Эмэгтэйчүүдийн Манлайллын Хөтөлбөр



Үндэслэл

Австралийн Сургалтын тэтгэлэгт хөтөлбөр (цаашид Хөтөлбөр гэх) төгсөгчдийн сүлжээг өргөжүүлж, мэргэжил ур чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Эмэгтэй төгсөгчид шинээр олж авсан ур чадваруудаа тухайлбал, манлайлах албан тушаалд дэвшихэд бүрэн дүүрэн ашиглахдаа эрчүүдээс өөр сорилтуудтай тулгардаг. Эрэгтэйчүүдээс илүү олон эмэгтэй их сургууль дүүргэдэг хэдий ч, ажил эрхэлж буй нийт эмэгтэйчүүдийн тоотой харьцуулахад, дээд шатанд манлайлах болон шийдвэр гаргах түвшний албан тушаал хашдаг эмэгтэйчүүдийн тоо хангалтгүй байдгийг эмэгтэйчүүдийн манлайллын талаар Монголд гарсан мэдээ баримтаас үзэж болно.

Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийг тэтгэлгээр суралцаж төгссөн эмэгтэйчүүдийн тоог дээд түвшинд манлайлах, шийдвэр гаргах болон албан тушаал ахих чиглэлээр нэмэгдүүлэхэд зориулж Хөтөлбөрийн хүрээнд санхүүжүүлдэг.

Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн тойм

Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр (ЭМХ) 20 эмэгтэй, эрэгтэй хүнд манлайлал, хөгжлийн боломж олгох гурван бүрэлдэхүүн хэсэгтэй хэрэгждэг. Үүнд:

  • Бүх оролцогч Монголд манлайлал болон мэргэжил хөгжүүлэх 8 сарын хөтөлбөрт хамрагдах
  • Шалгарсан төгсөгчид Австралид хоёр долоо хоногийн эрчимжүүлсэн хөтөлбөрт оролцох ба
  • Монголд жэндерийн мэдрэмжтэй манлайллын сургалт явуулах чадавхийг бэхжүүлэх зэрэг багтана.

ЭМХ Хөтөлбөрийн ерөнхий зорилго, зорилтод дэмжлэг үзүүлж, тэтгэлгээр суралцсан төгсөгчдийн манлайлал, мэргэжлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна. Үүнд:

  • Эрэгтэй, эмэгтэй төгсөгчдийн манлайлах болон шийдвэр гаргах ур чадварыг нэмэгдүүлэх
  • Эрэгтэй, эмэгтэй төгсөгчдөд Монгол Улсын ирээдүйд чухал ач холбогдолтой асуудлын талаар гүн бат мэдлэг олгоход туслах
  • Эрэгтэй, эмэгтэй төгсөгчдийн Монголын нийгмийн ирээдүйд нөлөөлөх, хувь нэмэр оруулах боломжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Эрэгтэй, эмэгтэй төгсөгчдөд хувийн болон мэргэжлийн сүлжээгээ өргөжүүлэн, ур чадвараа хөгжүүлэхэд туслах
  • Эрэгтэй, эмэгтэй төгсөгчдийг Австрали, Монголын хоорондын гүүр болоход дэмжлэг үзүүлэх
  • Эрэгтэй, эмэгтэй төгсөгчдийн жэндерийн тэгш байдал манлайлалтай хэрхэн уялдах талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх зэрэгт туслана.

Хаалт, төгсөлтийн арга хэмжээ: Хаалтын сургалт семинар хийж, төгсөлтийн үйл ажиллагааны үеэр төгсөгчид туршлага, сургамжаа тунгаан ярилцаж, тусгаж авна.

 

ЭМХ-ийн Австралид хэрэгжих үйл ажиллагаа

Монголд 8 сарын хөтөлбөрт оролцогчдын ирүүлсэн өргөдөл, ЭМХ-ийн явц дахь гүйцэтгэлд үндэслэн 10 хүртэлх хүнийг сонгон шалгаруулж, Австралид 2 долоо хоногийн манлайллын эрчимжүүлсэн хөтөлбөрт хамруулдаг.

Энэ үйл ажиллагаа Монголд хэрэгжсэн бүрэлдэхүүн хэсэгт тулгуурлаж, оролцогч бүрийн манлайлах, хамтран ажиллах, нөлөөлөх, үр дүнтэй манлайлах ур чадваруудыг сайжруулахад онцгой анхаарна.

