Түгээмэл асуултууд

I. ЕРӨНХИЙ ҮНДЭСЛЭЛ

1. Австралийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөр гэж юу вэ?

Монгол дахь Австралийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөр бол урт хугацааны сургалт болон мэргэжил хөгжлийн боломжууд юм. Энэ хөтөлбөр нь Монгол, Австралийн Засгийн газруудын хооронд хэлэлцэж тохирсон ажил эрхлэлтийн тэргүүлэх хэрэгцээ, суралцах салбар, мэргэших чиглэлүүдэд нийцсэн боловсрол эзэмшсэн Монгол иргэдэд нээлттэй.

Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.australiaawards.gov.au холбоосоор орж үзнэ үү.

II. Болзол шалгуурууд

2. Австралийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн 2018 оны болзол шалгуурууд юу вэ?

Өргөдөл болзол хангахын тулд, тодорхой тооны шалгуурыг хангасан байх ёстой. Дэлхий дахины өргөдөл гаргагчдад зориулсан ерөнхий шалгуурууд байдаг. Эндээс үзнэ үү.

Монгол Улсаас өргөдөл гаргагчдад тавигдах тусгай шалгуурууд гэж бас бий. Эдгээрийг Австралийн ГХХЯ-ны Монгол Улсад зориулсан үндсэн мэдээллээс үзэж болно. Өргөдөл гаргагчид цаашид тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэхийн тулд бүх шалгуурыг хангасан байх ёстой. Өргөдөл гаргагчид Монголд хаана оршин суудаг, хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдүүлсэн эсэхээс хамаарч, болзол шалгуур өөр өөр байдгийг мэдэх хэрэгтэй.

3. Австралийн сургалтын тэтгэлгийг ямар түвшний сургалтад олгох вэ?

2018 онд сургалтын тэтгэлгийг танхимын болон судалгааны магистрын түвшинд олгоно.

4. Австралийн сургалтын тэтгэлэг ямар хугацаанд үргэлжлэх вэ?

Их сургуулийн курсын мэдээлэлд дурдсан хамгийн богино хугацааны туршид сургалтын тэтгэлгийг олгоно. Магистрын зэргийн сургалтын хугацааны дээд хязгаар хоёр жил байна (104 долоо хоног).

5. Судалгааны магистрын тэтгэлэгт хандахад юу шаардлагатай вэ?

Судалгаа хийх хэрэгцээгээ тодорхой харуулсан, эсвэл Монголд эргэж ирээд судалгаа явуулах, судлаачдад багшлах болон тэднийг удирдах боломжтой өргөдөл гаргагчдад судалгааны магистрын тэтгэлэг олгоно.

Судалгааны магистрт хандахыг хүссэн өргөдөл гаргагчид судалгааны ажлын удирдагчаасаа зарчмын хувьд дэмжсэн зөвшөөрлийг бичгээр авсан байна. Уг зөвшөөрлийг өргөдлийн хамт буюу шалгарсан тохиолдолд сонгосон сургуульдаа байршихын өмнө ирүүлнэ. Уг бичиг нь их сургуульд элсэх баталгаа эс болох ч, тухайн өргөдлийг сургуулийн эрдэм шинжилгээний комисс авч үзэхэд тустай.

Австралийн дээд боловсролын байгууллагуудын эрдэм шинжилгээний ажлын давуу талуудын талаар тэдгээрийн цахим хуудаснаас үзэж болно.

6. Өмнө нь гадаадад суралцсан бол Австралийн тэтгэлэгт өргөдөл гаргаж болох уу?

Болно, гэвч өмнө нь гадаадад сурч байгаагүй өргөдөл гаргагчдад түлхүү анхаарал хандуулна.

Гадаадад дээд боловсрол эзэмшсэн өргөдөл гаргагчид Австралийн тэтгэлэгт хандахын өмнө Монголд эргэж ирээд доод тал нь хоёр жил болсон байх ёстой.

7. Магистрын зэрэгтэй өргөдөл гаргагч ижил түвшний зэрэг олгох сургалтын тэтгэлэгт хандаж болох уу?

Болно. Өргөдөл гаргагчид урьд нь сурснаасаа өөр чиглэлээр магистрын зэрэг эзэмших гэж байгаа тохиолдолд өргөдөл гаргаж болно. Гэхдээ тэтгэлэг хүртэгчийг сонгон шалгаруулахдаа өмнө нь гадаадад сурсан туршлагагүй хүмүүсийг эн тэргүүнд анхаарч үзнэ.

Урьд нь магистрын зэрэг эзэмшсэн өргөдөл гаргагчид энэ талаар өргөдөлдөө дэлгэрэнгүй мэдээлэх шаардлагатай.

Австралийн сургалтын тэтгэлгийг өмнө нь хүртсэн хүмүүс өргөдөл гаргаж болох боловч, Австралийн сургалтын тэтгэлгийн бодлогын гарын авлагад заасан ёсоор, тэд Монголд эргэж ирээд, Австралид сурсан хугацаанаасаа хоёр дахин их хугацаанд ажиллаж, амьдарсны дараа дахин өргөдөл гаргаж болно.

