< Өмнөх хуудас руу буцах

Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөр

Нийтэлсэн: 2021-11-25

Нээлтийн үйл ажиллагаа:

Эмэгтэйчүүдийн Манлайллын Хөтөлбөрийн 8 дахь элсэлтийн нээлтийн үйл ажиллагаа 2021 оны 10-р сарын 22-нд болж өнгөрлөө. Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөр нь Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүрэлдэхүүн хөтөлбөр юм.

Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөр нь Австрали улсад магистр болон докторын зэргээр суралцаж төгссөн төгсөгчдийн манлайлалын ур чадварын хөгжүүлэх, нийгмийн хөгжилд чиглэсэн өөрчлөлт, шинэчлэлийг эхлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой. Энэ жил тус хөтөлбөрт нийт 22 оролцогч (20 эмэгтэй, 2 эрэгтэй) сонгон шалгарсан. Энэ бүлэгт оролцогчдын дийлэнх нь (54.5%) хувийн хэвшилд, 36.4% нь төрийн албанд, 9.1% нь иргэний нийгмийн салбарт ажиллаж байна.

8 сарын цогц манлайлал, хөгжлийн хөтөлбөрийн турш оролцогчид манлайлал, харилцааны ур чадвараа хөгжүүлж, өндөр гүйцэтгэлтэй багийг хэрхэн бий болгох, мэргэжлийн харилцаа холбоо, сүлжээг хэрхэн ашиглах, удирдах талаар суралцана. Түүнчлэн шинийг санаачлагч, манлайлагч болж төлөвших, өөрийн манлайллын хэв маягийг бий болгох боломжийг тус хөтөлбөр олгох юм.

Нээлтийн үйл ажиллагаанд Австралийн Элчин Сайдын Яам, Монгол-Австралийн Нийгэмлэг, Квинсландын Технологийн их сургуулийн төлөөлөл, Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн хамт олон болон Зориг сангийн төлөөлөл оролцлоо. Нээлтийн үйл ажиллагааг нээж Австралийн Элчин Сайдын Яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Дэвид Престон, АНУ дахь Зориг сангийн Ерөнхийлөгч Уолтер Женкинс, Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн захирал Лүндэнгийн Энхтүвшин болон Квинсландын Технологийн их сургуулийн Хөгжлийн менежер Винсент Сакриз нар хөтөлбөрийн 8 дахь элсэлтийн оролцогч нарт баяр хүргэж Монгол улсын хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал нэн чухал болохыг онцлов. Хөтөлбөрийн албан ёсны үйл ажиллагаа өндөрлөсний дараа зочид төлөөлөгчид өөр хоорондоо танилцаж, сонирхолтой яриа өрнүүлэх боломж олдсон төдийгүй асуулт хариултын тэмцээнд идэвхтэй оролцож үдшийг өнгөрөөв.