Сүлжээ үүсгэх: Төгсөгчид тухайлан зохион байгуулсан арга хэмжээний үеэр өөрсдийн салбарын манлайлагчидтай уулзана.

Менторинг/Чиглүүлэн сургах, түншлэх: Австралид хийх богино хугацааны сургалтын явцад, оролцогчид ойролцоо сонирхол, салбарын туршлагатай Австрали ментортой уулзаж, карьер хөгжил, ажил, амьдралын тэнцвэр, манлайллын сорилтууд болон техникийн асуудлаар ярилцана.

Үйлдвэр, албан байгууллагад зочилж, семинар хийх: Тухайн орон нутгийн улс төр, бизнес, эрдэм шинжилгээ, олон нийтийн байгууллагуудад зочилж, мэргэшсэн шинжээчид, манлайлагчидтай семинар, бүлгийн ярилцлага хийх маягаар тэднээс сонирхсон асуултаа асууж, санал солилцон хамтран ажиллана.

Жэндерийн сургалт: Монголд хийгдсэн жэндерийн тэгш байдлын сургалтад тулгуурлан эмэгтэйчүүдийн манлайлалд саад болж буй бүтэц, нийгэм, соёл уламжлалын хүчин зүйлсийн бодит стратегид тулгуурлана.

Чадавхийг бэхжүүлэх: Австралийн гэрээт байгууллага эмэгтэйчүүдийн манлайлал ба манлайлахад тохиолддог жэндерт суурилсан саад бэрхшээлд анхаарал төвлөрүүлсэн манлайллын тэргүүлэх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, Монголын гэрээт талтай хуваалцана.

Оролцогчийг сонгон шалгаруулах:

Бүх оролцогч Монгол дахь жэндерийн асуудлын талаарх ойлгоцоо бататган, эмэгтэйчүүдийн манлайлалд дэмжлэг үзүүлэх хүсэлтэйгээ харуулсан байх ёстой. Мөн дараах шалгууруудыг хангасан байна. Үүнд:

  • Австралийн сургалтын тэтгэлэг хүртэгч байх.
  • Ажил эрхэлдэг байх (хувиараа хөдөлмөр эрхлэгчийн хамруулан). Хүүүхэд асрах чөлөөтэй байгаа хүмүүс болзол хангана.
  • 8 сарын хөтөлбөрт хамрагдах хүсэл тэмүүлэлтэй байх

ЭМХ эмэгтэйчүүдийн манлайлалд эрэгтэйчүүд тэгш эрхтэй оролцох боломж олгоход дэмжлэг үзүүлнэ. Сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн хүйсийн харьцаа 63% (эмэгтэй,) 37% (эрэгтэй) байна.

ЭМХ-ийн Монголд хэрэгжих үйл ажиллагаа

Хөтөлбөрт оролцогчид 8 сарын хугацаанд 18 хүртэл өдөр (ойролцоогоор, сард 2.5 өдөр) зориулах бөгөөд ихэнх үйл ажиллагааг ажилд саад үл учруулах үүднээс ажлын бус цагаар зохион байгуулна.

ЭМХ-ийн удиртгал, эрчимжүүлсэн манлайллын сургалт: Төгсөгчид үр дүнтэй манлайллын талаар үндсэн ойлголт авч, өөр хоорондоо танилцан, холбоо харилцаа үүсгэх эхний алхам болно.

Үдийн зоогтой уулзалтууд: Төгсөгчид олны танил бизнес, төр болон төрийн бус байгууллагуудын манлайлагчидтай уулзаж, тэдэнд тохиолдсон хүндрэл, тэдний хүрсэн амжилт, авсан сургамж, туулах бэрхшээл, тулгарсан ёс зүйн асуудлууд болон ажил – амьдралын тэнцвэрийн талаар асууж ярилцана.

Австралийн бизнесүүдтэй сүлжээ үүсгэх арга хэмжээ: Австрали, Монгол Улсуудын хоорондын харилцааг өргөжүүлэх зорилгоор Монгол Улсад ажиллаж байгаа Австралийн бизнесийн манлайлагчидтай уулзалт зохион байгуулна.

