< Өмнөх хуудас руу буцах

Эрдэнэцогт овогтой Сарантогос

Нийтэлсэн: 2022-03-7

Австралид улсад эзэмшсэн мэдлэгээ ашиглан Монголын гадаад бодлогод өөрийн хувь нэмрээ оруулж буй дипломатч Эрдэнэцогт овогтой Сарантогос

Австралийн төгсөгч, дипломатч Эрдэнэцогтын Сарантогос нь Монгол дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн чадавхийг нэмэгдүүлэхийн төлөө тууштай ажиллаж байгаа бөгөөд одоогоор Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирлаар ажиллаж байна.

Монгол Улсаас БНСУ-д суух дараагийн Элчин сайдаар томилогдсон Э. Сарантогос тун удахгүй үүрэгт ажлаа хүлээн авна. Тэрээр Элчин сайдаар томилогдсон нь Монголын дипломат харилцааны түүхэнд тохиох чухал үйл явдал болж байна. Одоогоор Монгол улсаас гадаад улсад суугаа 31 элчин сайд нарын зургаа нь эмэгтэй элчин сайд байна.

Э. Сарантогос 2010 онд Австралийн тэтгэлгээр Аделайдын Их Сургуульд Хэрэглээний Эдийн Засгийн Магистрын зэрэг хамгаалсан. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Э. Сарантогостой ярилцлаа.

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулж, өөрийн ажил мэргэжлийн тухай, Монгол улсынхаа хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулж байгаа талаар танилцуулна уу?

Би Гадаад Харилцааны Яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирлын хувьд Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхааран ажиллаж байна.

Монгол улс олон талт гадаад бодлого хэрэгжүүлж байгаа бөгөөд Азийн орнуудтай найрсаг түншлэлийн харилцааг хөгжүүлэх нь энэхүү гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм. Бид Азийн гурван хөрш болох Япон, Энэтхэг, Бүгд Найрамдах Солонгос улстай стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлсэн. Бид мөн Зүүн Өмнөд Ази болон Төв Азийн орнуудтай чухал хамтын ажиллагаа, харилцаатай байдаг.

Монгол Улс Ази тивд хэд хэдэн элчин сайдын яамтай бөгөөд манай газар гадаад дахь Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан Азийн орнуудтай нягт хамтран ажилладаг. Бид улс орнуудын хооронд сайд нарын түвшний хэлэлцээ хийж, Монгол Улс болон Азийн эдгээр орны хооронд төрийн дээд хэмжээний айлчлалуудыг зохион байгуулдаг.

Австралийн тэтгэлэг таны карьерт хэрхэн нөлөөлсөн бэ? Та мэргэжлийн чиглэлээр Австрали улстай ямар нэгэн харилцаа холбоотой байгаа юу?

Австрали улсад суралцах хугацаандаа хуримтлуулсан мэдлэг, туршлага маань миний ажилд их хувь нэмэр оруулсаар ирсэн. Ялангуяа Олон улсын худалдаа, Санхүүгийн чиглэлээр сурсан мэдлэг, туршлага маань Азийн орнуудтай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэхэд ихээхэн тус болсон. Тухайлбал, би 2015 оны Монгол-Японы хэлэлцээрийн үеэр Япон дахь Улсын Элчин сайдын яаманд Эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан. Тухайн үед Аделайдын Их Сургуульд  Худалдааны хэлэлцээр хийж сурсан мэдлэг надад их хэрэг болсон.

Манай газар сайн харилцаатай орнуудтай эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг хөгжүүлэх чиглэлээр хамтарсан арга хэмжээ, семинар зохион байгуулдаг. Хэрэглээний эдийн засаг, Байгаль орчны эдийн засаг, Олон улсын худалдаа, санхүүгийн хичээлээр олж авсан практик болон онолын мэдлэг маань өдөр тутмын ажилд минь тус болж байна. Ази, Номхон Далайн Орнуудын газар бол Монгол, Австрали хоёр улсын хамтын ажиллагааны асуудлыг хариуцдаг учраас Улаанбаатар дахь Австралийн Элчин сайдын яам, Австралийн Гадаад харилцаа, худалдааны яамтай нягт хамтран ажилладаг.

Энэ жил бид Австрали, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэж байна. Австрали улс бол бидний найдвартай түнш, шилдэг хөрөнгө оруулагчдын нэг гэдгийг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Мөн 1990-ээд оны эхэн үеэс Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөр 650 гаруй иргэд Австрали улсад боловсрол эзэмшээд байна. Бидэнд Австрали улстай уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асар их боломж бидэнд бий.

Эцэст нь хэлэхэд, НҮБ-аас энэ жил Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг “Тогтвортой маргаашийн төлөө өнөөдрийн жендэрийн тэгш байдлыг хангах” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Та энэ урианы хүрээнд нийт төгсөгчдөд болон бусад хүмүүст хандаж юу хэлэх вэ?

Дэлхий дахинд нийгмийн хөгжилд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо өсөн нэмэгдэж байна. Эмэгтэйчүүдийн чадавхи, жендэрийн тэгш байдал, тогтвортой хөгжил нь өөр хоорондоо салшгүй холбоотой бөгөөд эдгээр асуудлууд нь илүү сайхан маргаашийг бий болгоход хувь нэмэр оруулдаг. Бид үүнийг ухамсарлаж, энх тайван, хөгжилтэй, тогтвортой дэлхий ертөнцийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэх жендэрийн тэгш байдлыг хангахын төлөө хичээх ёстой. Энэ өдрийг тохиолдуулан үе үеийн төгсөгчиддөө баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэн ерөөе.