< Өмнөх хуудас руу буцах

Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөр

Нийтэлсэн: 2023-02-17

Мэдээ – 3

УР ЧАДВАР ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТУУД БОЛОН ТАНИЛЦАХ АЯЛАЛ

 Эмэгтэйчүүдийн Манлайллын Хөтөлбөр (ЭМХ) эхэлснээс хойш оролцогчид манлайлал, ур чадварыг дээшлүүлэх жендэрийн сургалт, цагийн менежмент, төслийн менежмент, төслийн хөрөнгө босгох зэрэг сэдвээр цуврал сургалтуудад хамрагдлаа. Харвардын хуулийн их сургуулийн төгсөгч, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо хэлэлцээр хийхэд анхаарах зүйлсийн талаар сургалт удирдан явуулж, оролцогчид багийн дасгалаар хэлэлцээр хийх ур чадвараа сайжруулав.

Хөтөлбөрийн оролцогчид мөн Өмнөговь аймагт байрлах Оюутолгой уурхайн үйл ажиллагаатай танилцлаа. Танилцах аяллын үеэр оролцогчид үйлдвэртэй дэлгэрэнгүй танилцаж, Монголын уул уурхайн салбарын олон талт байдал, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд ажиллаж буй Монголын уул уурхайн салбарын эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзсан билээ.

МОНГОЛ – АВСТРАЛИЙН НИЙГЭМЛЭГИЙН ШИНЭ ЖИЛ БОЛОН АВСТРАЛИЙН ҮНДЭСНИЙ БАЯРЫН ӨДӨР

Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид мэргэжлийн харилцаа холбоог тэлэх зорилгоор олон тооны арга хэмжээнд оролцдог. Австралийн нийгэмлэгийн шинэ жилийн арга хэмжээ 2022 оны 12-р сарын 17-нд болсон ба уг арга хэмжээнд Австралийн Элчин сайдын яам, Монгол дахь Австралийн Худалдааны Танхим, Австралийн тэтгэлэгт хөтөлбөр, Монгол-Австралийн нийгэмлэг, Зориг сангийн төлөөлөл, хөтөлбөрийн төгсөгчид болон оролцогчид оролцов. Энэхүү арга хэмжээг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кейти Смит, Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн захирал Л.Энхтүвшин болон Монгол-Австралийн Нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ц.Лут-Очир нар тус арга хэмжээг нээж үг хэлэв. Зочид хөгжмийн тоглолт үзэж, шинэ жилийн баяраа тэмдэглэв.

Австралийн үндэсний баярын өдөр болон Австралийн тэтгэлгийг Монгол улсад олгож эхэлсний 30 жилийн ойг тохиолдуулан 1-р сарын 27-нд Австралийн ЭСЯ-наас зохион байгуулсан албан ёсны арга хэмжээнд хөтөлбөрийн оролцогчид оролцсон билээ.

НИЙГЭМД ЧИГЛЭСЭН БИЧИЛ ТӨСЛҮҮД:

Хөтөлбөрийн бас нэг чухал хэсэг нь оролцогчид багуудад хуваагдан нийгэмд чиглэсэн төсөл боловсруулж, хэрэгжүүлдэг явдал юм. Оролцогчид өөрсдийн сонирхлоороо 4 багт хуваагдсан бөгөөд доорх 4 төслийг хэрэгжүүлэхээр бэлдэж байна. Үүнд:

  • Art Therapy for Adults with Acquired Disabilities төсөл нь урлагийн эмчилгээний арга барилаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэтгэл зүйн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, сэргээн засах тусламж үйлчилгээний хэрэгцээний талаарх ойлголтыг нэмэгдүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг чадавхжуулах, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Төслийн хүрээнд Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвтэй хамтран урлагийн сэтгэл заслын өрөөг тохижуулж, олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг урлагийн эмчилгээнд хамруулж, сэргээн заслын тусламж үйлчилгээнд урлагийн эмчилгээг тусгах талаар бодлогын зөвлөмж боловсруулж, уран зургийн үзэсгэлэн, оролцогч талуудын мэдлэгийг дээшлүүлэх арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм.
  • Health Promoting School төсөл нь 102-р сургуулийн 13-17 насны сурагчдын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл дадал зуршлыг төлөвшүүлэх, Эрүүл мэндийг дэмжигч сургуулийн (ЭМДС) жишиг тогтоох, бусад боловсролын байгууллагуудын дунд ЭМДС хөтөлбөрийг сурталчлах зорилготой. Төслийн хүрээнд сургуулийн сэтгэл судлаачийн өрөөг тохижуулан сурагчдад тав тухтай орчин бүрдүүлж, сэтгэцийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрүүл мэнд, эерэг дадал зуршлыг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалтуудыг зохион байгуулах юм. Мөн тус сургуулийн эрүүл мэндийн дадлага туршлагыг цаашид бэхжүүлэхийн тулд төслийн хүрээнд багш нарт зориулсан удирдамжийг боловсруулах юм.
  • Postpartum Depression төсөл нь нийгмийн сүлжээний контент, эрүүл мэндийн ажилтнуудыг сургах, фокус бүлгийн эхчүүдийн сэтгэл зүйн эрүүл мэндийг сайжруулах замаар төрсний дараах сэтгэл гутралын (ТДСГ) талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой юм. Төслийн хүрээнд өөрийгөө хайрлах өдрийн тэмдэглэл боловсруулж, ТДСГ-д орсон ээжүүдэд зориулсан сургалт явуулах, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор видео контент бүтээж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээх, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарт зориулсан сургалтын материал, ТДСГ үнэлгээ бэлтгэх юм.
  • STEM Teen төсөл нь улсын сургуулиуд ШИМТ хөтөлбөрийг сургалтын хөтөлбөртөө хэрхэн тусгаж болохыг харуулах, жишиг тогтоох замаар бусад сургуулиудад ШИМТ боловсрол, сурагчдын дунд ШИМТ мэргэжлүүдийг сурталчлах зорилготой юм. Төслийн хүрээнд сонгогдсон улсын сургуулийг жишиг ШИМТ лабораторитой болгож, багш нарыг сургаж, ШИМТ сургалтын хөтөлбөр, гарын авлага, сурагчдад зориулсан онлайн хичээлүүдийг боловсруулна. Сурагчид болон эцэг эхчүүдийн ойлголтыг нэмэгдүүлэх, ШИМТ мэргэжлүүдийг таниулах зорилгоор төслийн хүрээнд ШИМТ салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдээр удирдуулсан карьер төлөвлөлтийн семинаруудыг зохион байгуулна.