Семинар: Хөтөлбөрийн тэргүүлэх салбарын туршлагатай мэргэжилтэн, манлайлагчдын яриаг сонсож, өнөөгийн Монголын хүндрэлтэй асуудлуудын талаарх ойлгоцоо бататгана.

Илтгэх чадвар, олны өмнө уран ярих сургалт: Төгсөгчид илтгэл тавих, уран яруу ярих ур чадвар эзэмших сургалтад хамрагдаж, тэдгээрийг ашиглах боломжоор хангагдана.

Орон нутгийн аялал: Төгсөгчид орон нутгийн манлайлагчидтай харилцан ярилцаж, тэдний саад бэрхшээлийг хэрхэн даван туулдаг шинэлэг арга барил, туршлагаас суралцаж, санал солилцоно.

Олон нийттэй хамтран хэрэгжүүлэх төсөл: Манлайллын хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааны дараа оролцогчид олон нийтийг хамруулсан төсөл хэрэгжүүлэх багт хуваагдан, Хөтөлбөрийн тэргүүлэх 4 салбарын аль нэгд тохирсон, жэндерийн тэгш байдлыг хангахад чиглэсэн төсөл хэрэгжүүлнэ.

Жэндерийн сургалт: Оролцогчид манлайлал, жэндер ба бодлого боловсруулалт, жэндерийн тэгш байдалд эрчүүдийн гүйцэтгэх үүрэг зэрэг асуудлаар жэндерт суурилсан сургалтад хамрагдана.

Манлайллын сургалт (ЭМХ-ийн бүрэлдэхүүн хэсгүүдтэй уялдсан): Төгсөгчид амжилттай манлайлагчийн үндсэн чанар болох багаар ажиллах, стратегичээр төлөвлөх, үр дүнтэй харилцах зэрэг ур чадваруудаа тасралтгүй хөгжүүлнэ.

  • ЭМХ-ийн хяналт, шинжилгээ, үнэлгээнд хамрагдах
  • Хөтөлбөрт оролцохыг гэр бүл, ажлын газраас дэмжихийг баталгаажуулах зэрэг багтана.

Тогтвортой байдал

Тогтвортой байдлын хоёр чиглэл буй. Үүнд:

  • ЭМХ нь нийт Хөтөлбөрийн тогтвортой байдалд хэрхэн хувь нэмэр оруулах
  • ЭМХ-ийн тогтвортой байдлын хэмжүүрүүдийг хөтөлбөрт өөрт нь шингээх зэрэг юм.

ЭМХ бол Австралийн хувьд Монголын ирээдүйн манлайлагчидтай харилцах харилцааг дэмжин сайжруулах боломж юм. Монгол дахь Австралийн бизнесийн байгууллагуудтай холбоо тогтоож, Австралид богино хугацааны сургалт явуулснаар Австрали, Монгол Улсуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна.

Хяналт, шинжилгээ, үнэлгээ

ЭМХ-ийн Хяналт, үнэлгээний ажлууд Сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн зорилтуудыг ханган биелүүлэхэд дараах байдлаар хувь нэмэр оруулна. Үүнд:

  • төгсөгчдийн манлайлах, шийдвэр гаргах ур чадвар нэмэгдэх
  • Монголын ирээдүйд чухал асуудлуудын талаарх төгсөгчдийн мэдлэгийн хүрээ тэлэх
  • Монголын нийгмийн ирээдүйд хувь нэмэр оруулах, нөлөөлөх боломж төгсөгчдөд бүрдэх
  • Төгсөгчид хувийн болон мэргэжлийн харилцаа тогтоох, хөгжүүлэх, өргөжүүлэх
  • Төгсөгчид Австрали, Монголын хоорондын холбоог хөгжүүлэх

 

“Эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрийн мэдээ

2017-2018 оны “Эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөр 2017 оны 9-р сараас эхлэн амжилттай хэрэгжиж, оролцогчид сүүлийн 4 сард, голлох салбаруудад тэргүүлж яваа манлайлагчидтай уулзаж, ур чадвар суулгах семинар болон нэтворкинг үйл ажиллагаанд хамрагдаад байна.