8. Тохирох курс, сургуулиа хэрхэн олох вэ?

Өргөдөл гаргагчид өөрсдийн мэргэжил, ажлын туршлага болон манлайллын зорилгод дээд зэргээр нийцсэн, Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулахад хамгийн тохиромжтой курсыг Австралийн их сургуулиудаас олж тогтоох шаардлагатай. Курс хэрхэн судалж олох удирдамжтай танилцана уу.

Австралийн тэтгэлгээр зөвхөн Гадаад оюутнуудад зориулж баталсан жагсаалтад (CRICOS) орсон курсуудээс сонгон суралцах боломжтой. Энэ нь Австрали Улсад оюутны визээр суралцаж байгаа хүмүүст зориулсан Австрали Улсын Засгийн газрын цахим хуудсанд байршуулсан Австралийн их сургуулиудын курсын жагсаалт юм. Жагсаалтыг эндээс үзнэ үү.

Өргөдөл гаргах шатанд Австралийн их сургуулиас урилга авсан байх шаардлагагүй боловч, их сургуулиудын цахим хуудсыг нарийвчлан судалж, сурах курсээ тодорхойлсон байх хэрэгтэй. CRICOS-ийг дараах хуудаснаас үзнэ үү: www.cricos.deewr.gov.au Өргөдөл мэдүүлэгчид хоёр курс сонгож, их сургуулийг ач холбогдлын дагуу эрэмбэлнэ.

9. 1-р ангилалд хамрагдах байгууллагын ажилтнууд Австралийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргахад юу шаардлагатай вэ?

Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдүүлж, нотолсон өргөдөл гаргагчдаас бусад бүх өргөдөл гаргагчид дараах шаардлагууд тавигдана. Үүнд:

    • Сүүлийн хоёр жил тасралтгүй ажилласан байх (2018 оны 2-р сарын 1-ний байдлаар)
    • Дээрх хугацаанд төв, орон нутгийн төр засгийн байгууллагууд, төрийн их, дээд сургуулиуд, эмнэлэг, сургууль болон төрийн өмч давамгайлсан үйлдвэрийн газрууд зэрэг төрийн байгууллагад ажилласан байх
    • Тэтгэлгийн бүх болзол шалгуурыг хангасан байх ёстой.

Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдүүлж, нотолсон өргөдөл гаргагчид дээр дурдсан ажлын туршлагад тавих шалгуураас чөлөөлөгдөнө.

10. 2-р ангилалд хамрагдах байгууллагын ажилтнууд Австралийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргахад юу шаардлагатай вэ?

Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдүүлж, нотолсон өргөдөл гаргагчдаас бусад бүх хүнд дараах шаардлагууд тавигдана. Үүнд:

    • Сүүлийн хоёр жил тасралтгүй ажилласан байх (2018 оны 2-р сарын 1-ний байдлаар)
    • Хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллага, эсвэл хувийн хэвшлийн эрүүл мэндийн болон боловсролын байгууллага, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагад нэг салбарт дурдсан хугацаанд ажилласан байх
    • Тэтгэлгийн бүх болзол шалгуурыг хангасан байх ёстой. Салбаруудын тухай мэдээллийг [эндээс авна уу]

Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдүүлж, нотолсон өргөдөл гаргагчид энэхүү ажлын туршлагын шалгуураас чөлөөлөгдөнө.

III. Англи хэлний шаардлагууд

11. Австралийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хандахын тулд IELTS/TOEFL-ийн ямар түвшинг хангасан байх шаардлагатай вэ?

Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг өргөдөл гаргагчдын Academic IELTS-ийн голч оноо доод тал нь 5.5, доторхи нэгж оноо 5.0 (TOEFL-ийн дүйцэх оноо)-аас доошгүй байх шаардлагатай.

Хөдөө, орон нутгийн эсвэл хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдүүлж, нотолсон өргөдөл гаргагчид Academic IELTS-ийн ерөнхий оноо доод тал нь 5.0, түүний дотор Унших, Бичих ур чадварын оноо 5.0 (TOEFL-ийн дүйцэх оноо)-оос доошгүй байна.

Гэхдээ Австралийн тэтгэлэг хүртэгчид сонгосон курсдээ элсэн суралцахын тулд IELTS 6.5 (нэгж оноо 6,0-оос доошгүй) оноо авсан байх ёстой. Үүнээс доогуур оноотой хүмүүс англи хэлний 26 хүртэлх долоо хоногийн сургалтад хамрагдана.

Санамж: Зарим курсэд элсэхэд англи хэлний илүү өндөр түвшний чадамж шаарддаг. Иймд өргөдөл гаргагчид тухайн сургуулийн шаардсан түвшинд хүрэх ёстой.

