< Өмнөх хуудас руу буцах

Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөр

Нийтэлсэн: 2022-04-8

Мэдээ – 4

Ур чадвар дээшлүүлэх сургалт болон үйл ажиллагаанууд

Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөр (ЭМХ) 8 дахь удаагийн элсэлтээ авч хөтөлбөрийг албан ёсоор эхлүүлснээс хойш таван сарын хугацаанд хөтөлбөрийн оролцогчид үдийн цайны ярилцлага, хэвлэл мэдээлэлтэй харьцах, илтгэх ур чадвар, цагийн менежмент, мөн хөрөнгө босгох зэрэг хувь хүний ур чадвар дээшлүүлэх сургалтууд болон хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан бусад арга хэмжээнүүдэд хамрагдлаа.

“Чиглүүлэгч багш бүр оролцогчдод урам зориг өгч байлаа. Тэд хэрхэн манлайлагч байх, бусдад нөлөөлөх талаар өөрсдийн амьдралын өвөрмөц түүх, туршлага, бодлоо хуваалцаж байв. Би эндээс манлайлагч болох хүсэл эрмэлзэлтэй болсон.” -ЭМХ-ийн оролцогч Хосоо.

Энэ удаагийн хөтөлбөрийн үдийн цайны ярилцлагын үеэр оролцогчид Монгол Улсын Их Хурлын гишүүн асан, “Жорлонгоо өөрчилье” ТББ-ыг үүсгэн байгуулагч Ц.Оюунгэрэлтэй уулзах боломж олдсон юм. Уулзалтаар түүний манлайллын түүхийг сонсож, харилцан санал бодлоо солилцсон нь оролцогчдод урам зориг өгч, эерэг сэтгэгдэл төрүүлсэн хэмээн сэтгэгдлээ хуваалцав. Энэхүү үдийн цайны ярилцлага нь хөтөлбөрийн оролцогчдод манлайллын хэв маягаа төлөвшүүлэх, салбар хоорондын ялгаатай байдал, онцлог шинж тэмдэгүүдийн талаах ойлголтоо нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

Өнгөрсөн саруудад ирсэн хүндэт зочдоос дурдвал:

  • Тэнгэр телевизийн гүйцэтгэх продюсер Жүгдэрийн Хулан
  • Лантуун дохио ТББ-ыг үүсгэн байгуулагч Чадраабалын Ганжавхлан
  • Удирдлагын Академийн захирал Дуламсүрэнгийн Сүрэнчимэг нар байлаа.

ЭМХ-ийн өөр нэг онцлох бүрэлдэхүүн хэсэг бол MCS Академи-ээс зохион байгуулдаг  “Бизнес дэх эмэгтэйчүүдийн манлайлал” сургалт юм. Энэхүү  сургалт нь 3-р сарын 12-нд зохион байгуулагдсан бөгөөд сургалтын үндсэн зорилго нь бизнесийн салбарын мэдлэгээ нэмэгдүүлэхэд оршиж байв. Сургалт “Бизнес дэх дижитал өөрчлөлт,” “Бизнесийн пресентац,” “Бизнес дэх 5E манлайлал” зэрэг сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдсан ба эдгээр сургалтууд нь оролцогчдод улам урам зориг өгсөн гэж онцолжээ.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр 2022 панел хэлэлцүүлэг, танилцах арга хэмжээ

Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид харилцааны ур чадвар, мэргэжлийн харилцаа холбоог нэмэгдүүлэх зорилгоор олон тооны арга хэмжээнд оролцдог. Австралийн Элчин Сайдын Яам, Монгол дахь Олон Улсын Эмэгтэйчүүдийн Худалдаа Аж Үйлдвэрийн Холбоо (IWFCI), Монголын Бизнесийн Зөвлөл болон Зориг сан хамтран Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд “Тогтвортой маргаашийн төлөө өнөөдрийн жендерийн тэгш байдал” арга хэмжээг 3-р сарын 9-ний өдөр Shangri La Ballroom-д зохион байгуулав. Арга хэмжээ нь үндсэн хоёр хэлэлцүүлэг, илтгэл, танилцах үдэшлэгээс бүрдсэн бөгөөд салбар бүрийн 150 гаруй онцлох зочид энэхүү арга хэмжээнд уригдан оролцсоноос гадна олон нийтэд хүртээмжтэй байдлыг хангах үүднээс уг арга хэмжээг олон нийтийн сүлжээгээр шууд дамжуулсан юм.