Их Британи Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчид сайд хатагтай Катерин Арнолд, УИХ-ын гишүүн хатагтай Д.Ундраа нар Хөтөлбөрийн үдийн цайны уулзалтад  уригдан оролцож, хувь хүний манлайлах арга барил, улс төр, дипломатын салбар дахь эмэгтэйчүүдийн манлайлал, өнөөгийн нийгэмд эмэгтэй удирдагчдад тулгарч буй асуудлуудын талаар ярилцсан.

УИХ гишүүн Д.Ундраатай хийсэн уулзалт, 2017 оны 11-р сарын 16

Үдийн цайны уулзалтын үеэр хөндөгдсөн эмэгтэй удирдагчдад тулгардаг сорилт бэрхшээлүүдийн талаар гүнзгийрүүлэн мэдээлэх үүднээс Зориг сан 11-р сарын эхээр “Эмэгтэйчүүдийг чадавхижуулах форум”-ыг зохион байгуулсан. Форумд удирдлагын түвшинд ажилладаг эмэгтэй захирлууд, нийгэмд эерэг өөрчлөлтийг авчирч буй манлайлагч бүсгүйчүүд оролцон, эмэгтэйчүүдийн манлайллын талаар ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Уг арга хэмжээнд 300 гаруй хүн оролцсон.

Олон нийтийг хөгжүүлэх төслийн танилцуулга – Нетворкинг үйл ажиллагаа, Эмэгтэйчүүдийн манлайлал хэлэлцүүлэг, 2017 оны 11-р сарын 27

Оролцогчдын манлайлах ур чадварыг дээшлүүлэх зорилгоор, мэргэжлийн сургагч багш нарыг урьж, цуврал сургалт семинар зохион байгуулав. Үүнд: цагийн менежмент, төслийн менежмент, нэтворкинг хийх ур чадвар, санхүүжилт босгох болон жендерийн эрх тэгш байдлыг хангах зэрэг болно. Семинарууд нь оролцогчдыг үр дүнтэй манлайлагч болоход тулгарч болох саад бэрхшээлийг даван туулахад тусалдаг.

Нетворкинг семинар, сургагч багш С. Оюун, 2017 оны 10-р сарын 27

Хөтөлбөрийн бас нэг чухал хэсэг нь оролцогчид хөтөлбөрийн явцад олж авсан мэдлэг чадвараа ашиглан, нийгэмд тустай бичил төслүүдийг санаачлан хэрэгжүүлэх юм. Төсөл хэрэгжүүлснээр тэд шинэ мэдлэгээ баяжуулж, нийгэмд өөрийн хувь нэмрийг оруулах боломж бүрддэг. Энэ жил төслийн багууд хамтран ажиллах болон санхүүжүүлэх сонирхолтой албан байгууллага, хувь хүмүүст төслөө танилцуулах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан. “Утаа ба хүүхэд”, “Гал түймрээс сэргийлэх аян”, “Хөгжмийн ертөнц”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхижуулах нь” гэсэн дөрвөн төслийг хэрэгжиж байна.

Төслийн танилцуулга – Нетворкинг үйл ажиллагаа, Төслийн багийн танилцуулга, 2017 оны 11-р сарын 27

Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн нээлт Нээлтийн сургалт

Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн (ЭМХ) дөрөв дөх ээлж 2017 оны 9-р сарын 15-ны өдөр эхэлж, Австралийн тэтгэлгийн төгсөгчдөөс шалгарсан 17 эмэгтэй, 3 эрэгтэйг  хамруулан гурван өдрийн сургалт, семинар зохион байгуулав.  Хөтөлбөр  нь манлайлах, ялангуяа шийдвэр гаргах ур чадварыг сайжруулж, жендэрийн тэгш эрхийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх үндсэн хоёр зорилт тавьдаг. Энэ жилийн хөтөлбөрийн нээлт Австрали-Монгол Улсуудын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойтой давхацсан тэмдэглэлт өдөр тохиосныг Монгол дахь Австралийн Элчин Сайдын Яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Шейн МкКенна нээлтийн үгэндээ цохон тэмдэглэлээ.  

