< Өмнөх хуудас руу буцах

2020 – 2022 оны тэтгэлэг хүртэгчдэд зориулсан Үдэлтийн Семинар

Нийтэлсэн: 2022-04-19

Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газар 2020 – 2022 онд Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнуудад зориулсан үдэлтийн семинарыг 2022 оны 4-р сарын 15-16-ны өдрүүдэд Туушин Зочид буудлын Соёмбо хурлын танхимд зохион байгууллаа. Тэтгэлэг хүртэгч 36 оюутан, тэдний гэр бүлийн гишүүд тус семинарт оролцов. Тус семинарт Австрали улсын Элчин Сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Дэйвид Прэстон, Монгол улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын Дэд дарга У.Бямбасүрэн, Хэрэг Эрхлэх газрын реферэнт Н. Нарангуа, Австралид төгсөгчдийн Моззис холбооны төлөөлөл хүрэлцэн ирсэн юм. Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн захирал Э.Энхтүвшин өөрийн багийн нэрийн өмнөөс тэтгэлэг хүртэгчдэд баяр хүргээд, тэднийг өөрсдийгөө болон гэр бүлийн гишүүдээ, мөн өөрсдийн хаана ажилладаг, сонгон суралцах чиглэлээ танилцуулахыг хүслээ.

Тус семинарын нээлтэнд Монгол улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын Дэд дарга У.Бямбасүрэн цар тахлын дараа дэлхийн улс орнууд хилээ нээж байгаа энэ үед 2020-2022 оны шалгаруултанд тэнцсэн тэтгэлэг хүртэгчид суралцахаар явах болсонд онцгойлон баяр хүргэв.  У. Бямбасүрэн үргэлжлүүлэн Австралийн тэтгэлгийн талаар товч танилцуулаад, 1993 оноос хойш 650 гаруй төгсөгч Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулж буйг дурдлаа. Тэрээр нийт төгсөгчид Австралид төгсөгчдийн Моззис холбоонд нэгдэж, холбооноос зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхитэй оролцох нь чухал гэдгийг тэмдэглэн хэллээ. Төгсгөлд нь тэрээр тэтгэлэг хүртэгчдэд сурлагын өндөр амжилт хүсээд Монгол улсын засгийн газар тэднийг мэргэжлийн чиглэлээр Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна гэв.

Австралийн засгийн газрыг төлөөлөн уг семинарт оролцсон Австралийн Элчин Сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Дэйвид Прэстон хэлсэн үгэндээ Ковид-19 цар тахлын дараа Австралийн засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжийг олгож байгааг онцоллоо.  Мөн тэрээр 2022 оны хувьд Австрали-Монгол 2 улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгааг онцлон тэмдэглэлээ. Дэйвид Прэстон хэлэхдээ Австралийн элчин сайдын яам Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас үл хамааран Монгол улсын засгийн газартай хамтран Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгааг тэмдэглэн хэлэв. Тэрээр цар тахлын хүнд үед тэтгэлэг хүртэгчдэд үзүүлсэн дэмжлэг тэдэнд хэрэгтэй байсан гэдгийг сонсоход таатай буйгаа илэрхийлсэн. Тэрээр Австралийн тэтгэлэг хүртэгчид магистрын сургалтанд хамрагдснаар алсын хараагаа өргөжүүлэх, шүүмжлэлт сэтгэлгээ, бүтээлч хэлэлцүүлэг хийх чадварыг сурах, өөртөө итгэх итгэл нэмэгдэж, ажилдаа өсөн дэвших боломж зэрэг бүрдэнэ гэв. Дэйвид Прэстон тэтгэлэг хүртэснээр Австрали орны түүх, соёл, ард түмний ялангуяа уугуул иргэдийн талаар илүү их танин мэдэх сайхан боломж гэдгийг тэмдэглэн хэлсэн. Төгсгөлд нь тэтгэлэг хүртэгчдийг Австрали улсад амжилттай суралцана гэдэгт эргэлзэхгүй байгаагаа хэлээд тэдэнд амжилт хүслээ.

Уг семинарын эхний өдөр Австралийн Гадаад Хэрэг, Худалдааны Яамнаас гаргасан Австралид сурч, амьдрах талаар зайлшгүй олгох ёстой мэдээллийг тухайлбал Австралид хэрхэн сурч, амьдрах талаар зөвлөгөө өгч ярилцав. Уг семинарт тэтгэлгээр суралцаад ирсэн хоёр төгсөгчид гэр бүлийн хамт оролцож, туршлагаасаа хуваалцлаа. Орон байр олох, гэр бүлээ аваачих, гэр бүлээр болон ганцаараа очиж суурьших, Австралид сурч, ажиллах талаарх туршлагаасаа хуваалцсан нь удахгүй явахаар зэхэж буй тэтгэлэг хүртэгчдэд чухал мэдээлэл боллоо.

Семинарын хоёр дахь өдөр Австралийн соёлын талаар мэдээлэл авч бусад төгсөгчдийн туршлагаас суралцлаа. Тэтгэлэг хүртэгчид Аделайд, Сидней, Мелбурн, Брисбани, Канберра гэх мэт очиж сурах хотуудаар баг болж тухайн хотод сурч, амьдарсан төгсөгчдөөс туршлага судаллаа. Түүнчлэн тэтгэлэг хүртэгчид Австралийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээлэл авсан.

Австралид төгсөгчдийн Моззис холбооны төлөөлөл хүрэлцэн ирж, холбооны талаар танилцуулга хийгээд, өөрийн байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулдаг ажлуудын талаар мэдээлэл өглөө. Мөн нийт төгсөгчид Австралид төгсөгчдийн Моззис холбоонд нэгдэж, холбооноос зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхитэй оролцох нь чухал гэдгийг дурдлаа. Эцэст нь тэд Австралийн тэтгэлэг хүртэгчдэд амжилт хүсэв.