< Өмнөх хуудас руу буцах

2022 оны Австралийн тэтгэлэг хүртэгчдийг хүлээн авч уулзлаа

Нийтэлсэн: 2021-10-8

Монгол дахь Австралийн Тэтгэлэгт хөтөлбөрийн газар 2022 оны Австралийн Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан төр, хувийн хэвшлийн нийт 10 тэтгэлэг хүртэгчдийг 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч уулзлаа. Эдгээр тэтгэлэг хүртэгчид нь Австралийн шилдэг их сургуулиудад хөгжил судлал, байгаль орчин, инженерчлэл, хөгжлийн эдийн засаг, хууль, санхүү зэрэг чиглэлүүдээр магистрын зэргийн сургалтанд хамрагдах юм.

Тус үйл ажиллагаанд Австралийн Элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Дэйвид Прэстон, Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн болон тэтгэлэг хүртэгчид оролцлоо.

Уг арга хэмжээг Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн нээж үг хэллээ. Тэрээр Австралийн Тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн тэтгэлэг хүртэгчдэд баяр хүргээд, хөдөө орон нутгаас өргөдөл гаргасан хүмүүс тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэнд баяртай байгаагаа тэмдэглэн хэллээ. Мөн Австралийн засгийн газарт Монгол улсын хөгжлийн дараагийн үеийн манлайлалчдыг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлэв. Тэрээр тэтгэлэг хүртэгчдэд Австрали улсад амжилттай суралцаж өөрсдийн эзэмшсэн мэдлэг, чадвараа ашиглан эерэг өөрчлөлт гаргаж Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулна гэж найдаж байгаагаа илэрхийлээд сурлагын амжилт хүслээ.

Үүний дараа Австралийн Элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Дэйвид Прэстон тэтгэлэг хүртэгчдэд баяр хүргэж, боловсролдоо хөрөнгө оруулалт хийж, Монгол улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулж байгааг харахад таатай байна гээд, Австрали, Монгол улсын элч нь байж, хоёр улсын хоорондын гүүр болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа хэлэв. Тэрээр цаашид ч Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийг дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийлээд, тэтгэлэг хүртэгчдийг суралцаж байх хугацаандаа олон найз нөхөдтэй болж, олон газруудаар зочилон, төгсөж ирснийхээ дараа өөрсдийн эзэмшсэн мэдлэг туршлагаа ашиглан Монгол улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүслээ.

Монгол, Австралийн засгийн газрын төлөөлөл нээлтийн үг хэлcний дараа тэтгэлэг хүртэгчид Австрали улсад суралцахаар сонгосон чиглэлийнхээ талаар товч танилцууллаа.

Тус арга хэмжээний төгсгөлд, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газар хэлэлцүүлэг зохион байгуулж, Австралийн тэтгэлгийн баримталж буй бодлого, тэтгэлэгт хөтөлбөрт тавигддаг нөхцлүүд, суралцахын өмнөх бэлтгэл хөтөлбөрийн талаар мэдээлэл өгснөөр үйл ажиллагаа өндөрлөв.