ЭМХ нь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд одоогоор, 60 төгсөгчтэй. Энэхүү дэд хөтөлбөр нь оролцогчдын манлайллын ур чадварыг дээшлүүлж, тэднийг мэргэжлийн салбартаа ахиц гаргахад дэмжлэг үзүүлэхийг зорьдог. Түүнчлэн Австралийн тэтгэлэгт  төгсөгчдийг манлайлал, хөгжлийн цогц хөтөлбөрт хамруулж, тэдэнд жендэрийн мэдрэмжтэй манлайллын өвөрмөц, өөрийн гэсэн арга барил эзэмшүүлэх боломжийг бүрдүүлдэг. Хөтөлбөрийн оролцогчид нийгмийн эмзэг асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах үүднээс олон нийтэд чиглэсэн төсөл боловсруулан хэрэгжүүлэхэд дэмжлэг авдаг.
 
Мөнхүү сургалтаар хөтөлбөрийн дэлгэрэнгүй агуулгыг танилцуулсан. Оролцогчид өөрсдийгөө нээж, багаар ажиллах, манлайлах чадвараа хөгжүүлэх төрөл бүрийн дасгал хийж, жендэрийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлжээ. Куйнсландийн Технологийн их сургуулийн сургагч багш Каролин Петеркен, Зориг Сангийн - Уолтер Женкинс нар манлайлал болон багийн ажлын хэсгийг хөтлөн явуулж, Жендэрийн мэргэжилтэн О. Оюунцэцэг жендэрийн тэгш эрхийн семинарыг удирдсан байна.   

 m11
Сургалтын нээлт:  2017 оны ЭМХ-ийн  нээлтэд оролцогчид

 m12
Сургалтын явц: багийн дасгал ажил

Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөр - 2017 Мэдээ № 3

2017 оны 6-р сарын 2-ны Баасан гарагт, 18 шилдэг бүсгүй Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөрийг (ЭМХ) дүүргэв. Монет ресторанд болсон төгсөлтийн арга хэмжээнд Австрали улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, ноён Жон Лангтри хүрэлцэн ирж, энэ жилийн хөтөлбөрт хүчин чармайлт гарган, хувь нэмэр оруулж, олон нийтийг хөгжүүлэх төслүүдийг чанарын өндөр түвшинд хэрэгжүүлсэн нийт оролцогчдод талархал дэвшүүллээ.

n13s

Эхний найман сард, оролцогчид манлайлах, өөрийгөө хөгжүүлэх цогц сургалтад хамрагдсан. Тэд үр дүнтэй харилцаа, цагийн менежмент зэрэг өргөн сэдэвтэй хөтөлбөрт оролцож, төр, бизнес, улс төрд танигдсан манлайлагч эмэгтэйчүүдтэй уулзаж ярилцан, бизнесийн тэргүүлэх байгууллагад зочилсны зэрэгцээ олон нийтийг хөгжүүлэх төслүүд хэрэгжүүлжээ.
Нийгмийн сайн сайхны төлөөх төслүүд ЭМХ-ийн онцлох хэсэг байлаа. Тэдгээр нь Монголд тулгарч буй нийгмийн зарим чухал асуудалд оролцогчдын анхаарлыг хандуулж, туслах боломжоор хангав. 2017 онд Эрүүл жирэмслэлт, Эрдмийн богц, Сургууль орох осолгүй зам, Хүүхдийн тэргэнцэр зэрэг дөрвөн төслийг төлөвлөсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлж дууссан бөгөөд үр нөлөө хэдийнээ гарч эхэлжээ.

n23s

Үүний зэрэгцээ, 10 оролцогч 2017 оны 6-р сард Австралийн Брисбан хотод хэрэгжих хөтөлбөрт шалгарсан. Хоёр долоо хоногийн тус эрчимжүүлсэн сургалт нь оролцогчдын Монголдоо олж авсан мэдлэгийг бататгаж, улмаар хамтран ажиллах, нөлөөлөх, жинхэнэ манлайлагч байхын тулд хувь хүн тус бүрийн онцлогт тохирсон манлайлах ур чадвараа гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чиглэгдэх юм. Түүнчлэн оролцогчдын мэдлэг туршлагад нийцсэн, Австралийн тэргүүлэх байгууллагын манлайлагчидтай холбоо тогтоох, Монгол, Австралид хуримтлуулсан туршлагаа харьцуулан жиших, цаашид хоёр соёлын гүүр байх боломж бүрдүүлэх болно.

n33s

Нэмэлт мэдээлэл