< Өмнөх хуудас руу буцах

Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөр

Нийтэлсэн: 2022-07-25

Мэдээ – 8

Эмэгтэйчүүдийн Манлайлал хөтөлбөрийн (ЭМХ) Монгол дахь 8 сарын манлайлал, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр амжилттай хэрэгжсэний дараа сонгон шалгаруулалтаар тэнцсэн 10 оролцогчид Австрали улсад 2 долоо хоногийн манлайллын эрчимжүүлсэн хөтөлбөрт хамрагдлаа. Уг хөтөлбөрийг Күйнслэндийн Технологийн Их Сургууль 6-р сарын 20-ны өдрөөс 7-р сарын 1-ний хооронд хэрэгжүүлсэн юм.

Оролцогчид 2 долоо хоногийн хугацаанд олон үр өгөөжтэй манлайллын сургалтууд болон үйл ажиллагаанд хамрагдав. Тэд хөтөлбөрийн хүрээнд хувийн болон мэргэжлийн чадваруудыг нэмэгдүүлэх сургалтуудад хамрагдаж, мөн Күйнслэндийн Технологийн Их Сургуулийн кампус болон Брисбени хоттой танилцжээ. Үүнээс гадна үр дүнтэй багаар ажиллаж, асуудлыг шийдвэрлэх арга барилуудыг суралцахаар Страдбрук аралд 2 хоногийн манлайллын үйл ажиллагаанд хамрагдсан. Оролцогчид хөтөлбөрийн төгсөлтийн үйл ажиллагааны үеэр ирээдүйн манлайллын төлөвлөгөө болон суралцсан зүйлсээ танилцуулж, мөн Австрали улсын манлайлагчдаас суралцсан нь урам зориг өгсөн хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

 

“Би сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд манлайллын талаарх мэдлэгээ ахиулаад зогсохгүй хамт олноосоо суралцсан үр өгөөжтэй өдрүүдийг өнгөрүүллээ. Би шийдвэр гаргах, зөрчилдөөнийг шийдвэрлэх, ятгах ур чадвараа дээшлүүлэх зорилготойгоор Австралид ирсэн. Уг хөтөлбөрт эдгээр чухал сэдвүүдийг зааж сургасан бөгөөд үүний үр дүнд би чадах чинээгээрээ өөрчлөлт хийх итгэл болон мэдлэгтэй боллоо. Би хувь хүнийхээ хувьд ч өсөж, мэргэжлийнхээ талаас ч олон туршлага хуримтлуулсан. Энэхүү хөтөлбөрт хамрагдсандаа үнэхээр баяртай байна.” – Оролцогч А. Онон