< Өмнөх хуудас руу буцах

Эмэгтэйчүүдийн Манлайллын Хөтөлбөр - Мэдээ 2019

Нийтэлсэн: 2019-05-15

Манлайллын ур чадварыг нэмэгдүүлэх зорилго бүхий Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөр нь найман сарын турш хэрэгжиж, 2019 оны 5 сарын 10-ны өдөр Блюфин ресторанд хаалтын үйл ажиллагаагаа зохион байгууллаа. Уг төгсөлтийн арга хэмжээнд Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Дэйв Воусэн, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн удирдагчийн түр үүрэг гүйцэтгэгч ноён Саймон Фрэйзер, Зориг сангийн гүйцэтгэх захирал хатагтай Баяраагийн Цолмон нар хүрэлцэн ирж хөтөлбөр амжилттай хэрэгжсэнд баяр хүргээд, энэ жилийн 20 оролцогчдод хандан нийгмийн хөгжлийн төслүүдийг өндөр түвшинд хэрэгжүүлэн, хүн бүр хүчин чармайлт гарган, үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал дэвшүүлэв.

 

Photo 2: WLP Cohort 5 participants

Photo 3: Networking dinner;

Энэхүү нийгмийн хөгжлийн төслийг жил бүрийн Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөрийн оролцогчид багт хуваагдан хэрэгжүүлдэг ба 2019 оны хөтөлбөрийн хүрээнд төслийн оролцогчид Монголдоо анхдагч Иргэний номын сан, эмэгтэйчүүдийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн Эмэгтэйчүүдийн эдийн засгийн хүчирхэгжүүлэлт, амьдралын эрүүл хэв маягийг хэвшүүлэхэд чиглэсэн Эрүүл иргэдийн клуб, аутизмын эмгэгийн талаар бодит мэдээллийг олон түмэнд түгээх зорилготой Аутизмын вэб сайт гэсэн дөрвөн төслийг амжилттай хэрэгжүүлж төгсөлтийн үйл ажиллагааны үеэр үр дүнгээ зочдод тайлагнасан юм. Оролцогчид өөрсдийн тайландаа төслүүдээс их зүйл сурснаа мөн нийгэмд эерэг өөрчлөлт авчрахад хүн бүрийн оролцоо ямар чухал болохыг олж мэдсэнээ онцолж тэмдэглэв.

Үүний зэрэгцээ, хөтөлбөрийн 10 оролцогч 5-р сард Aвстралийн Брисбан хотод хэрэгжих хоёр долоо хоногийн эрчимжүүлсэн манлайллын хөтөлбөрт оролцохоор шалгарсан ба тус эрчимжүүлсэн сургалт нь оролцогчдын Монголдоо олж авсан мэдлэгийг бататгаж, багаар ажиллах, нөлөөлөх, манлайлагч байхын тулд хувь хүн тус бүрийн онцлогт тохирсон манлайлах ур чадвараа гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чиглэгддэг юм. Мөн Австралийн тэргүүлэх байгууллагын манлайлагчидтай холбоо тогтоох, Монгол, Австралид хуримтлуулсан туршлагаа харьцуулан жиших, цаашид хоёр орны соёлын гүүр байх боломж бүрдүүлэхийг эрмэлздэг.