12. IELTS/TOEFL-ийн шалгалтын гэрчилгээг тэтгэлэгт өргөдөл илгээсний дараа ирүүлж болох уу?

Үгүй. IELTS/TOEFL-ийн шалгалтын гэрчилгээг онлайн өргөдөлд хавсаргана. IELTS/TOEFL-ийн онлайн оноог хүлээж авахгүй.

IV. Ажлын туршлагад тавигдах шаардлагууд

13. Хоёр жил ажилласан туршлагыг хэрхэн тооцох вэ?

Ангиллыг үл харгалзан өргөдөл гаргагчид сүүлийн 2 жил тасралтгүй хөдөлмөр эрхэлсэн байх ёстой. 2 жилийн хугацааг өргөдөл хүлээж авч эхлэх өдөр буюу 2017 оны 2 дугаар сарын 1-нээс хойш ухрааж тооцно. Ажил олгогчийн албан захидал болон анкетийн мэдээллээр ажилласан жилийг баталгаажуулна.

Санамж: Эмэгтэйчүүдийн 2017 оны 2-р сарын 1-нийг хүртэлх хоёр жилийн хугацаанд хүүхдээ асрах чөлөөтэй байсан хугацааг ажилласан жилд оруулж тооцно.

14. Хоёр жилийн ажлын туршлага нэг ажил олгогчийн хэмжээнд байх ёстой юу?

Ангилал 1-ийн өргөдөл гаргагчид өмнөх хоёр жилд төрийн албанд ажилласан байх шаардлагатай боловч, өөр өөр яам, агентлагт ажил эрхэлсэн байж болно.

Ангилал 2-ын өргөдөл гаргагчид энэ хугацаанд өөр өөр байгууллагад ажилласан байж болно.

15. Хоёр жил ажилласан нотлох баримтыг өргөдөлд хавсаргах ёстой юу?

Тийм. Өргөдөл гаргагчид хоёр жил тасралтгүй ажилласнаа нотлохын тулд дараах баримтуудыг хавсаргах ёстой:

  • Ажил олгогчийн тамгатай тодорхойлолт,
  • сүүлийн хоёр жилд нийгмийн даатгалын шимтгэл төлж, НД-ын дэвтэрт бичилт хийлгэсэн (эсвэл ажилд томилогдсон тушаал/ Хөдөлмөрийн гэрээний хуулбар)
  • товч намтар

Дээрх бичиг баримтууд 2018 оны 2-р сарын 1-ний өдрийн байдлаар 2 жил тасралтгүй ажилласныг нотлох ёстой.

Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдүүлж, нотолсон өргөдөл гаргагчид дээрх шалгуураас чөлөөлөгдөнө.

V. Өргөдөл гаргах үйл явц

 

16. Өргөдөл, дагалдах баримт бичгүүдийг хэрхэн мэдүүлэх вэ?

Өргөдлийг дагалдах бүх бичиг, баримтын хамт цахимаар мэдүүлэх ёстой. Өргөдлийг 2018 оны 4-р сарын 30-ны дотор ирүүлнэ.

2018 оны 4-р сарын 30-наас өмнө амжиж ирүүлээгүй цахим өргөдлийг хүлээн авч үзэхгүй.

17. Интернэтэд холбогдож, цахим өргөдөл бөглөх боломжгүй бол яах вэ?

Интернэтэд холбогдох боломжгүй өргөдөл гаргагчид Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газартай нэн даруй холбогдож, өргөдөл мэдүүлэх бусад арга замуудын талаар ярилцана уу. Хөтөлбөрийн газартай аль болох эрт холбогдох шаардлагатай. Учир нь өргөдөл хүлээн авах цахим систем товлосон өдрөө хаана гэдгийг анхаарна уу.

18. Өргөдөлд ямар бичиг баримтыг хавсаргах шаардлагатай вэ?

Өргөдөлд хавсаргах бичиг баримтуудын жагсаалтыг Австралийн ГХХЯ-ны Монгол Улсад зориулсан үндсэн мэдээллээс үзээрэй. Нотариатаар баталгаажуулж, англи хэлээр орчуулах шаардлагатай бичиг баримтыг онцлон анхаарна уу. Олон хуудастай бичиг баримтын (нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар г.м) хуудас бүрийг давтан болон өөрөөр нэрлэхийн оронд нэгтгэн зөв нэрлээд, хавсаргах хэрэгтэй.

Танхимын болон судалгааны магистрын түвшний шалгуурууд өөр өөр болохыг Монгол Улсад зориулсан үндсэн мэдээлэлд дэлгэрэнгүй дурдсан тул анхаарна уу.

19. Өргөдлийг хэрхэн үнэлж, сонгон шалгаруулдаг вэ?

