< Өмнөх хуудас руу буцах

Австралийн үндэсний баярын өдөр

Нийтэлсэн: 2023-02-17

Австралийн Элчин сайдын яамнаас Австралийн үндэсний баярын өдрийг 1-р сарын 27-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Мөн энэ өдөр Монгол улсад Австралийн тэтгэлэг олгож эхэлсний 30 жилийн ойн баярын нээлт болов. Уг арга хэмжээнд Австралийн Элчин сайдын яам, Монгол Улсын засгийн газрын төлөөлөл, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчдийн газар, Олон улсын байгууллага, Австралийн хөтөлбөрийн газар, Монгол-Австралийн Худалдааны танхим, Австралийн Сайн дурынхны олон улсын байгууллага, Австрали Монголын Эрдэс баялгийн хөтөлбөр, Австралид төгсөгчдийн холбоо, төгсөгчдийн төлөөлөл оролцов.

Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кейти Смит үйл ажиллагаанд ирсэн зочдод Австралийн үндэсний баярын өдрийн мэндийг хүргэснээр тус үйл ажиллагааг нээв. Тэрээр энэ жил Монгол улсад Австралийн тэтгэлэг олгож эхэлсний 30 жилийн ой тохиож буйгаараа онцгой ач холбогдолтой гэдгийг онцоллоо. Элчин сайд бидний нөхөрлөл, хүндэтгэл нь манай ард түмэн, бизнес хоорондын харилцаа, төрийн байгууллагуудад үр өгөөжөө өгч, хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлнэ гэдгийг онцлов. Тэрээр энэ өдөр Австрали найз нөхөд, Австралид төгсөгчидтэй хамтдаа эргэцүүлэн дурсах, харилцан хүндэтгэлтэй хандах сайхан боломж тохиож байна гэв. Төгсгөлд нь тэрээр хүрэлцэн ирсэн оролцогчдод талархал илэрхийлээд, үдшийг сайхан өнгөүүлэхийг хүслээ.

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сайд, УИХ дахь Найрамдлын бүлгийн дарга Х.Булгантуяа хүрэлцэн ирсэн оролцогчдод нийт төгсөгчдийн нэрийн өмнөөс Австралийн үндэсний баярын өдрийн мэнд хүргэв. Тэрээр 1993 оноос Монгол Улсад тэтгэлэг олгож эхэлснээс хойш өдгөө 700 гаруй төгсөгч Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж буй гэлээ. Тэрээр Австралийн засгийн газар, байгууллагуудын олон салбарт нэн ялангуяа уул уурхайн салбарт үзүүлж буй хувь нэмрийг онцлон тэмдэглэв. Эцэст нь тэрээр Монгол улсад Австралийн тэтгэлгээр урт, богино хугацааны тэтгэлэгтэй суралцах боломж олгож байгаа Австралийн Засгийн газарт талархал илэрхийлэв.

Австралийн хөтөлбөрийн газрын захирал Л. Энхтүвшин хөтөлбөрийн ололт амжилтууд, урт, богино хугацааны сургалтууд, туршлага солилцох боломжууд, эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр, төгсөгчдийн нийгэмд чиглэсэн төслийн санхүүжилт зэрэг хөтөлбөрүүдийн талаар танилцуулав.

Үйл ажиллагааны төгсгөлд оролцогчид Хөсөгтөн хамтлагийн тоглолт, Австралийн төгсөгчдийн Австрали, Монгол улсын төрийн дуулал, бусад сэтгэлд хоногшсон ая дууны дээжээс сонирхолоо.