< Өмнөх хуудас руу буцах

Төгсөгчдийг Угтан Авах үйл ажиллагаа

Нийтэлсэн: 2021-11-29

Alumni, Experience, Impact,

Австралийн тэтгэлгээр магистрын зэргийн сургалтыг дүүргээд, эх орондоо эргэн ирсэн 27 төгсөгчдийг угтан авах арга хэмжээ 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр болж өнгөрлөө.

Эдгээр 27 төгсөгчид нь сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин, шинжлэх ухаан, боловсрол, хөгжил судлал, хэрэглээний статистик, инженерчлэл, нийгмийн эрүүл мэнд, мэдээлэл технологи, эрүүл мэндийн удирдлага, эконометрик, банк санхүү зэрэг олон чиглэлээр суралцсан.

Австралийн Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Дэйвид Прэстон тус арга хэмжээг албан ёсоор нээж төгсөгчдөд баяр хүргэн, Австралийн боловсролоос олж авсан ур чадвар, мэдлэгээ ашиглан өөрсдийн хүрээллээ тэлж, мөрөөдлөө биелүүлэхийг уриаллаа. Тэрээр Австралийн тэтгэлгээр олж авсан ур чадвар, мэдлэг, туршлага нь тэднийг мэргэжлийн болон хувь хүний ​​хувьд цаашид улам их өсөн дэвжихэд тусална гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Тэрээр төгсөгчдийн санал санаачлагыг дэмжиж ажиллахаа илэрхийлж, төгсөгчдийн дунд зохион байгуулдаг Эмэгтэйчүүдийн Манлайллын Хөтөлбөр, Богино хугацааны сургалтууд, Монгол-Австралийн нийгэмлэгийн (Моззис) үйл ажиллагаа болон бусад боломжуудын талаар онцлов.

Төгсөгчид Австралийн тэргүүлэх их сургуулиудад суралцсан туршлага, цаашид Австрали улсаас олж авсан мэдлэг туршлагаа ашиглан нийгмийн хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулах талаар хэлэлцэв. Санхүү эдийн засгийн их сургуулийн Бакалаврын сургалт, судалгаа хариуцсан проректор, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч Б.Мөнхзаяа өөрийн туршлагаасаа хуваалцаж, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд бодлогын өөрчлөлт, шинэчлэл хийхэд шаардлагатай мэдлэг, туршлагыг хуримтлуулснаа онцлон тэмдэглэв. Түүнчлэн Маккуари их сургуулийн төгсөгч, Үндэсний статистикийн хорооны Тооллого, өгөгдлийн шинжилгээний газрын дарга Ш.Ариунболд Австрали улсад суралцсан  туршлага, анхны сэтгэгдэл, академик сургалтын орчин, заах арга зүй, Австралид үүсгэсэн харилцаа холбоо, хуримтлуулсан ажлын туршлагаасаа хуваалцлаа.

Тус арга хэмжээнд Монголын Зэрлэг Амьтан Судлах Хамгаалах Төв, ЛГБТ Төв, Санхүү Эдийн Засгийн их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургуулийн төлөөлөл оролцож, төгсөгчдөд баяр хүргэн, амжилт хүслээ.

Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн захирал Л. Энхтүвшин “Буцаан байршуулах төлөвлөгөөг” (Австралийн тэтгэлэгт өргөдөл гаргахад шаардагдах бичиг баримт) хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар танилцуулав. Тэрээр Даян Дэлхийн Төгсөгчидийн сүлжээ, Моззис болон Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөс санал болгодог мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн хөтөлбөрүүд, харилцаа холбоо хамтын ажиллагаагаа сайжруулах, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах боломжуудын талаар мэдээлэл өгөв.

Танилцуулгын дараа оролцогчидод ирээдүйн төлөвлөгөөнийхөө талаар яриа өрнүүлэх боломж олдсон төдийгүй Австрали Улсын тухай асуулт хариултын хөгжөөнт тэмцээнүүдээр мэдлэгээ сорив.