1 ба 2-р ангиллын сонгон шалгаруулалт гурван үе шаттай:

  • 1-р үе шат: Өргөдөл болзол шалгуурыг хангаж, бичиг баримтыг бүрэн хавсаргасан эсэхийг шалгана.
  • 2-р үе шат: Болзол шалгуур хангасан өргөдлүүдийг хараат бус шинжээчдийн баг үнэлнэ.
  • 3-р үе шат: Хараат бус шинжээчдийн багийн үнэлсэн өргөдлийн заримыг нь хураангуй жагсаалтад оруулна. Хураангуй жагсаалтад багтсан өргөдөл гаргагчдыг Австралийн Засгийн газрын ахлах мэргэжилтний даргалсан Монголын төр болон бусад байгууллагын төлөөллөөс бүрдсэн тусгай комисс ярилцлагад урина. Ярилцлагын үеэр, Монгол Улсын иргэний үнэмлэх, гадаад паспортын эх хувийг авчирч, оршин суугаа газраа шалгуулах ба дипломын нүүр хуудас, дүнгийн хавсралтын эх хувийг мөн авч ирнэ.

Koмисс сонгон шалгаруулалтын дүнг эцэслэсний дараа, шалгарсан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг Австралийн Гадаад хэрэг худалдааны яаманд батлуулахаар илгээнэ. Австралийн ГХХЯ Монгол Улсын Засгийн газрын төлөөлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр тэтгэлэгт хамрагдах урилгыг хүргүүлнэ.

Өргөдөл гаргагчид Монгол дахь Австралийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн цахим хуудсанд байршуулсан видеог үзэж, өргөдөл гаргах, сонгон шалгаруулах тухай нарийвчилсан мэдээллийг үзэх нь зүйтэй.

20. Их сургуулийн дүнг хэн баталгаажуулах вэ?

Өргөдөл гаргах үед их сургуулийн диплом, дүнгийн хуулбарыг тухайн сургуулийн харьяа тэнхим эсвэл нотариатаар баталгаажуулж болно.

Өргөдөл гаргагч хураангуй нэрсийн жагсаалтад орж, ярилцлагад ирэхдээ бичиг баримтын эх хувийг авчирч, тэдгээрийн үнэн зөвийг шалгуулж, гэрчлүүлнэ.

VI. Сонгосон сургууль, курс

21. Австралийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд ямар мэргэжлээр суралцах боломжтой вэ?

Юуны өмнө, хоёр өөр их сургуулийн ойролцоо хоёр курсыг нягт нямбай судалгаа, дүн шинжилгээнд тулгуурлан сонгохыг зөвлөж байна. Суралцах курсууд өргөдөл гаргах тухайн жилд батлагдсан тэргүүлэх чиглэлүүдэд нийцсэн байх ёстой. 2017 онд суралцах чиглэлүүдийг Австрлийн ГХХЯ-ны Монгол Улсад зориулсан үндсэн мэдээллээс үзнэ үү.

Курс 104 долоо хоногоос хэтрэхгүй байх ёстой.

Өргөдөл гаргагчид Сурах курсээ хайж судлах удирдамжтай танилцах нь зүйтэй.

22. Сонгосон курсууд урьд өмнө нь сурсан чиглэлээр байх ёстой юу?

Шаардлагагүй. Магистрт өргөдөл гаргагч ажлын туршлага, карьерын зорилгоосоо хамаарч, өмнө нь эзэмшсэнээс өөр чиглэлээр суралцахаар курс сонгож болно. Тэд Австралид суралцсаны үр дүнд олж авах мэдлэг, чадварыг ашиглан эх орныхоо хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулах талаар өргөдөлдөө тодорхой тусгасан байх ёстой.

Өмнө нь эзэмшсэн магистрын мэргэжилтэй ижил чиглэлээр Австралийн тэтгэлэгт өргөдөл гаргаж болохгүй.

Тэтгэлэгт амжилт гаргахын тулд ямар ч курс сонгосон тэр нь өргөдөл гаргагчийн суурь мэргэжилтэй уялдсан байвал зохино. Жишээ нь: эдийн засгийн чиглэлээр суралцах хүмүүс мэргэжлийн сургалтын явцдаа математик үзсэн байх шаардлагатай.

23. Өргөдөл илгээсний дараа сурах курсээ өөрчилж болох уу?

Ер нь үгүй. Курс сонголт нь тэтгэлэг хүртэгчдийг сонгон шалгаруулалтад нэр дэвшүүлэх нэг үндэслэл болдог. Иймээс анх өргөдөл гаргах шатанд сонгосон курсуудыг тухайн хүнээс өөрөөс нь үл шалтгаалах нөхцөл байдал үүссэнээс бусад тохиолдолд үл дэмжинэ. Иймд өргөдөл гаргагчид суралцах курсээ сайтар судалж, зөв сонгосны дараа өргөдлөө ирүүлэх нь нэн чухал.

Курс солих хүсэлтийг тохиолдол тус бүрээр авч үзэх эрхийг Австралийн Гадаад хэрэг худалдааны яам эдлэнэ.

24. Австралийн их сургуулиудад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд Судалгааны магистрын өргөдөл гаргагчид удирдагч багшаа олсон байх ёстой юу?

