< Өмнөх хуудас руу буцах

Гантулгын Мөнх-Эрдэнэ: Боловсрол болон судалгаа шинжилгээний ажлаараа дамжуулан Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулж байна

Нийтэлсэн: 2022-10-21

Alumni, Experience, Impact,

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч Г.Мөнх-Эрдэнэ Австралид эзэмшсэн боловсролоо ашиглан Монгол улсынхаа боловсрол болон өнөөгийн нийгэм, хөгжил судлалын салбарт хувь нэмрээ оруулж байна. Тэрээр 2020 онд Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Мельбурны Их Сургуульд Хөгжил судлалын магистрын зэргээ хамгаалсан. Мөн тэрээр МУИС-ийн угсаатны судлалын бакалавр, нийгэм соёлын антропологийн ухааны магистр зэрэгтэй.

Мөнх-Эрдэнэ өдгөө МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн ахлах багшаар ажиллаж байна. Бид түүнтэй уулзаж түүний ажил мэргэжил, Монголын боловсролын шинэчлэлд оруулж хувь нэмрийнх нь талаар ярилцлаа.

Та өөрийн салбартаа хийж байгаа ажил, Монгол Улсын хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулж байгаа талаараа танилцуулна уу?

Би МУИС-д ахлах багшаар ажиллахын хажуугаар, Монгол дахь “нинжа” уурхайчдын нийгмийн амьдрал (гар аргаар алт олборлогчид), үндсэрхэг үзэл, соёлын өв, даяаршил, капитализм, хөгжил, албан бус эдийн засаг, бэлчээрийн мал аж ахуйн амьдралын хэв маяг, уул уурхай зэрэг олон сэдвээр антропологийн судалгаа хийх сонирхолтой.

Би олон улсын мэргэжлийн сэтгүүлүүдэд хянан тохиолдуулсан 20 орчим нийтлэл бичиж хэвлүүлсэн. Эдгээр нийтлэлүүд маань капитализм, албан бус эдийн засаг, соёлын өв гэх мэт Монголын өнөөгийн нийгэм, хөгжлийн асуудлуудтай холбоотой. Миний нийтлэлүүд бодлого боловсруулагчид, шийдвэр гаргах үйл явцад оролцдог хүмүүст хэрэг болж байгаа гэж бодож байна. Энэ мэтээр миний судалгаа Монгол Улсын хөгжилд, ялангуяа дээд боловсрол, эрдэм шинжилгээ, судалгааны салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байна.

Австралийн тэтгэлэгт хөтөлбөр таны карьерт хэрхэн нөлөөлсөн бэ?

Надтай тааралдсан олон монголчууд улс орноо яаж хөгжүүлэх вэ, эсвэл Монголын нийгэм, эдийн засгийн асуудлыг яаж сайжруулах вэ гэж ярьдаг. Гэвч тэдний үзэл баримтлал нь ихэвчлэн “модернизмийн онол” (1970-аад оны эхэн үеийн үл ойшоогдсон онол) дээр тулгуурладаг гэж би боддог. Олон хүн Хөгжил судлалыг тухайлсан салбар гэж хэзээ ч сонсож байгаагүй. Хөгжил бол академик буюу судалгаанд суурилсан сэдэв юм. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн талаархи ерөнхий тодорхойлолт биш; энэ бол Хүний хөгжил юм.

Би Австралид суралцаж төгсөөд МУИС-д багшаар ажилд орж, Мельбурны их сургуульд суралцсан туршлага дээрээ тулгуурлан “Хөгжлийн антропологи: Даяаршил ба либерализм” гэсэн сэдэвтэй хичээл зааж эхэлсэн. Энэхүү сургалт нь Монгол Улсад анх удаа хөгжил судлалд сонирхол бүхий олон нийтэд зориулсан утга учиртай, үр дүнтэй хэлэлцүүлгийн уур амьсгалыг бүрдүүлсэн хичээл байсан. Бид “хөгжилтэй орнуудын” юу хийж байгааг зүгээр хуулбарлах, эсвэл бусдаас хөгжлийн тусламж хүсэх биш энэ асуудалд нухацтай, мэргэжлийн түвшинд хандах ёстой. Энэ хүрээнд Австралийн тэтгэлэг миний карьер болон манай улсын хөгжил судлалд тусалсан. Уг хичээлээрээ дамжуулан би оюутнууддаа анх удаа олон судалгааны ажлыг танилцуулж чадсан бөгөөд, тэд тэгш бус байдал, иргэний нийгэм, либерализм зэрэг хөгжил судлалтай холбоотой асуудлуудын талаар сонирхолтой үзэл бодол байдгийг олж мэдсэн. Манай курсын олон оюутнууд хөгжил гэж чухам юу болохыг одоо илүү сайн ойлгож байгаа гэдэгт би маш итгэлтэй байна.

Энэ сарын эхээр бид Дэлхийн багш нарын өдрийг тэмдэглэсэн. Энэ жилийн багш нарын баяр “Боловсролын өөрчлөлт нь багшаас эхэлнэ” уриан дор болж байна. Энэ уриан дор Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгчиддөө болон бусад хүмүүст хандаж хэлэх таны захиас юу вэ?

“Ажиллаж байгаа газартаа үр бүтээлтэй байгаарай” гэж хэлмээр байна. Зөвхөн одоо байгаа тогтолцоог дагаж мөрдөөд зогсохгүй түүнийг сориод үз. Хэрэв та Австралиас ямар нэгэн утга учиртай зүйл сурсан бол үүнийгээ сошиал сүлжээнд нийтлэх, арга хэмжээ зохион байгуулах эсвэл энэ талаар ямар нэг зүйл нийтлэх байдлаар бусдад зааж өгөөрэй. Заах болон суралцах нь зөвхөн анги танхимаар хязгаарлагдахгүй. Идэвхтэй байж, ‘’Боловсролын өөрчлөлт”-ийн эхлэлийн цэг болоорой.

Түүнчлэн өөрчлөлт, өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэх сонирхолтой над шиг судлаачид, багш нарт үргэлж дэмжлэг үзүүлдэг Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт гүнээ талархаж байгаагаа илэрхийлмээр байна.