< Өмнөх хуудас руу буцах

"Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүд хамтдаа-илүү хүчтэй" хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Нийтэлсэн: 2019-03-10

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүд хамтдаа – илүү хүчтэй” сэдэвт хэлэлцүүлгийг 2019 оны 3 сарын 6-ны өдөр Австралийн элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Австралийн Тэтгэлэгт хөтөлбөр, Зориг сан, Эмэгтэйчүүдийн Манлайлал хөтөлбөр, Хасбанк хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр эмэгтэйчүүдийн Монгол Улсын эдийн засагт оролцох оролцоо, боломжоос тэгш хүртэх, хөгжлийн үйл явцад манлайлах эрхийн асуудлуудыг хөндсөн. Хэлэлцүүлэгт Монгол Улс дахь эмэгтэй удирдлагатай жижиг, дунд бизнес эрхлэгчид, элчин сайдын яамд, олон улсын хөгжлийн байгууллагууд, Австралийн тэтгэлгээр төгсөгчид, бизнесүүдийн төлөөлөл, эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагууд болон банк санхүүгийн байгууллагын төлөөлөл бүхий нийт 390 хүн оролцлоо.

Жендерийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга Т.Энхбаяр үйл ажиллагааг нээж үг хэлсэн. Хэлэлцүүлгийн эхний илтгэлийг “Эдийн засаг, бизнесийн амьдралд эмэгтэйчүүдийн оролцоо зайлшгүй болох нь” сэдвээр МонФемНет сүлжээний зөвлөх Т.Ундаръяа тавьсан. Илтгэлийн дараах “Монгол Улсад эмэгтэйчүүд бизнес эрхлэхэд тулгамдаж буй асуудлууд ба боломжит шийдлүүд” сэдэвт хэлэлцүүлэгт:

  • Хөсөг брендийн үүсгэн байгуулагч А.Намуун
  • Оюу Толгой ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Д.Энхжаргал
  • IWFCI Монгол дахь салбарын тэргүүн О.Байгаль
  • Михачи ХХК-ийн захирал Томоко Ибукоро нар оролцлоо.

Хэлэлцүүлэгийн хоёрдугаар хэсэг МУИС-ийн профессор, эдийн засагч, судлаач Б.Отгонтөгсийн “Эдийн засгийн хөгжилд эмэгтэй манлайлагчдийн гүйцэтгэх үүрэг” илтгэлээр эхэлж, “Монгол Улсад эмэгтэй бизнес эрхлэгчид хамтран ажиллах боломжууд” сэдэвт хэлэлцүүлэгт:

  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биате Транкман
  • Хас бакны бизнесийн банкны захирал Г.Амартүвшин
  • Ард Капитал группын гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр
  • Австрали улсаас Монгол улсад суугаа элчин сайд Дейв Воусени нар оролцлоо.

Тус хэлэлцүүлэг нь Австралийн тэтгэлгийн төгсөгчид, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг хоорондоо танилцаж, холбогдох салбаруудын манлайлагчидтай уулзах, санал солилцох боломжийг олгосон. Мөн Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөрийн оролцогчдын хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд хүчирхэгжүүлэх нь” төслийн оролцогч 20 эмэгтэйд өөрсдийн бүтээгдэхүүн, барааг танилцуулж борлуулах боломж давхар олгосон.

image: Panel on Cooperation opportunities for female entrepreneurs in Mongolia

Зураг 1: Монгол Улсад эмэгтэйчүүд бизнес эрхлэхэд тулгамдаж буй асуудлууд ба боломжит шийдлүүд хэлэлцүүлэг

 

image: Panel on Cooperation opportunities for female entrepreneurs in Mongolia

Зураг 2: “Монгол Улс дахь эмэгтэй бизнес эрхлэгчид хамтран ажиллах боломжууд” хэлэлцүүлэг

 

image: Photo 3: Forum participants

Зураг 3: Форумын зочид ба оролцогчид