Тийм. Судалгааны магистрт өргөдөл гаргагч нь судалгааны удирдагч багштай зөвшилцсөн тухай нотлох бичиг баримтыг хавсаргах шаардлагатай. Удирдагч олоход цаг хугацаа шаардагддаг.

VII. Тэтгэлэг Хүртэх

25. Өргөдөл гаргагчид тэтгэлэг хүртсэн талаар хэдийд мэдэгдэх вэ?

Австралийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргагчдын сонгон шалгаруулалтын дүнг 7–р сард эцэслэсний дараа шийдвэрийг батлах үе шатууд хэрэгждэг. Амжилттай өргөдөл гаргагчид болзолт тэтгэлэгт тэнцсэн талаар тухайн жилийн 8-р сарын сүүлчээр мэдэгдэнэ.

26. Австралийн сургалтын тэтгэлэгт юу хамрагдах вэ?

Тэтгэлэгт хамрагдагч Австралийн их сургуульд сурах курсийг бэлтгэл сургалттай хамтатган хамгийн богино хугацаанд дүүргэнэ. Тэтгэлэгт хамрагдагчийн эдлэх эрх Австралийн тэтгэлгийн Бодлогын гарын авлагад дэлгэрэнгүй тусгагдсан.

Тэтгэлэгт хүртэгч 2 жилийн курст суралцахаар Австралид ганцаар очсон тохиолдолд эхний жил амжилттай суралцсаны дараа Монголд нэг удаа ирж, гэр бүлтэйгээ уулзах эрхтэй. Дэлгэрэнгүйг Австралийн сургалтын тэтгэлгийн бодлогын гарын авлагаас үзнэ үү.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэтгэлэгт хамрагдсан тохиолдолд шаардлагатай нэмэлт дэмжлэг үзүүлэх ба үүнийг Хөгжлийн бэрхшээлтэй хүнд дэмжлэг үзүүлэх гэрээний дагуу зохицуулна.

27. Австралийн тэтгэлэг хүртэгчид ямар үүрэг хариуцлага хүлээх вэ?

Тэтгэлэг хүртэгчид сургалт эхлэхийн өмнө Австралийн Засгийн газартай гэрээ байгуулна. Энэхүү гэрээнд тэтгэлэг хүртэгчдийн үүрэг, хариуцлагыг дэлгэрэнгүй тусгасан.

Ерөнхий үүрэг, хариуцлагад сургуулиас зохион байгуулах Академик сургалтын удиртгал хөтөлбөр болон Австралид очмогц явагдах бусад бэлтгэл сургалтад хамрагдах, хичээл сурлагадаа онцгой анхаарч, их сургуулийн шаардлагыг бүрэн хангаж амжилттай суралцах, Оюутны асуудал хариуцсан ажилтантай байнгын харилцаатай байх, Австралийн хууль, дүрмийг сахин биелүүлэх, визний нөхцөл шаардлагыг чанд мөрдөх зэрэг орно.

Тэтгэлэгт хамрагдсан хүмүүс сургуулиа дүүргээд, 2 жил болсны дараа Австралид зорчихыг зөвшөөрдөг.

28. Тэтгэлэг хүртэгчид гэр бүлээ Австралид аваачиж болох уу?

Болно. Тэд шинэ орчинд дасан зохицож, тав тухтай орчин бүрдүүлэх хүртлээ 6 сар хүлээсний дараа гэр бүлээ Австралид аваачих нь зүйтэй. Австралийн Засгийн газраас тэтгэлэг хүртэгчийн гэр бүлд санхүүгийн болон бусад төрлийн дэмжлэг үзүүлэхгүй. Гэр бүлээ дэмжих нь тэтгэлэгт оюутны үүрэг байх болно.

Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газар тэтгэлэг хүртэгчдийн гэр бүлийн гишүүдэд "ТАТГАЛЗАХ ЗҮЙЛГҮЙ" гэсэн бичгийг Австралийн ГХХЯ-аас авч өгөхөөс өөрөөр зорчихтой холбоотой дэмжлэг үзүүлдэггүй.

Тэтгэлэг хүртэгчийн гэр бүл/эхнэр буюу нөхөр, үр хүүхдүүдийн Австралид хүлээх үүрэг хариуцлагын талаарх мэдээллийг Цагаачлалын албаны эсвэл суралцах сургуулийн цахим хуудаснаас авна уу.

VIII. Австрали руу зорчих

29. Австрали руу зорчих замдаа амрах буюу түрүүлж явж болох уу?

Болохгүй. Австрали руу явахад хамгийн дөт замаар явж, очих газартаа шууд хүрнэ. Аялал нь өртөг хямд, аялах явцад гуравдагч оронд учирч болох визний болон бусад эрсдэлээс зайлсхийсэн байна.

30. Нислэгийн тийзээ хэрхэн авах вэ? Хэн аялалыг зохион байгуулах вэ?

