< Өмнөх хуудас руу буцах

“Австралиас Суралцахуй” чуулга уулзалт зохион байгууллагдлаа.

Нийтэлсэн: 2020-01-31

Австрали улсын ууган их сургууль болох Сиднейн Их Сургуульд суралцдаг Монгол оюутнуудын санаачлагаар болон Сиднейн Их Сургуулийн дэмжлэгтэйгээр тус сургууль дахь Монголчуудын нийгэмлэг 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр албан ёсоор үүсгэн байгуулагджээ. Энэхүү нийгэмлэг нь тус сургуульд суралцаж буй 20 гаруй Монгол оюутны бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж эхлээд байгаа юм байна. Тус нийгэмлэг нь Монгол оюутнууддаа тусалж дэмжих, тэдний хамтын ажиллагаа, оролцоог сайжруулах үндсэн зорилготойгоос гадна Сиднейн Их Сургуулийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа томоохон арга хэмжээнүүдийн талаар Монголчууддаа мэдээлэл хүргэх зорилготой ажээ.

Тэд хамгийн анхны үйл ажиллагаагаа нэлээд өргөн цар хүрээтэй үйл ажиллаагаар эхлүүллээ. Тухайлбал “Австралиас суралцахуй” чуулга уулзалтыг 2019 оны 11 дүгээр сарын 30-ны Бямба гарагт Сиднейн Бизнесийн Сургууль дээр амжилттай зохион байгууллаа. Чуулга уулзалтын зорилгын хувьд Австрали улсад суралцаж амьдарч буй оюутнууд, мэргэжилтнүүд тус орноос олж авсан мэдлэг, туршлагаа солилцож, Монголд хэрэгжүүлж болох санаануудын талаар оролцогчидтой харилцан ярилцах боломжийг олгосноороо онцлогтой боллоо.

Тус чуулга уулзалтад UNSW, University of Sydney, University of Canberra, Curtin University, Flinders University, University of Technology Sydney зэрэг Австралийн томоохон нэр хүндтэй их сургуулиудад мастер, докторт амжилттай суралцаж буй Монгол залуучууд Perth, Adelaide, Canberra зэрэг хотуудаас зорин ирж, сонирхолтой илтгэл тавьсан бөгөөд чуулганд оролцогчид Австрали улсаас Монгол улсдаа нэвтрүүлэх боломжтой санаа, шийдэл, туршлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо хуваалцсан юм. Чуулга уулзалтаар хэлэлцүүлэгдсэн илтгэлүүд:

• “Гарааны бизнесээс сошиал энтерпрайз руу”​Д.Номин, Сиднейн Их Сургууль
• “Мэргэжил сонголтонд ‘The Access Platform’-ийг хэрэглэх нь”​А.Гэрэлмаа, Канберрагийн Их Сургууль
• “Авсрали улсын жишиг бүхий Хаягийн мэдээллийн нэгдсэн систем Монгол улсад байгуулах нь” Б.Галмандах, Куртины Их Сургууль
• “Монголын үндэстний үзэл ба үндэстний мөн чанар”​Б.Зандан, Сиднейн Их Сургууль
• “Ажлын байрны уян хатан нөхцлийг Монгол улсад нэвтрүүлэх санаанууд” Д.Балжинням, Fuji Xerox Australia
• “Чанартай, хүртээмжтэй, тогтвортой бүрэн дунд боловсрол бол улсын хөгжлийн үндэс” Б.Харашаш, Флиндэрс Их Сургууль
• “Хөхүүл ханиадын эсрэг вакциныг эхийн хэвлийд байх үеэс нь эхлэх Австрали улсын жишиг” Б.Хулан, Шинэ Өмнөд Уэльсийн Их Сургууль
• “Хүнд металлаар бохирдсон хѳрсийг электрокинетик хѳрс нѳхѳн сэргээх аргаар цэвэршүүлэх” Г.Намуун, Сиднейн Технологийн Их Сургууль
• “Дижитал шилжилтийн боломжоос хүртэхүй” З.Гантогоо, Сиднейн Их Сургууль
Уг чуулга уулзалтанд Австрали улс сурч ажиллаж байгаа 140 гаруй оюутан залуус хүрэлцэн ирж, үйл ажиллагаанд идэвхтэй оролцож санал бодлоо чөлөөтэй хэлэлцүүллээ.

Оролцогчдын хувьд сэтгэгдэл өндөртэй байсан бөгөөд дараа дараагийн жилүүдэд уламжлал болгон зохион байгуулах талаар санал хүсэлтээ илэрхийлж байсан юм.

Австрали дахь Монголын элчин сайдын яам, Австрали дахь Монголчуудын Холбоо, SBS радио, Оюунлаг төв, Австрали дахь Монгол Оюутан Залуучуудын холбоо, ноён А.Түвшинжаргал тус үйл ажиллагааг санхүүгийн болон бусад зүйлсээр дэмжин оролцож залуусын санал санаачилгыг бодитой ажил хэрэг болгоход дэмжиж ажиллалаа.