< Өмнөх хуудас руу буцах

Англи хэлний сургалт

Нийтэлсэн: 2022-03-10

Австралийн Засгийн газрын 2022 оны элсэлтийн тэтгэлэг хүртэгчдийн Англи хэлний сургалт амжилттай дууслаа. Сургалтын хаалтын ажиллагааг 2022 оны 03 сарын 04-нд зохион байгууллаа. Хаалтын ажиллагаанд Австралийн засгийн газрын төлөөлөл, Тэтгэлэгт хөтөлбөрийн газар, тэтгэлэг хүртэгчид, Олон Улсын Мэргэжлийн Боловсролын Хүрээлэн (ОУМБХ)-ийн багш, удирдлагын бүрэлдэхүүн оролцлоо.

Австралийн ЭСЯ-ыг төлөөлөн Хөтөлбөрийн ажилтан Х. Өрнөх хэлэхдээ Австралийн Засгийн газар цаг үеийн нөхцөл байдлаас үл хамааран ирээдүйн удирдагчдыг тасралтгүй дэмжиж ирснийг цохон тэмдэглээд уг тэтгэлэгт шалгарч, хэлний бэлтгэл сургалтыг амжилттай дүүргэсэн залууст баяр хүргэж, амжилт хүслээ. Тэрээр 2022 оны хувьд Австрали-Монгол 2 улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгааг онцлон тэмдэглэсэн.

Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн захирал Л. Энхтүвшин сургалтаа амжилттай дүүргэж, Австралийн их дээд сургуульд элсэн суралцах болзол хангасан нийт оролцогчдод баяр хүргэлээ. Тэрээр дэлхийн өнцөг булан бүрээс энэхүү тэтгэлэгт шалгарч, Австралийн их дээд сургуульд суралцах болзол хангасан олон мянган залуусын эгнээнд нэгдэж байгаад баяр хүргэхийн зэрэгцээ уг бэлтгэл хөтөлбөрийг амжилттай зохион байгуулахад хувь нэмрээ оруулсан байгууллага, хүмүүст талархлаа илэрхийллээ.

Тэтгэлэг хүртсэн залуус уг сургалтыг мэргэжлийн түвшинд, чанартай зохион байгуулсан ОУМБХ-ийн нийт хамт олонд талархсанаа илэрхийлж байлаа. Академик IELTS шалгалтын бэлтгэлийг өндөр түвшинд хангаад зогсохгүй, Австралийн их дээд сургуульд амжилттай суралцаж, дүүргэхэд тухайн суралцагчийн зүгээс анхаарах зүйлсийг хөтөлбөртөө багтаасан нь уг сургалтын онцлог байсныг төгсөгчид дурдсан.

Мөн англи хэлтэй орнуудад их дээд сургууль төгссөн, олон салбарын манлайлагч залуусын төлөөлөл туршлагаа хуваалцаж, мэдээлэл зөвлөгөө өгөх ‘Sharing is Caring’- зочны булан их өгөөжтэй байсан, сургалтыг дүүргэснээр академик орчинд амжилттай суралцахад шаардлагатай мэдлэг, чадварыг бүрэн эзэмшсэн хэмээн онцлон тэмдэглэжээ.