Австралийн Оюутны 500 ангиллын виз гарсны дараа Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газар тэтгэлэг хүртэгчийн нислэгийн хуваарийг зохицуулж, зорчих бэлтгэл хангуулж, тийзийг журмын дагуу худалдан авч өгнө. Оюутан Австралийн визээ үзүүлж, Хөтөлбөрийн газраас тийзээ авна.

31. Оюутны авч явах ачааны дээд хязгаар хэдэн килограмм бэ?

Ачааны дээд хэмжээ нислэгийн компани бүрт өөр өөр байдаг. Иймд та өөрөө нислэгийн компанитай холбогдон зөвлөгөө авна уу. Илүү ачааны төлбөр гарсан тохиолдолд зорчигч оюутан төлбөрийг өөрөө хариуцна.

32. Миний суралцах сургууль байдаг хотод хэрхэн хүрэх вэ?

Нислэгийн тийзийг таны сурах сургууль байрладаг хот хүртэл (олон улсын болон дотоодын нислэгийн хамт) авч өгнө.

33. Их сургуулиас намайг нисэх буудал дээр тосч авах уу? Очоод би хаана буух вэ?

Виз гарсны дараа, Австрали руу явахын өмнө сургуулийнхаа Оюутны асуудал хариуцсан ажилтантай холбогдож, аяллын талаарх мэдээллээ өгнө үү. Ингэснээр таныг тосч авах үйл ажиллагааг зохицуулж, холбогдох үйл явцыг тайлбарлаж өгнө.

Оюутан хариуцсан ажилтантай холбогдож, очоод байрлах байрны талаар ярилцах нь зүйтэй. Таныг хүсвэл, тэд түр амьдрах байр олоход туслана. Харин үнэ төлбөрийг оюутан хариуцна. Урт хугацаанд амьдрах байрыг өөрөө олох хэрэгтэй. Оюутан хариуцсан ажилтанд хандаж, дэмжлэг туслалцаа авч болно.

IX. Австралид сурч, амьдрах

34. Академик сургалтын удиртгал хөтөлбөр хэр чухал вэ?

Энэ бол маш чухал хөтөлбөр. Үүнд хамрагдах зайлшгүй шаардлагатай.

35. Би суралцаж байх хугацаандаа өөрийн ажиллаж байсан байгууллагатай харилцаатай байх ёстой юу?

Тийм. Монголд ажиллаж байсан байгууллага, хамт олонтойгоо байнгын харилцаатай байхыг дэмжих төдийгүй үүнийг Буцаан байршуулах төлөвлөгөөний нэг хэсэг болох Харилцааны гэрээгээр зохицуулж, дэмждэг.

36. Сургалтыг үргэлжлүүлэхийн тулд эхний жилдээ тодорхой амжилт үзүүлэх хэрэгтэй юу?

Тийм. Та амжилттай суралцаж буйгаа нотлон харуулах хэрэгтэй. Эс тэгвээс, сургалтын тэтгэлэг зогсох эрсдэлтэй.

37. Австралид очоод суралцах чиглэлээ өөрчилж болох уу?

Болохгүй. Таны гаргасан өргөдөл, сонгосон чиглэл, курсэд тулгуурлан сонгон шалгаруулалт хийгдсэн тул, түүнийг өөрчлөх боломжгүй.

38. Австрали явахын өмнө би ямар нэг мөнгө авах уу?

Үгүй. Таныг Австралид очиж, сургуульдаа бүртгүүлсний дараа суурьших нэг удаагийн тэтгэмж, амьжиргааны зардалд хувь нэмэр болох мөнгийг хоёр долоо хоног тутамд олгож эхлэнэ.

39. Австралид очиход надаас нэмэлт мөнгө шаардагдах уу?

Тийм. Туршлагаас харахад, Австрали явахдаа 500 орчим австрали доллартай байвал зохино. Энэ мөнгө танд банкны данс нээх хүртэл хоол хүнс, унааны зардал зэрэгт хэрэгтэй. Австралид очоод олон улсын нисэх онгоцны буудалд, эсвэл явахын өмнө мөнгөө солиорой. Бэлэн мөнгө авч явбал хэмжээний хувьд Монгол Улсын хууль, журмын холбогдох заалтуудад нийцсэн эсэхийг шалгана уу.

40. Австралид амьдралын өртөг хэд орчим байх вэ?

Амьдралын өртөг нь ганцаар эсвэл гэр бүлтэйгээ хамт амьдрах уу гэдгээс хамаарна. Гэр бүлийнхэн нь Монголд үлдсэн тохиолдолд суралцах хугацааны туршид тэдэнд туслах шаардлага гарч болно. Тэд тантай хамт Австралид амьдрах бол тэднийг дэмжиж тэтгэх санхүүгийн хангалттай баталгаатай болохоо Австралийн Засгийн газарт нотлох шаардлагатай.

41. Урт хугацаанд амьдрах байрыг хэн надад олж өгөх вэ? Сургуулийн кампус дотор тэтгэлэгт оюутан амьдрах боломжтой юу?

