< Өмнөх хуудас руу буцах

Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр - Мэдээ 2020

Нийтэлсэн: 2020-10-23

Нээлтийн үйл ажиллагаа: Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн 7 дахь элсэлтийн нээлтийн үйл ажиллагаа 2020 оны 10 сарын 22-нд болж өнгөрлөө. Эмэгтэйчүүдийн Манлайллын Хөтөлбөр нь 8 сарын турш үргэлжилдэг манлайллын хөтөлбөр бөгөөд Австрали улсад магистр болон докторын зэргээр суралцаж төгссөн төгсөгчдийг хамруулан оролцуулдаг юм. Энэ жил тус хөтөлбөрт нийт 20 хүн (17 эмэгтэй, 3 эрэгтэй) шалгарч хөтөлбөрт хамрагдах болсон юм.

Энэ жилийн хувьд Эмэгтэйчүүдийн Манлайллын Хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг Монгол-Австралийн Нийгэмлэгтэй хамтран зохион байгуулснаар онцлогтой байсан. Тус нээлтийн үйл ажиллагаанд Австралийн Элчин Сайдын Яам, Монгол-Австралийн Нийгэмлэг, хөтөлбөрийн төгсөгчид, Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн хамт олон болон Зориг сангийн төлөөлөл оролцлоо.

Нээлтийн үйл ажиллагааг нээж Австралийн Элчин Сайдын Яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Доктор Алекс Стивенс, Монгол-Австралийн Нийгэмлэгийн ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Н. Энхболд, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар болон Зориг сангийн зөвлөх С. Баяр нар хөтөлбөрийн 7 дахь элсэлтийн оролцогч нарт баяр хүргэж Монгол улсын хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал, жендэрийн эрх тэгш байдал нэн чухал болохыг онцлов. Хөтөлбөрийн албан ёсны үйл ажиллагаа өндөрлөсний дараа зочид төлөөлөгчид өөр хоорондоо танилцан сонирхолтой яриа өрнүүлэн үдшийг өнгөрөөв.