< Өмнөх хуудас руу буцах

Ц.Номинзол: Монгол Улсын жижиглэн худалдааны салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж байна

Нийтэлсэн: 2022-09-6

Alumni, Experience, Impact,

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч Ц.Номинзол Австралид эзэмшсэн боловсрол, мэдлэг чадвартаа тулгуурлан Монгол Улсын жижиглэн худалдааны салбарт хувь нэмэр оруулж, нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрахаар ажиллаж байна.

Номинзол Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 2019 онд Сидней их сургуульд худалдааны магистрийн зэргээ авсан. Тэрээр Монгол Улс дахь хамгийн том сүлжээ конвиниенс дэлгүүрүүдийн нэг болох СиЮ Монголиад Төслийн удирдагчаар ажиллаж байна. Австралиас буцаж ирснийхээ дараа Номинзол жижиглэн худалдааны зах зээлийг тэлэх, СиЮ Монголиа брэндийг улсдаа нутагшуулах чиглэлд олон томоохон бизнес төслүүдийг удирдан ажиллажээ.

СиЮ Монголиа нь 2015 онд Монгол Улсын зах зээлд хамгийн анхны конвиниенс дэлгүүрийг гурван салбартайгаар (анхлан Централ экспресс нэртэй) нээсэн. Түүнээс хойш, тус компани 250 гаруй салбар дэлгүүрийг нээж, өдөр тутам 100,000 гаруй хүнд үйлчилж байна. СиЮ Монголиа ирэх хоёр жилд эдгээр тоон статистикийг хоёр дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

“Би үйлчлүүлэгчиддээ хамгийн сайн үйлчилгээг хүргэхийн төлөө олон томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна” хэмээн Номинзол хэлсэн.  Ийм том хэмжээний хэрэглэгчийн мэдээллийн баазыг удирдах үүднээс тэрээр дэлхийн жишигт нийцсэн үйл ажиллагааны ноу-хау, бизнес процессыг оновчтой болгох мэдээллийн технологийн үндсэн системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

“Манай бизнес нь байршил бүрт хүртээмжтэй, цогц байх шийдлээрээ монголчуудын өдөр тутмын амьдралд олон эерэг өөрчлөлтийг бий болгоно гэдэгт итгэлтэй байна. Илүү сайн амьдралын хэв маягийг бүрдүүлж, үйлчлүүлэгчиддээ бодит үнэ цэнийг бий болгох нь манай хамт олны хүсэл зориг байсаар ирсэн” гэж Номинзол хэлж байна. Монгол Улсад конвиниенс дэлгүүр нь харьцангуй шинэ зах зээл юм. Гэсэн хэдий ч богино хугацаанд шинээр олон ажлын байр бий болгохын зэрэгцээ нийтийн бие засах газар, боломжийн үнэтэй, чанартай өдөр тутмын хоол зэргийг бэлтгэн нийлүүлж, олон эерэг өөрчлөлтийг  бий болгосоор байна.

Номинзол ажил мэргэжлийн хувьд өсөн дэвших боломжийг олгосон Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт талархаж явдаг.

“Австралийн шилдэг их сургуулиудын нэгд суралцаж, бизнесийн сургуулийг төгссөн маань карьер хөгжилд тустай олон мэдлэг, чадварыг надад олгосон. Тэтгэлэгт хөтөлбөр намайг шилдэг профессорууд, мэргэжилтнүүдээс суралцаж, олон улсын үе тэнгийнхэнтэйгээ танилцах, нөхөрлөх боломжийг нээж өгсөн. Бэрхшээлийг даван туулах урам зоригийг өгч, бизнесийн шинэ концепц, нарийн төвөгтэй төслүүдийг анхан шатнаас нь боловсруулах ур чадварыг бэхжүүлсэн” гэж Номинзол хэлж байна.

“Миний бие Австралид суралцаж байхдаа их сургуульд сурах нь тасралтгүй суралцах процессын зөвхөн эхлэл байсныг ойлгосон бөгөөд одоо ч Австрали анд нөхөд, тэдний судалгаа, шинжилгээний ажлаас суралцсаар байна. Миний хувьд Сиднейд суралцаж байхдаа хүчирхэг эмэгтэй удирдагчидтай уулзаж, залуу мэргэжилтнүүд, шилдэг профессоруудаас суралцах завшаан тохиосон. Суралцах боломжоос гадна тус тэтгэлэгт хөтөлбөрөөс олж авсан өөр нэг зүйл бол өөрийн мэргэжлийн салбарынхаа шилдэг мэргэжилтнүүдтэй уулзах, насан туршид нөхөрлөх олон үндэстний найз нөхөдтэй болсон явдал юм. ” гэж Номинзол дүгнэв.