Оюутан хариуцсан ажилтан туслах хэдий ч, та өөрөө урт хугацаанд амьдрах байраа олох хэрэгтэй. Сургуулийн кампус дотор байр байдаг ч Австралийн тэтгэлэг хүртэгч тэнд байрлах давуу эрх эдлэхгүй тул боломжит хувилбаруудыг Оюутан хариуцсан ажилтантай зөвлөлдөж болно.

42. Австралид эхнэр/нөхөр, гэр бүлийн гишүүдээ авчрахад ямар дэмжлэг үзүүлдэг вэ?

Тэтгэлэгт оюутны гэр бүлийн гишүүдэд (эхнэр нөхөр болон 18 хүртэлх насны хүүхэд) Австралийн Засгийн газраас санхүүгийн нэмэлт дэмжлэг үзүүлэхгүй. Тэтгэлэгт оюутнууд гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэндийн даатгалын зардлыг хариуцна.

43. Австралийн тэтгэлэгт оюутны гэр бүлийн гишүүдэд ямар хүнийг багтаах вэ?

Австралийн визний шаардлагын дагуу, тэтгэлэгт оюутны эцэг эх, хадмууд болон ах, эгч дүүсийг гэр бүлийн гишүүдэд тооцдоггүй бөгөөд тэднийг оюутантай хамт очиж амьдрахыг дэмждэггүй.

44. Аюулгүй, тав тух хангах орон сууцыг хэрхэн олж болох вэ?

Аюулгүй, тухтай байрны сонголт өргөн. Ийм орон сууцыг та өөрөө эсвэл сургуулиараа дамжуулж олно. Энэ талаар сургуулийнхаа Оюутны асуудал хариуцсан ажилтантай холбогдож зөвлөгөө авах хэрэгтэй.

45. Австралид ямар нэгэн шашныг хориглосон зүйл, хязгаарлалт бий юу?

Австрали нь олон үндэстний орон учраас шашин шүтлэг, түүнтэй холбоотой ёслол үйлдэхэд ямар нэгэн хориг байхгүй. Хүмүүс хүссэн хувцсаа өмсч, мөргөл үйлдэж, хэрэгцээтэй үедээ сүм, хийдэд очиж болно. Австралид хувь хүний эрх, бие даасан байдлыг хамгаалах тогтолцоо сайн хөгжсөн.

46. Манай хүүхдүүд сургуульд хамрагдаж болох уу?

Болно. Муж тус бүрт боловсролын тогтолцоо сайн хөгжсөн бөгөөд сургуулийн насны хүүхдийг сургуульд зайлшгүй хамруулах шаардлагатай . Сургуульд соёл, ёс заншил, шашны хүчин зүйлсийг тооцож, хүүхдийг урамшуулсан, эрүүл ахуйн шаардлага хангасан орчин бүрдүүлсэн байдаг. Мэргэшсэн, туршлагатай, сайтар бэлтгэгдсэн багш нар олон орноос ирсэн хүүхдүүдийг өөрийн боловсролын тогтолцоонд дасан зохицоход тусалдаг.

47. Манай хүүхдүүд англиар ярьдаггүй ч гэсэн хүүхэд асрах үйлчилгээнд хамрагдаж болох уу?

Болно. Таныг хүүхэд асрах үйлчилгээ хайж явтал, сул орон тоо гарвал, та хүүхдээ хамруулж болно. Хүүхэд асрах үйлчилгээнд таны хүүхдийг мэргэшсэн ажилтан харж хандах, хоол унд, ариун цэврийн үйлчилгээ үзүүлэх, тоглох болон унтаж амрах өрөө, яаралтай тусламж зэрэг үйлчилгээ багтана. Хүүхэд асрах төвийн бүртгэлийн маягтад шашны тухай асуулт байдаг. Түүнчлэн англи хэлээр ярьж чаддаггүй хүүхдүүдэд зориулж англи хэлний дэмжлэг үзүүлэх богино хугацааны сургалт явуулж болно.

48. Австралид байх хугацаанд надад ямар дэмжлэг тусламж үзүүлэх вэ?

Бүх их сургуулидад тэтгэлэгт оюутанд туслах, яаралтай тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор оюутанд үйлчлэх төвүүд ажилладаг. Тус төвүүдээс байр орон сууц олох, гэр бүлдээ дэмжлэг туслалцаа авах, боломжтой бол зарим онцгой хэрэгцээг хангахад тусламж авч болно. Мөн Австралийн их сургуулиудад эрүүл мэндийн болон зөвлөх үйлчилгээг үнэ төлбөргүй (эсвэл оюутнуудад хямд үнэтэй) үзүүлэх төвүүд ажиллахын зэрэгцээ биеийн тамир спорт, дэлгүүр болон оюутны хотхонд бусад үйлчилгээний газрууд байдаг.

Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн Академик зөвлөх Австралид ажилладаг бөгөөд хувийн болон сургалтын талаар зөвлөгөө хэрэгтэй үед туслахад бэлэн байна.

