Удирдах төвшний эмэгтэйчүүдийн манлайлал хөгжлийн хөтөлбөр
Нийтэлсэн: 2021-10-6
2021 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Удирдах төвшний эмэгтэйчүүдийн манлайлал хөгжлийн (УЭМХ ) хөтөлбөр нь салбар бүрийн төлөөлөл бүхий 24 удирдах болон дунд төвшинд ажиллаж буй эмэгтэйчүүдийг амжилттай төгсгөлөө. Аураг төвд зохиогдсон тус төгсөлтийн үйл ажиллагаанд хөтөлбөрийн санхүүжүүлэгч тал, хэрэгжүүлэгч тал мөн төгсөгчид оролцсон байна. Тухайлбал, онцлох зочдын дунд Австралийн Элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга ноён Дэйв Прэстон, тус хөтөлбөрийн удирдагч Доктор Мишээл Данн, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Л. Энхтүвшин, Зориг сангийн гүйцэтгэх захирал хатагтай Б. Цолмон нар багтаж байсан. Мөн түүнчлэн тус арга хэмжээнд Австралийн худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөл оролцсон байна. Ёслолын арга хэмжээний дараагаар Австралийн үндэсний “lean in” нийгэмлэгийн дарга хатагтай Жилинда Ли оролцогчдод хөтөлбөрөө амжилттай дүүргэсэнд баяр хүргэн эмэгтэйчүүдийн нийгэмлэг эвслүүдийн үйл ажиллагааг хэрхэн тогтвортой явуулж болох талаар мэдээлэл өгч төгсөгчидтэй санаа бодлоо солилцлоо.
УЭМХ нь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн дэд хэсэг бөгөөд 2021 оны 6 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд холимог хэлбэрээр явагдсан богино хугацааны хөтөлбөр юм. Хөтөлбөрт хамрагдсанаар 24 удирдах төвшний эмэгтэйчүүд өөр хоорондоо танилцаад зогсохгүй манлайллын ур чадвараа дээшлүүлсэн юм. Тус хөтөлбөрийн хүрээнд оролцогчид Австрали болон Монгол дахь мэргэжлийн хүрээллээ өргөжүүлж, мэдээлэл туршлага солилцсон байна. Мөн түүнчлэн 3 сарын хугацаанд 24 оролцогчид манлайлал, багийн ажиллагаа, байгууллагын дотоод өөрчлөлт, хэлэлцээр, жендэр, нийгмийн оролцоо гэсэн сэдвийн хүрээнд мэдлэгээ дээшлүүлсэн байна. Тус богино хугацааны хөтөлбөрийг Зориг сан Квинслендын Их сургуультай анх удаагаа хамтран хэрэгжүүлсэн юм.