< Өмнөх хуудас руу буцах

Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөр

Нийтэлсэн: 2022-05-4

Мэдээ – 5

Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөрийн (ЭМХ) нэг чухал ач холбогдолтой хэсэг бол оролцогчдын хэрэгжүүлдэг нийгэмд чиглэсэн төслүүд байдаг. Оролцогчид өөрсдийн хүсэл тэмүүлэл, сонирхлын дагуу 4 багт хуваагдан дараах 4 төслийг хэрэгжүүлж байгаа юм. Эдгээр нь хүрээлэн буй орчныг сайжруулах, сэтгэцийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, жендер мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэн хэрэгжиж байна.

1. Checkmate төсөл нь иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Нийслэлийн Хан-Ууд дүүргийн 65-р дунд сургууль, Улсын Их Дэлгүүрийн ойролцоох усан оргилуур зэрэг Улаанбаатар хотын 4 өөр байршилд талбайн шатрын хөлөг байршуулах ажлыг санаачлан хийж байна. Багийн гишүүд 2022 оны 6-р сарын эхээр анхны шатрын хөлөг бүхий талбайг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд холбогдох төрийн захиргааны байгууллагуудаас зөвшөөрөл авч, шатрын бүрэлдэхүүн хэсгүүдийг захиалгаар хийлгүүлж, мөн олон нийтэд төслөө сурталчлан хандив цуглуулах зэрэг ажлуудад төвлөрөн ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энэ бичлэгээс үзнэ үү.

2. MeForMyself төсөл нь “Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв” (МСҮТ)-ийн оюутнуудын сэтгэцийн эрүүл мэнд, бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн мэдлэгийг дээшлүүлэх, өөрийгөө илэрхийлж сурахад нь туслах зорилготой. Багийн гишүүд оюутнуудад зориулсан “MeForMyself” бясалгал болон амралтын өрөөг тохижуулж, мөн сэтгэцийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн мэдлэг, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр сургалтуудыг зохион байгуулж байгаа юм. Мөн түүнчлэн, багийн гишүүд согтууруулах ундааны зохистой хэрэглээний талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 70 багш, нийгмийн ажилтнуудыг хамруулсан цахим сургалт зохион байгуулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан төслийг сурталчилсан юм. Төсөлд нийт 2095 оюутан (221 эмэгтэй, 1874 эрэгтэй), мөн сурагчдын эцэг эх, багш нар хамрагдсан байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энэ бичлэгээс үзнэ үү.

3. Цаг өгье төсөл нь Улаанбаатар хотын Сонгино-хайрхан дүүргийн 34-р хорооны сургуулийн өсвөр насны охид, эмэгтэйчүүдэд шинэ ур чадвар, мэдлэг эзэмшүүлэх зорилгоор цуврал сургалт явуулахаас гадна тэдэнд зориулсан нийгмийн хөгжлийн төв байгуулах зэрэг хоёр хэсгээс бүрдэж байна. Багийн гишүүд энэ оны 3-р сарын 15-ны өдрөөс эхлэн тухайн нийгмийн хөгжлийн төвд үнэ төлбөргүй угаалга болон шүршүүрийн үйлчилгээг эхлүүлжээ. Багийн гишүүд төслийн хүрээнд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр төслийн мэдээллийг түгээж, видео контент хийхээс гадна хандив цуглуулах, оюутнуудад зориулсан сургалтуудыг зохион байгуулах, угаалгын үйлчилгээний хүлээлгийн талбайг тохижуулах ажлуудыг гүйцэтгэхээр шаргуу ажиллаж байна. Төслийн гол зорилго нь 9-12-р ангийн өсвөр насны охид болон эмэгтэйчүүдийг чадавхжуулах ч гэлээ, тэгш оролцоог дэмжих зорилгоор өсвөр насны хөвгүүдийн мөн хамруулж байгаа юм. Дэлгэрэнгүй мэдээллийг энэ бичлэгээс үзнэ үү.

4. A*READ төсөл нь Монголд аутизм болон бусад тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд зориулсан тэдний бичиг үсэг, хэл яриа, нийгмийн харилцааны чадварыг дэмжиж сайжруулах тусгай зориулалтын ном, сурах бичгийг дижитал хэлбэрээр хүртээмжтэй байдлаар хүргэхийг зорьж байна. Бичиг үсэг, хэл яриа, нийгмийн харилцааны ур чадвар нь хөгжлийн бэрхшээлтэй (аутизм, оюуны хомстол, хэл ярианы бэрхшээлтэй гэх мэт) хүүхдүүдийн ирээдүйн амжилт, бие даасан байдал, аз жаргалын тулгын чулуу хэмээн төслийн багийнхан үзэж байгаа юм. Улмаар хялбарчилсан ном унших нь эдгээр ур чадварыг хөгжүүлэхэд хамгийн үр дүнтэй аргуудын нэг болох нь олон улсад нотлогдсон байдаг. Төслийн гишүүд нийт 43 номыг бэлтгэн, үнэ төлбөргүй онлайн болон биет хэлбэрээр зорилтот бүлэгт хүргэх замаар эдгээр чухал ур чадваруудыг хөгжүүлэхээр зорин ажиллаж байгаа юм. Дэлгэрэнгүй мэдээллийг энэ бичлэгээс үзнэ үү.