49. Би өөрийн үндэсний, шашны болон уламжлалт баяр ёслолыг тэмдэглэж болох уу?

Болно. Австралийн ихэнх мужийн нийслэл хотуудад хүмүүс өөрсдийн шашин, уламжлалт соёл болон үндэсний баяр ёслолыг хамтдаа тэмдэглэдэг.

50. Австралид сурч байх хугацаандаа хагас цагаар ажиллаж болох уу?

Болно. Оюутнууд хичээлийн үеэр долоо хоногт 20 цаг хүртэл, амралтын хугацаанд бүтэн цагаар ажиллах боломжтой. Та ажилд орохын өмнө Оюутны асуудал хариуцсан ажилтанд энэ талаар мэдэгдэх ёстой.

51. Намайг сурч байх үед манай гэр бүлийн хүн ажил хийж болох уу?

Боломжтой. Таныг сурч байх үед танай гэр бүлийн хүн бүтэн цагаар ажиллаж болно.

X. Хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үзүүлэх дэмжлэг туслалцаа

52. Австрали Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүнд хэр ээлтэй вэ?

Ээлтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ээлтэй орчин бүрдүүлсэн байдаг. Олон нийтийн газрууд тухайлбал, их сургуулиуд, зах, цэцэрлэгт хүрээлэнгүүд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд үндэслэн тохижилт хийсэн байдаг. Тухайлбал, их сургуулиудад хөгжлийн бэрхшээлтэй хүнд үйлчлэх цахилгаан шат, машины зогсоол болон ариун цэврийн өрөө бий. Түүнчлэн их сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй, нууцлалыг чанд хадгалах, найдвартай үйлчилгээ үзүүлдэг.

Австралийн их сургуулиудад оюутанд үнэ төлбөргүй эсвэл хямд үнээр эрүүл мэндийн болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх, мөн Австралид байх хугацаанд нь хувийн амьдралд нь нөлөөлөх асуудлаар ярилцаж, зөвлөгөө өгөхөд зориулсан олон улсын оюутнуудад үйлчлэх төвүүд байдаг.

Их сургуулийн байр, хувийн олон орон сууцанд хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэвтрэх боломжийг хангасан цахилгаан шаттай. Зарим хувийн орон сууцанд хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тохижилт хийгдээгүй байх тул байрны сонголт хийхдээ асууж лавлах нь зүйтэй.

Сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад тохиромжтой орон сууцаар хангах үүрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй тэтгэлэг хүртэгчид үзүүлэх бололцоотой дэмжлэгийн талаар Австрали явахын өмнө мэдэж авах болно.

53. Нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх боломжтой юу?

Австралид хот доторх нийтийн тээврийн дэд бүтэц (төмөр зам, трамвай, усан тээвэр, автобус болон такси) өндөр хөгжсөн бөгөөд ихэнх тээврийн хэрэгсэлд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс үйлчлүүлэх болон нярай хүүхдийг тэрэгтэй нь оруулах нөхцөлийг хангасан. Галт тэрэг болон автобусанд дугуйтай тэргэнцэр байршуулах зай хангалттай байдаг.

54. Хүнсний болон бусад хэрэгцээтэй зүйлсээ худалдан авах боломжтой юу?

Австралийн бүх хот, суурингуудад долоо хоног, сарын хүнсээ боломжийн үнээр авах жижиглэн худалдааны газар болон дэлгүүрүүд элбэг. Жижиглэн худалдааны томоохон төвүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүртээмжтэй үйлчлүүлдэг.

Австралийн их сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй оюутныг суралцах нөхцөлөөр бүрэн хангах орчныг бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд үүнд их сургуулийн орчныг тохижуулсан байхаас гадна суралцах материалыг хөгжлийн бэрхшээлтэй оюутанд ээлтэй байхаар боловсруулсан байдаг.

55. Ямар үйлчилгээ, тоног төхөөрөмж, хэрэгслээр хангах вэ? Жишээлбэл, намайг тусгайлан асарч, туслах хүн байх уу?

Хөгжлийн бэрхшээлтэй оюутан бүрийн онцлог хэрэгцээг судлан, үнэлгээ хийж, үзүүлбэл зохих дэмжлэг туслалцааг тодорхойлдог. Үүнд: академик сургалтын болон бусад дэмжлэгүүд тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарч байгаа хүнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эмчилгээний зардал, тусгай төхөөрөмж олгох зэрэг ордог. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг курст бүртгүүлэх арга замыг сайжруулахын тулд орчин, тоног төхөөрөмжид тохируулга хийх, суралцах болон оюутныг үнэлэх аргуудад өөрчлөлт оруулах замаар дэмжлэг үзүүлж болно.

Австралийн их сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудыг суралцуулахад зайлшгүй шаардагдах механизмыг хэрэглэх, тухайлбал хичээлийн материалыг өөрчлөх, их сургуулийн үйлчилгээг хүртэх боломжоор хангах үүрэгтэй.

Нэмэлт мэдээлэл