Австралийн Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Дэйв Престон арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ:

“Монгол Улсад эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах, улс төрд дэх эмэгтэйчүүдэд тулгардаг саад бэрхшээлүүдийг арилгах, хүйсээр ялгаварлан гадуурхалтыг  арилгах, нийгмийн сөрөг нөлөөллийг багасгах зэрэг зайлшгүй шийдэх шаардлагатай асуудлууд байсаар байна. Монгол Улс хүртээмжтэй хөгжлийн төлөө бүх төвшинд манлайлагч эмэгтэйчүүдийг дэмжих асар их нөөц бололцоотой. Эмэгтэйчүүд, охидод тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх гарцыг олоход манлайлагч эмэгтэйчүүдийн хамтын ажиллагаа нь хамгийн чухал үүрэг гүйцэтгэх юм.” гэж цохон тэмдэглэсэн байна.

Эхний панел хэлэлцүүлэг нь Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг эрчимжүүлэх нь  сэдвийн хүрээнд явагдахдаа хүрээлэн буй орчин, хөгжил цэцэглэлтэд эмэгтэйчүүд чухал үүрэгтэйг онцлов. Ингэхдээ НҮБ-ын гишүүн орнууд 2015 оны 9-р сарын 25-ны өдөр баталсан дэлхийн 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудын (ТХЗ) хүрээнд эмэгтэйчүүд хэрхэн нөлөөлж байгаа, эдгээр зорилтуудад хүрэхэд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо хэр чухал ач холбогдолтой болохыг хэлэлцэв. Энэ хэлэлцүүлгийн оролцогчдоор Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн захирал Л.Энхтүвшин; Сэрүүн Группийн ТУЗ-ийн дарга Э.Булгантамир; Монголын Тогтвортой Санхүүжилт Холбооны Гүйцэтгэх захирал Э.Номиндарь; Хараат Бус Судалгааны Хүрээлэн Хүрээлэнгийн (IRIM) гүйцэтгэх захирал Л.Цэлмэгсайхан, АПУ ХХК-ийн Хүний нөөцийн албаны дарга  Ж.Ичинхорлоо нар оролцлоо.

Хоёр дахь хэлэлцүүлгээр Бизнес дэх жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хэлэлцсэн бөгөөд энэ хэсэгт Рио Тинтогийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал; Хаан банкны гүйцэтгэх захирлын орлогч Б.Эрдэнэдэлгэр; М-Ойл Групп ХХК-ийн гүйцэтгэх захирал, IWFCI Монголын ТУЗ-ийн гишүүн Б.Пунсалмаа; Сноу Хилл Консалтанси ХХК-ийн удирдах партнер Б.Нямцэрэн; Иромакс ХХК-ийн үүсгэн байгуулагч, IWFCI Монголын ТУЗ-ын гишүүн М.Золзаяа нар оролцов. Хэлэлцүүлэгт оролцогчид бизнест жендэрийн эрх тэгш байдлыг хангахын үр өгөөж, өнөөгийн бодлого, эмэгтэйчүүд, охидын хөгжиж дэвших орчныг бүрдүүлэх, мөн алсын харааг хэлэлцэв.

Үндсэн илтгэлүүдэд “Бизнес дэх Төв Азийн эмэгтэйчүүд”, “Монгол Улсын тогтвортой санхүүжилтийн санаачилга, санхүүгийн салбарын тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмэр” зэрэг сэдвүүдийг хөндсөн бөгөөд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес А.Такач, Монголын Ногоон Санхүүгийн Корпорацийн гүйцэтгэх захирал М.Болд нар илтгэл танилцуулсан байна.

Австралийн өдөр

Монгол, Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан 3-р сарын 11-нд болсон албан ёсны арга хэмжээнд хөтөлбөрийн оролцогчид хамрагдав. Энэхүү арга хэмжээг Австралийн Элчин Сайдын Яам, Монгол Австралийн худалдааны танхим хамтран зохион байгуулсан бөгөөд. Австрали-Монголын харилцаа хамтын ажиллагааг бататган хамтдаа тус баярыг тэмдэглэлээ.