< Өмнөх хуудас руу буцах

Төгсөгчдийн Буцаан байршуулах семинар 2019

Нийтэлсэн: 2019-10-5

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгчдийн Буцаан байршуулах семинар 2019 оны 10-р сарын 2-ны өдөр Туушин зочид буудлын хурлын танхимд болж, нийт 11 төгсөгч  4 ажил олгогчийн төлөөлөл оролцлоо. Тус үйл ажиллагаанд хүндэт зочиноор Засгийн газрын хэрэг эрхлэх газрын референт Б.Нарангуа, Монгол Австралийн худалдааны танхимын ерөнхийлөгч Майкал Маршалл нар оролцлоо.

Тус семинарыг Монгол дахь Австралийн элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Др. Алекс Стивенс нээж Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийг амжиллтай хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж буй Монгол улсын засгийн газар, Сангийн яам болон Засгийн газрын хэрэг эрхлэх газарт талархаж буйгаа илэрхийлэв. Тэрээр Австралид амжилттай суралцаад ирсэн төгсөгчдөд баяр хүргэхийн ялдамд төгсөгчдийн Буцаан байршуулах төлөвлөгөөний амжилттай хэрэгжилт нь Австрали улсаас Монгол улсын хөгжилд оруулж буй хувь нэмрийн чухал хэсэг болохыг онцлов.  Тэрээр хүн бүрийг идэвхтэй байхыг уриалж мөн Гадаад Хэрэг,Худалдааны яам төгсөгчдийн үйл ажиллагааг үргэлж дэмжин ажиллахад бэлэн гэдгийг онцлон тэмдэглэв.

Семинар 2 үндсэн хэсгээс бүрдсэн. Үүнд:

  • Буцаан байршуулах төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотой туршлага, сургамж
    Энэхүү интерактив хэлэлцүүлгийг менежер Энхтүвшин удирдан явуулж, төгсөгчид өөрсдийн буцаан байршуулах төлөвлөгөөгөө боловсруулах болон хэрэгжүүлэх явцад гаргасан амжилт, тулгарсан бэрхшээлүүдийнхээ талаар бусадтай хуваалцсан.

  • Буцаан байршуулах төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг
    Тус хэлэлцүүлгийг программын зөвлөх Эмили Сэронг чиглүүлэн зохион байгуулсан бөгөөд төгсөгчид буцаан байршуулах төлөвлөгөөг хэрхэн сайжруулах, үүнийг амжиллтай хэрэгжүүлэхэд ямар дэмжлэг, туслалцаа шаардлагатай байгаа талаар бүлгээр ярилцав.

Семинарт оролцсон 11 хүний дийлэнх нь Буцаан байршуулах төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хамгийн том бэрхшээл болдог асуудал бол Австралид олж авсан ур чадвар, мэдлэгээ Монголын соёл, нийгэмд ашиглахтай холбоотой гардаг гэдэгтэй санал нэгдэв.

Төгсөгчдийн зарим нь мэргэжлийн холбоод, байгууллагуудаар дамжуулан өөрсдийн эзэмшсэн мэргэжилээ сурталчлах болон тухайн мэргэжлийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх замаар буцаан байршуулах төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байна. Бусад нь хэдийгээр ажил үүрэг, албан тушаал нь өөрчлөгдсөн ч төлөвлөгөөгөө ажлын байр дээрээ хэрэгжүүлж байна

Төгсөгчдийн дийлэнх нь Австралийн тэтгэлгээр суралцах хугацаанд олж авсан академик мэдлэг, ур чадвар төдийгүй нийгмийн болон бусад  ур чадварууд тэдний Монгол дахь мэргэжлийн карьерийн хөгжилд чухал ач холбогдолтой болохыг онцлов.