтийг дэмжих, эдийн засгийн уналтыг даван туулах туршлагаас суралцах зүйл их байна.

Та ямар чиглэлээр суралцаж байна вэ?

Би Мелбурны Их Сургуульд Санхүүгийн удирдлагын магистрт суралцаж байна. Мелбурны Их Сургууль 2023 онд Дэлхийн их сургуулиудын эрэмбээр (QS World University Rankings 2023) Австралид улсад нэгдүгээр байранд, Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр дэлхийд 23-р байранд тус тус эрэмбэлэгддэг тэргүүлэгч их сургуулиудын нэг бөгөөд санхүүгийн чиглэлээр олон мянган нийтлэл, судалгааны бүтээл хэвлүүлдэг судалгааны их сургууль юм. Тус сургуульд суралцаж байгаа нь миний хувьд судалгаа, дүн шинжилгээ хийх чадварыг хөгжүүлэхэд тусалсан. Мөн миний сонгосон курс нэмэлтээр дадлагын хөтөлбөр, кейс уралдаан, ажил мэргэжлийн хөгжлийн хөтөлбөр зэрэг хичээлээс гадуурх олон үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр үйл ажиллагаа нь надад мэдлэгээ практик дээр хэрэгжүүлэх боломжийг олгож, мэдлэг ур чадвараа сайжруулахад тусалдаг.

Австралийн тэтгэлэг танд хувь хүний болон мэргэжлийн хувьд хэрхэн хувь нэмэр оруулж байна бэ?

Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь оюутнууд, төгсөгчиддөө урт хугацааны харилцаа холбоотой байх боломжийг олгодог. Тус тэтгэлэг нь оюутан, төгсөгчдийг харилцан холбоотой байлгах, бусад орны оюутнуудтай туршлага солилцох үйл ажиллагааг зохион байгуулдаг. Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газраас зохион байгуулдаг Академик бэлтгэл хөтөлбөрөөр 20 гаруй орноос хүрэлцэн ирсэн 170 гаруй оюутнуудтай уулзсан нь надад олдсон анхны боломж байсан бөгөөд энэхүү хөтөлбөр нь оролцогчдын дунд нетворкийн бий болгож, бусад оюутнуудтай урт хугацааны харилцаа холбоо тогтоох үндэс суурийг тавих сайхан боломжийг олгодог. Би суралцах хугацаандаа Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр мэргэжлийн үйл ажиллагаанд оролцох, мэргэжил нэгт хүмүүстэй танилцах боломжийг бий болгож мөн салбарын мэргэжилтнүүд, профессоруудаас олж авсан мэдлэг ур чадвар нь миний мэргэжлийн болон хувь хүний ур чадварыг дээшлүүлж байгаа гэдэгт итгэлтэй байна. Би өөрийн суралцаж, олж авсан мэдлэгээ хамтран ажиллагсад болон бусад оюутнуудтай, мөн тус салбарт ажиллаад удаагүй байгаа бусад орны мэргэжилтнүүдтэй туршлагаа хуваалцахыг хүсдэг.

Та тэтгэлэгт хамрагдсанаар мэргэжлийн сүлжээгээ хэрхэн хөгжүүлж байгаа талаараа хуваалцана уу?

Би дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн өндөр ур чадвартай хүмүүстэй хамт суралцахын зэрэгцээ 2021 онд Мелбурн дахь Санхүүгийн шинжээчийн (CFA) нийгэмлэгийн гишүүн болсон. Нийгэмлэг нь 2000 онд байгуулагдсан хөрөнгө оруулалтын мэргэжилтнүүдийн холбоо юм. Тус нийгэмлэг нь Мелбурн хот болон бусад оронд байрлах салбараараа дамжуулан боловсрол олгох, нетворкийн хийх болон бусад үйл ажиллагаагаар дамжуулан гишүүддээ үйлчилдгээрээ онцлог. Нийгэмлэгээс зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоноор Австрали дахь мэргэжлийн сүлжээгээ өргөжүүлэх боломж олддог.

Австрали улсад суралцахаас гадна тухайн улсад амьдарч буй өөрийн туршлагаас хуваалцана уу?

Мелбурн хот бол ажил амьдралын тэнцвэртэй байдал, нийгмийн тогтвортой байдал, ялангуяа залуучуудын нийгмийн ур чадварыг хөгжүүлдэг спорт, боловсролын үйл ажиллагаануудын ачаар дэлхийн хамгийн амьдрахад таатай хотуудын нэг болсон. Би чөлөөт цагаа Австралийн соёл, нийгэм, хүрээлэн буй орчинтой танилцан өнгөрөөдөг. Мелбурн бол олон орны хүмүүс суурьшсан хот учраас надад тав тухтай бүсээсээ гарч, шинэ зүйл турших төдийгүй олон үндэстний соёлтой танилцах боломжийг олгодог.

Та тэтгэлэгээр суралцаж төгссөний дараа юу хийхийг хүсэж байгаа вэ?

Би компаний санхүүгийн чиглэлээр таван жил гаруй ажиллаж, тогтмол орлогын үнэт цаасжуулалт, хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлээр мэргэшсэн. Надад хүмүүсийн амьдралд, ялангуяа санхүүгийн салбарт эерэг өөрчлөлт авчрах боломж байгаа нь асар их сэтгэл ханамжийг өгдөг. Миний хэтийн зорилго бол томоохон төслүүдийн санхүүгийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн санхүүгийн бүтээгдэхүүнийг Монгол Улсад нэвтрүүлэх замаар санхүүгийн салбарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах явдал юм. Эдгээр төслийн санхүүжилтийн зардал, валютын ханшийн эрсдлийг бууруулахын тулд санхүүгийн хэрэгслүүдийг үр дүнтэй ашиглах шаардлагатай гэдэгт би итгэдэг. Төрөл бүрийн санхүүгийн бүтээгдэхүүний шилдэг туршлага болон хэрэглээг судалснаар би ногоон үнэт цаасжуулалт гэх мэт өөр өөр бүтээгдэхүүнээр дамжуулан санхүүжилтийн хэрэгцээг хангахыг хүсч байна. Би эдгээр бүтээгдэхүүний санхүүжилтийн бүтцийг судалснаар, дотоодын санхүүгийн зах зээлд хэрэгжүүлэх боломжтой зарчмуудыг тодорхойлох болно. Миний судлахыг хүссэн сэдэвтэй Хөрөнгө оруулалтын менежмент, үүсмэл үнэт цаас зэрэг үндсэн хичээлүүдтэй бүрэн нийцэж байгаа.

Та тэтгэлэгт өргөдөл гаргагчдад ямар зөвлөгөө өгөх вэ?

Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь оюутнуудад Австрали улсад шилдэг боловсрол эзэмших сайхан боломжийг олгодог. Төгсөгчид нь Австралийн төгсөгчид болох хөгжлийн төлөөх манлайлагчдын сүлжээнд нэгддэг. Та өргөдөл гаргахдаа хамгийн сайн нэр дэвшигч гэдгээ харуулах нь чухал юм. Тэтгэлэгт хамрагдах өргөдөл гаргахдаа өргөдөлөө аль болох эрт эхлүүлж, өөрийн боловсрол, ажлын туршлагаа эргэцүүлэн бодох, цаашдын төлөвлөгөө, судалгааныхаа тухай цогцоор нь төлөвлөх хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд та мөрөөдөлдөө хүрч, эх орныхоо хөгжилд илүү их хувь нэмэр оруулах боломжийг бүү алдаарай.