< Өмнөх хуудас руу буцах

Австрали улс дахь Монгол Улсын элчин сайдын яамны шинэ нэгдүгээр нарийн бичгийн дарга

Нийтэлсэн: 2020-09-17

Шаравжамцын Цэнд-Аюуш нь Австрали улс дахь Монгол улсын элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн даргын албан тушаалд 2019 оны 8-р сарын 1-ний өдрөөс эхлэн ажиллаж байна.

Ш.Цэнд-Аюуш нь 1999 онд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийг Компьютерийн Шинжлэх ухааны чиглэлээр бакалаврын зэрэгтэй дүүргэсэн. Гадаад харилцааны яаманд 5 жил ажилласныхаа дараа Австрали улсад Мэдээллийн Системийн Менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр шийдэж Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан байна. Тэрээр 2011 онд Мэдээллийн Системийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан.

Ш.Цэнд-Аюуш одоо олон улсын харилцааны чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд мэдээллийн системийн менежментийн мэдлэг, чадвараа олон улсын харилцаа, олон улсын аюулгүй байдлын салбартай холбох асуудлаар судлаж байна. Ш.Цэнд-Аюуш өмнөх академик удирдагч нь болох бизнесийн мэдээллийн систем дэх мэдлэгийн менежмент болон судалгааны арга зүйн мэргэжилтэн Мельбурны Их Сургуулийн Проф Валли Смиттэй тогтоосон харилцаа холбоогоо бэхжүүлж, байнгын харилцаа холбоотой байдаг. Ш.Цэнд-Аюуш өөрийнхөө судалгаа, шинжилгээний үр дүнд үндэслэн “Цахим-дипломат” төслийн санааг хөгжүүлэхээр төлөвлөж байна.

“Гадаад харилцааны яаманд мэдээлэл технологийн мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа англи хэл болон удирдахуйн чадварууд миний ажилд чухал ач холбогдолтой болохыг ойлгосон. Тийм ч учраас албан ёсны хэл нь англи мөн гэр бүлээрээ хамт амьдрах, суралцах таатай нөхцөлийг санал болгодог Австрали орныг сонгосон.”

Мельбурны Их Сургуулийг төгссөний дараа тэрээр Гадаад Харилцааны яамны төрийн захиргаа, удирдлагын газарт ахлах мэргэжилтнээр ажилласан. 2012 онд тэрээр Польш улсын Варшав хот дахь Монгол Улсын элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн даргаар томилогдон ажилласан. Тэрээр хоёр орны дипломат харилцааг хөгжүүлэх үндсэн үүргээс гадна Польш Улс дахь Монгол иргэдийн нийгмийн хамгааллын асуудал болон хоёр улс хоорондын гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахад түлхүү анхааран ажилласан. 

“Гадаадын улс оронд ажиллаж, суралцаж буй Монгол Улсын иргэдийг анхаарч хандах, шаардлагатай туслалцаа дэмжлэг үзүүлэх нь маш чухал. 2000 оны үед эдгээр иргэдэд туслахад хүндрэлтэй байсан бол одоо энэ асуудлыг зохицуулах бодлого, дүрэм журам сайжирсан. Намайг Варшав хотод ажиллаж байх үед тэнд ажилладаг монгол эмч нар нийгмийн даатгалын шимтгэлээ Польш Улсын засгийн газарт төлдөг байсан. Харамсалтай нь тэд Монголд буцаж ирсний дараа хөдөлмөр эрхлэлтийн ямар нэгэн бүртгэл мэдээлэл байхгүй байдгаас тэтгэврийн сангаас тэтгэвэр, тэтгэмж авах боломжгүй болдог байв. Бид энэ асуудлыг судалж үзсэн ба  Монгол Улсын засгийн газарт бидний хүргүүлсэн судалгаа, баримт бичигт үндэслэн эдгээр иргэдэд тэтгэврийн сангаас тэтгэвэр олгох шийдвэрийг гаргуулсан.” 

Үүнээс гадна Ш.Цэнд-Аюуш Польш улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөс татгалзах хүсэлтэй оюутнуудад дэмжлэг үзүүлсэн. Польш улсын засгийн газрын тэтгэлэг нь оюутнуудыг сургалтын тэтгэлгээс бүрэн чөлөөлдөг ба Монгол улсын засгийн газраас сар бүр амжиргааны тэтгэмж олгодог. Уг асуудлыг судалж үзсэний үндсэн дээр Ш.Цэнд-Аюуш оюутнуудын тус тэтгэлэгт хөтөлбөрөөс татгалзах болсон шалтгааны олж тогтоосон. Монгол улсын засгийн газрын олгож буй тэтгэмж нь оюутнуудын амьдрах зардалд хүрэлцэхгүй байсан. Ш.Цэнд-Аюуш оюутны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх саналаа холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Түүний энэхүү санаачлага амжилт олж тэтгэмжийн хэмжээ хоёр дахин нэмэгдэж оюутнууд Польш улсад үргэлжлүүлэн суралцах боломжтой болсон байна.

Ш.Цэнд-Аюуш Австрали улсад суралцах хугацаанд олж авсан чадварууд нь ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай мэдээллүүдийг олж авах, судалгаа хийхэд чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглэсэн.

Ш.Цэнд-Аюуш-ын Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж Австрали улсад өнгөрүүлсэн цаг хугацаа түүний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, нээлттэй сэтгэлгээтэй болгосон. Түүний шүүмжлэлтэй сэтгэх чадвар нь аливаа асуудлыг олон талаас нь харахад нөлөөлсөн бөгөөд хүмүүсийн ялгаатай байдал болон ялгаатай байдал нь өргөн хүрээнд нийгэм болон ажлын байранд хэрхэн нөлөөлдөг талаар мэдлэгтэй болсон. Мөн Мельбурны их сургуулиас олж авсан мэдлэг чадвар нь түүнийг илүү үр дүнтэй бодлогын зөвлөмжүүдийг гаргах боломжийг олгосон.

Тэрээр өөрийнхөө шинэ албан тушаал болох Канберра хот дахь Монгол Улсын элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн даргын хувьд Австрали улсад суралцаж байгаа болон аж төрж байгаа иргэдийг дэмжих чиглэлээр  хэд хэдэн ажлуудыг төлөвлөсөн байгаа. Түүний ажлуудын нэг хэсэг нь бичиг баримт баталгаажуулах үйлчилгээг Австрали улсын бүх мужуудад хөнгөвчлөх, илүү хүртээмжтэй болгох мөн Монгол улсыг аялал жуулчлалын бүс нутаг гэдэг утгаар нь илүү олон Австраличуудад сурталчлах, олон улсын харилцааны салбарын мэргэжилтнүүдтэй хувийн болон мэргэжлийн харилцаа холбоо тогтоох явдал юм. Ш.Цэнд-Аюуш залуу Монгол иргэдийг дэмжих, тэднийг урт хугацааны мэргэжлийн зорилгуудаа тодорхойлох болон Австрали улсад байх хугацаагаа үр дүнтэй байлгахад нь зөвлөгөө туслалцаа үзүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.